ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шалгалтаар "Mobicom", "Unitel" компаниуд үйлчилгээний үнээ нэмсэн байсан

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-09-11

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар олон нийтэд мэдээлэл хийлээ. Тус газар энэ сарын 10-аас аравдугаар сарын 5-ны өдрийг хүртэл “Ахмад настан хэрэглэгч” нэгдсэн арга хэмжээг эхлүүлсэн аж. Энэ хүрээнд ахмад настнуудын эрх үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхэд болон бусад хэлбэрээр зөрчигдөж байгаа эсэхийг шалгахаар болжээ. Энэ талаар  ШӨХТГ-ийн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам хэлэхдээ  “Монгол Улсын нийт хүн амын 6.7 хувь буюу 333 мянга орчим нь ахмад настан. Түүнээс 133 мянган нь Улаанбатар хотод оршин сууж байна. Энэ утгаараа бид аяны хүрээнд НЗДТГ болон Нийслэлийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах салбар зөвлөл, ААН-үүдтэй нягт хамтран ажиллах юм. Мөн Монголын ахмадын холбоо болон ЭМЯ, ЗТХЯ, ХНХЯ зэрэг бусад байгууллагын хэрэглэгчийн эрхийг хамгаалах салбар зөвлөлүүд нэгдсэн журмаар ахмадуудад чиглэсэн сургалт зохион байгуулж, гарын авлага гаргахаар ажиллаж байна.

Аяны хүрээнд бид Ахмад настан хэрэглэгч гэсэн сэдэвчилсэн хэлэлцүүлгийг зохион байгуулах бөгөөд манай байгууллага болон холбогдох яамдын түвшинд тодорхой хяналт шалгалтын ажлуудыг зохион байгуулна. Үүнд,  Ахмад настнуудын амралт, сувиллын хүртээмжтэй холбоотой болон Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, шүдний протезтэй холбоотой хяналт шалгалтууд хийгдэнэ. Түүнээс гадна эрүүл мэндийн даатгалаар ахмад настанд эмийн үйлчилгээ хүргэж чадаж байгаа болон нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих эрх нь хэрэгжиж байгаад шалгалт хийнэ. Хэрэглэгчийн мэдээллийн төвд 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэй хэрэглэгчид буюу ахмад настнуудаас аливаа бараа бүтээгдэхүүний талаар үйлчилгээний байгууллагууд тайлбарлаж өгдөггүй гэсэн гомдол их ирдэг. Ялангуяа тухайн ахмад настан гар утас худалдан авахад түүний талаар тодорхой тайлбар хэлдэггүй. Энэ байдлаас улбаалан тухайн иргэн худалдаж авсан бараагаа буцаах үйлдэл гаргах нь элбэг. Тийм учраас худалдаа, үйлчилгээний байгууллагууд Ахмад настны тухай хууль болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлж ажиллах нь чухал байна. Тиймээс бид энэхүү аянаараа дээрх хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор ААН байгууллагуудтай мөн хамтарч ажиллана” гэдгийг  хэллээ.

Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид зарим асуултанд хариулт авлаа. 

-Иргэдээс ирсэн бусад гомдлын талаар мэдээлэл өгөөч. Тэднийг хэрхэн шийдэж байгаа вэ? 
-СӨХ-той холбоотой гомдол олон ирж байгаа. СӨХ-д зөвшөөрөл өгч буй төрийн байгууллагуудтай холбоотой ажиллаж байгаа ч, хариуцлага тооцох хууль тодорхой бус байна.  Мөн Харилцаа холбооны зохицуулах хороо маш хариуцлагагүй ажиллаж байна. Бид өнгөрсөн хугацаанд "Mobicom", "Unitel"-д шалгалт хийсэн. Гэнэт үйлчилгээндээ өөрчлөлт оруулдаг, Data багцаа, үнээ өөрчилдөг зэрэг зөрчил их гарлаа. Эдгээрт зөрчлийн хэрэг үүсгэж, холбогдох торгуулийг ногдуулсан.  Харилцаа холбооны зохицуулах хороо энэ асуудлыг дахин гаргахгүй байхад анхаарал тавина гэдэгт итгэлтэй байна. 

-Банкны салбарууд иргэдийн эрхийг зөрчдөг. Үүнийг шалгаж байгаа юу?
-Банкны асуудлыг Монголбанк шалгах үүрэгтэй. Гэвч үүргээ биелүүлэхгүй байгаа тохиолдолд иргэд манай байгууллагад ханддаг. Энэ тохиолдолд гомдлыг барагдуулахыг шаардсан тодорхой хугацаат бичгийг тухайн байгууллагад хүргүүлдэг. 

-Чанаргүй шатахууны асуудлаас эхлээд хэрэглэгчдийн эрхийг хамгаалж чадаагүй олон тохиолдол байна. ШӨХТГ хэрэглэгчдийн эрхийг хамгаалж чадахгүй байна. Татан буугдсан нь дээр биш үү?
-Манайх ердөө долоон байцаагчтай. Долоон байцаагч бүх гомдол дээр ажиллахад хүрэлцдэггүй. Эрчим хүч, шатахуунтай холбоотой асуудалд удаа дараа шалгалт хийсэн. Чанарын шаардлага хангаагүй шатахуун борлуулсан газруудын асуудлыг шүүхээр шийдвэрлээд явж байна.