ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ТБХ: Улстөрчдийг гадаадад эмчлүүлэхийг хориглосон хуультай болох ёстой

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-09-12

УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр /2019.09.12/ хуралдаж, Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцжээ. Мөн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ. 

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Эрүүл мэндийн салбарт хэрэгжих төсөл бол хүн амын эрүүл мэндийг хамгаалах чиглэлд анхаарч буй нийгмийн асуудал юм. Энэ төслийн үр дүн нь анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээний чадамжийг сайжруулах, үйлчилгээг сайжруулах чиглэлд ажиллаж байгаа. Төслийн хүрээнд эхний ээлжинд зургаан өрхийн эмнэлгийг жишиг болгохоор ажиллаж байна” гэсэн юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Энд тэнд эмнэлгүүд баригдаж, ашиглалтад орж байна. Байшин барилгын ажил болж байна. Тоног төхөөрөмж шинэчлэх, олгох чиглэлд анхаарч, ирэх онуудын төсөв дээр суулгах нь зөв болов уу. Мөн эмнэлгүүдийг төрөлжүүлж, бүх улстөрчдийг гадагшаа явж эмчлүүлэхийг нь хориглох хууль баталбал эрүүл мэндийн салбар хөгжинө” гэлээ.

Ийнхүү олон улсын гэрээний хэлэлцээрүүдийг хэлэлцэж санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.