ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Говийн чоно-2019” дадлага сургуульд 20 гаруй орон оролцож байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-09-16

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургуулийг Дорноговь  аймагт зохион байгуулж байна. Дадлага сургуулийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Нээлтэд  Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, ОБЕГ-ын дэд дарга, сургуулийн удирдагч, хурандаа Б.Ууганбаяр, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майкл Л.Келечески, АНУ-ын Энэтхэг, Номхон далайн командлалын Номхон далайн хүрээг хариуцсан газрын дарга, доктор Жон Вүүд тэргүүтэй албаны хүмүүс оролцов. Шадар сайд Ө.Энхтүвшин нээлтийн үеэр хэлэхдээ “Говийн чоно-2019” олон улсын сургалт дадлага сургуулийг бүсийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, харилцан хамтын ажиллагааг жигдрүүлэх зорилгоор 8 дах удаагаа зохион байгуулж байна. Монгол орны дэд бүтэц, уул уурхай, үйлдвэрлэл хөгжсөн Дорноговь аймгийг түшиглэн гамшгийн хор уршгийг арилгах, хариу арга хэмжээг төлөвлөх, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар хэлэлцэж, харилцан туршлааа солилцож байгаа билээ. Иймээс та бүхэн мэдлэгээ дээшлүүлэх, сурч мэдэхийг хичээх, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагаагаа сайжруулах, бэлэн байдлыг нэмэгдүүлэх талаар хичээж оролцохыг хүсье” гэлээ. Дадлага сургуульд Монгол, АНУ-аас гадна Австрали, Канад, Франц, Нипаль, Турк, Их Британи, Бангладеш, Индонези, Казахстан, Киргизстан зэрэг 21орон, НҮБ-ын төрөлжсөн агентлагийн төлөөлөл болон гамшгийн эрсдэлийн бууруулах чиглэлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагууд, болоод Өмнөд Бүсийн төв Өмнөговь, Дорноговь, Зүүн бүсийн төв Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр аймгуудын Онцгой комисс, Онцгой байдлын газрууд, Үндэсний аврах бригад, Нийслэлийн Онцгой байдлын газар, Дотоодын хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургууль, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын нийт 500 гаруй төлөөлөл оролцож байна.

“Говийн чоно 2019” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургууль нь “Орон нутгийн чадавх ба бүс нутгийн харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд танхимын, академик болон болзошгүй гамшгийн хор уршгийг арилгах дууриалган үзүүлэх дадлага сургууль болоод орон нутгийн гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөг турших, гамшиг, аюулт үзэгдэл ослын бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах удирдах бүрэлдэхүүний  команд штабын сургууль гэсэн 4 чиглэлээр 21 төрлийн сургалт зохион байгуулах юм байна. Дадлага сургуулийн үеэр Монгол, Америкийн аврагчид хамтран газар хөдлөлтийн гамшгийн үед нурсан барилгаас нэрвэгдэгсдийг аврах, үйлдвэрийн барилгад гарсан химийн осол болон галт тэрэгний ослын үед аврах ажиллагааны дадлага сургуулийг зохион байгуулах аж. Мөн Сайншанд сумын иргэдийг нүүн шилжүүлэх, хээрийн хүн, мал эмнэлэг дэлгэх  дадлага сургуулиуд энэ сарын 21-нд болох юм.