ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ТАСС: Монголоор дамжуулан Хятад руу хий нийлүүлэх асуудлыг судалж байна

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-09-11

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Газпром”-ын тэргүүн Алексей Миллертэй уулзахдаа Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан Ямалаас БНХАУ-д хий нийлүүлэх асуудлыг судалж үзэхийг үүрэг болгосон тухай “ТАСС”, “Ройтерс” зэрэг агентлаг мэдээлжээ.  ОХУ-ын төрийн тэргүүний үзэж буйгаар  баруун чиглэлээр хий нийлүүлэхэд шаардлагатай нөөцийг бүрдүүлэхийн тулд Эрхүү муж, Красноярскийн хязгаар болон Ямал дахь хийн нөөцийг шалгах шаардлагатай аж. Тэрбээр “Энэ чиглэл хэцүү”  боловч “хэрэгжүүлэх бүрэн боломжтой” гэдгийг   онцлон тэмдэглэжээ. “Сибирийн хүч” хий дамжуулах хоолойгоор арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн Оросын хийг Хятадад нийлүүлж эхэлнэ гэдгийг “Газпром”-ын тэргүүн мэдээлсэн байна. “Хий экспортлогч дэлхийн хамгийн том орноос хамгийн том импортлогчид нийлүүлж байгаа учраас энэ нь түүхэн үйл явдал болно” гэж Миллер нэмж хэлжээ. Түүний хэлснээр, 30 жилийн хугацаанд Хятадын зах зээлд нэг их наяд шоо метр хий нийлүүлэх аж. 

Мөн “Хятадын зах зээл нь дэлхийн хамгийн динамиктай, хамгийн хурдан хөгжиж буй зах зээл юм. Москва болон Бээжин одоогийн байдлаар БНХАУ-д өөр чиглэлээр хий нийлүүлэх боломжийг судалж байгаа” хэмээн  тэрбээр мэдээлсэн байна. 

 

Монголын хоёр хөхөө хэдэн мянган км-ыг туулж Энэтхэгт хүрчээ 

“www.hindustantimes.com”  сайтад Намжаа, Онон гэх нэртэй хоёр хөхөө шувуу манай улсын хойд хэсгээс нисч, хэдэн мянган км замыг туулан Энэтхэгт хүрсэн талаар мэдээлжээ. Тус сайтад мэдээлснээр өнгөрөгч зургадугаар сард эрдэмтэд хоёр хөхөөг сонгон байршил дамжуулагч төхөөрөмж суурилуулсан байна. Энэ нь шувуудын аялал болон нүүдлийг судлах зорилготой аж. Шувууд Энэтхэгт аравдугаар сарын сүүл үе хүртэл байрласныхаа дараа Арабын тэнгисийг гаталж, Зүүн өмнөд Африкт хүрэн тэндээ өвөлжинө гэдгийг эрдэмтэд хэлж байна. “Намжаа, Онон хоёр одоо Мадяпрадешт байгаа. Есдүгээр сарын 7-нд Намжаа Чхатарпур хотоос урагш 50 км-т байсан.  Байгаа орчин нь жижиг толгод шиг харагдсан. Харин Онон Гвалиороос зүүн урагш 18 км-т байсан” хэмээн Британийн байгаль хамгаалагч Тэрри Тауншенд ярьжээ. Тэдэнд байршил тогтоох төхөөрөмжийг зургадугаар сарын 4-8-ний хооронд Хурх шувуу бөгжлөх сууринд суулгасан байна. 

Хөхөөнүүдэд орон нутгийн сургууль нэр өгчээ. Намжаа гэдэг нь Монголын ардын аман зохиолчийн нэр бол Онон нь голын нэр гэнэ. “Шувуудын шилжилт хөдөлгөөний талаархи шинжлэх ухааны шинэ мэдээлэл цуглуулах зорилгоор шувуудад төхөөрөмж суурилуулсан. Шувуудыг ажигласнаар тэдний аялал, амьдрах орчины талаар илүү ихийг мэдэж, тэднийг хамгаалах боломжтой болно” гэж Тэрри Тауншенд нэмж хэлэв. 

Намжаа, Онон нарын хөхөөнөөс гадна өөр гурван хөхөөнд ч байршил тогтоогч суурилуулсан байна. 

 

Монгол  булшнаас луун олдвор олдов

Хятадын археологичид Монголын нутаг дэвсгэрт хамтарсан малтлага хийх явцдаа нэгэн булшнаас алт, мөнгө, хүрэл, хаш, модон олдворууд олсон бөгөөд тэдний дунд хоёр мөнгөн луун баримал байсан аж. 

Монголын төвийн бүсийн хойд хэсэг дэх Хүннүгийн язгууртны булшны малтлагын ажил эдүгээ гурав дахь жилдээ үргэлжилж байна. Долдугаар сард Хятад, Монголын хамтарсан баг 400 булшны нэг болох М189 дугаартай булшинд малтлага хийсэн бөгөөд түүнээс алтадсан мөнгөн луунууд олжээ. 

“Луунууд тус бүр нь найман см урт. Сүүлээ унжуулж, арагш харсан маягаар бүтээсэн байх бөгөөд Хан гүрний үеийн шинж чанарыг агуулсан байна” хэмээн Хятадын археологичдын багийн ахлагч Лан Ванли мэдээллээ. 

Лууны эвэр, нүд, шүд, өд зэргийг маш нарийн дүрсэлсэн байна. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар тэдгээр лууг гоёл чимэглэлийн хайрцагт хийсэн байсан тул гоёл чимэглэл байх магадлалтай гэнэ. Лан Ванли “Алтадмал хоёр луу нь зөвхөн соёлын солилцооны олдвор төдий бус Төв болон Умард Хятадын хоорондын харилцааг харуулж байна. Үүнээс гадна булшны эзэн Монголын нийгэмд өндөр байр суурьтай байсныг гэрчилж буй хэрэг” хэмээжээ. Хан гүрний үед Хүннү болон Хятадын эзэнт гүрний хооронд хэд хэдэн удаа мөргөлдөөн болж байсан аж. Тус булшнаас луун баримлаас гадна хаш дэгээ, модон аяга, морины бэхэлгээ, гэр ахуйн хэрэгсэл, зэр зэвсэг олдсон байна. 

Үүнээс гадна авсны хамгийн доод хэсэгт даавуу дэвсэж, дээр нь шар будаа, багахан хэсэг цагаан уул ургамал хийж, мөн л даавуугаар бүтээн дахин шар будаа, модны үртэс, нүүрс гэх мэт зүйлсийг хийх маягаар олон давхарга үүсгэсэн байжээ. Энэ нь Хүннүгийн үеийн булшнаас анх удаагаа илэрч байгаа юм байна.