Харри Кейн хет трик толилуулж, Англи гурав дахь хожлоо авлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-09-08

Европын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд болж байгаа билээ. Өнгөрсөн шөнө А хэсэгт багтсан Английн шигшээ баг талбайдаа Болгарыг хүлээж авч, гурав дахь тоглолтоо хийлээ. Энэ хэсгийн ихэнх баг 4-5 тоглолт хийсэн. Ганцхан Английн шигшээ л гурван тоглолт хийгээд байна. Гэхдээ тэд гурван тоглолтод бүгдэд нь хожиж, 9 оноотой хэсгээ тэргүүлж байгаа юм. 

Энэ удаагийн тоглолтод "Тоттенхэм"-ийн довтлогч Харри Кейн гангарч, хет трик толилуулсан. 24, 49, 74 дэх минутад Кейн гурван гоол оруулсан бол Стерлинг 55 дахь минутад нэгийг нэмж, 4:0-ээр өрсөлдөгчөө буулгаж авлаа.  

Энэ хэсгийн нөгөө тоглолт Косово болон Чехийн шигшээн хооронд болж, талбайн эзэд өрсөлдөгчөө 2:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр Косово 4 тойргийн дараах байдлаар 8 оноотой хоёрдугаар байрт бичигдэж байна. Харин Чех 6 оноотой гуравдугаар байрт. Тоглолтын 16 дахь минутад Чехээс Шик гоолдсон. Гэвч 20 дахь минутад Мурики тэнцүүлсэн бол Войвода 66 дахь минутад хожлын гоол оруулжээ.