ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Даргын машиныг тоно

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-09-09

Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэг төлөөлөгчийн машины яндангийнх нь хүрээг хулгайч нар туучихаж.  Яндангийнхаа хүрээг туулгасны дараа “эрхэм” төлөөлөгч 2020 оны орон нутгийн төсөвт суулгах төслийн санал асуулгын жагсаалтын тэргүүнд иргэдийн аюулгүй байдал, эд хөрөнгө, амь насыг гэмт хэргээс хамгаалах асуудлыг тусгаж өгч.

Энэ ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 16 хороонд шаардлагатай газруудыг камержуулах ажлыг ч хөөцөлдөхөөр болж.  Манай хулгайч нар ийм ухаантай. Даргын, төлөөлөгчийн машиныг тоновол иргэдэд хэрэгтэй ажил хийх урам зориг тэдэнд өгнө гэдгийг мэдчихсэн байна.

Энэ мэргэн санаагаа дүүргийн төлөөлөгчийн машиныг тонож эхлүүлж. Үр дүнд ч хүрэх магадлал байна. “Ухаантай хулгайч”-ын буянаар нэг дүүргийн 16 хороо камертай болох магадлалтай боллоо.  Хэрвээ энэ ажил бүтээд, 16 хороонд камер тавьчихдаг юм бол төлөөлөгчийн машины янданг мулзалсан буянт үйлс чинь дэлгэрлээ гэсэн үг. Цаашид энэ буянт ажлаа үргэлжлүүлмээр байна аа.

Тэгэхдээ зиндааг нь жаахан ахиулж, нийслэлийн төлөөлөгчийн машиныг тоно. Бүр чадвал УИХ-ын гишүүдийн хувийнх нь машиныг толийг, дугуйг нь авсан ч болж байна.  Улаанбаатар хотод олигтой камертай газар цөөхөн байгаа. Тэгээд ч нийслэлд байгаа нийт камерын 40 хувь нь шаардлага хангадаггүй юм билээ. Тэгвэл таны хулгай хийсний буянаар нийслэлийн иргэд ядаж л камертай хотод амьдрах боломжтой болох нь. Нэг зүйлийг сануулъя, даргын машиныг л тонодог юм шүү.