ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Замын цагдаагийн гүүрэн замыг нээлээ

O.Admin
2019-09-16

Олимпын гудамж, Их Монгол улсын гудамжийг холбосон буюу Замын цагдаагийн уулзварын гүүрэн замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг өнөөдөр нээж, нээлтийн ёслол хийлээ.  Дөрвөн эгнээ, 477 метрийн урттай, төмөр бетон гүүрэн замыг  БНХАУ-ын Засгийн газрын 42.38 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барьж буй тус гүүрэн гарцын барилгын ажлын гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын "20 дугаар товчоо" групп ажилласан юм.

Гүүрэн замын нээлтийн ёслолд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм.  Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “1.5 сая хүн амтай түүнийхээ гуравны нэгтэй тэмцэх хэмжээний 500 гаруй мянган автомашинтай нийслэл хотод бид мөр зэрэгцэн ажиллаж, амьдарч байна. Бидэнд тулгамдсан олон асуудал бий. Тэдгээрээс агаарын бохирдол автомашины түгжрэлд та бидний эрүүл мэнд, хөрөнгө мөнгө, цаг хугацааны дайсан болсон гэж хэлэхэд хилсдэхгүй.

Монгол Улсын Засгийн газар нийслэлийн удирдлагын хэмжээнд эдгээр асуудлуудыг шийдвэрлэхийн тулд шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Монгол Улсад шинэ дэвшилтэт технологи, хийц шийдэл бүхий олон түвшний огтлолцдог гүүрэн зам барих ажлын захиалагчаар нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн авто замын хөгжлийн газар, гүйцэтгэгчээр “Хятадын төмөр замын 20-р товчоо корпораци”, хяналтын зөвлөхөөр "Ростов" ХХК ажиллаж байна.

Өнөөдөр үндсэн зорчих хөдөлгөөнийг нээж буй энэхүү байгууламжийн хувьд 470 метр урт, дөрвөн  эгнээ, зорчих хэсэг бүхий үндсэн гүүр болон A, B, C рампууд, Сэлбэ гол дээрх гүүр, нийт 1,1 км гүүрэн байгууламж, 2,5 км авто зам гэрэлтүүлэг, гэрлэн дохио, явган зам, явган хүний гүүр, ногоон байгууламжаас бүрдэнэ. Энхтайваны гүүрний замын хөдөлгөөний ачааллын бууруулж, Замын цагдаагийн газрын уулзварын түгжрэлийг 30 хувиар бууруулах боломжтой” хэмээлээ.

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол Улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойтой давхцан энэ сайхан бүтээн байгуулалт ашиглалтад орж байгаад маш их баяртай байгаа. Хамгийн гол нь энэ гүүрийг барьж байгуулсан хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа нийслэл иргэдийнхээ өмнөөс хэлэхийг хүсэж байна. Дутуу, дулимаг зүйлүүдээ ойрын хугацаанд, энэ ондоо багтааж хийгээд дуусгачихвал нийслэлийн өнгө үзэмж, бөглөрөл, ард иргэдийг аюулгүй зорчиход ач тусаа өгнө” хэмээсэн юм.