Н.Анударь залуучуудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-09-16

“Таллин-2019” чөлөөт бөхийн залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тав дахь өдөр эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд  "Хилчин" спорт хорооны тамирчин, спортын мастер Нандинцэцэгийн Анударь Монголын багийн цорын ганц мөнгөн медалийг эх орондоо авчирлаа. Энэ нь Монголын чөлөөт бөхийн тамирчдын залуучуудын ДАШТ-ий 11 дэх мөнгөн медаль болж байна.

Залуучуудын ДАШТ-д хоёр дахь удаагаа зодоглосон тэрбээр өчигдөр эхний даваанд гоц мөргөж, 1/4 шигшээд Казахстаны Ассилзат Сагымбайг 10:0-ээр, хагас шигшээд БНХАУ-ын Мей Дулажиг 12:9-өөр  ялсан. Тэгвэл өнөөдөр алтан медалийн төлөөх барилдаанд өнгөрсөн жилийн Будапештийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга Японы Харүна Окүнад 2:7-гоор ялагдаж, мөнгөн медаль хүртлээ.