ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Арван настнууд Үндсэн хуулиа унш

А.ОДСҮРЭН
2019-09-17

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэж, одоо ард нийтийн санал асуулга явуулахаар болоод байна. Монголын парламентчдын нэгэн түүхийн хэсэг болох учиртай энэ хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд юу хэлсэн болсон ямар акц үзүүлснийг та бид харсан. Энэ “үзүүлбэр”-ийн дараа бид гишүүдээс “Та Үндсэн хуулиа уншсан уу” хэмээн асууж, цувралаар нийтэлж байна. Эхний 20 гишүүн асуултад хариулсан. Тэд унших нь уншиж.

Гэхдээ бас “танай, таны шалгалтад уначихлаа” гэх нь ч байна. Харин нэг залуухан гишүүн бүр гуравдугаар ангидаа Үндсэн хуулиа уншсан гэнэ. Үеийнхнээсээ үнэхээр тасарчихсан  залуу юм. Мань мэт бол гуравдугаар ангидаа минутад 100 үг уншчих санаатай, хуулан  бичлэгээ зөв биччих санаатай багшдаа загнуулаад л явж байж. Монгол Улс дэлхийн газрын зураг дээр хаана байдгийг ч мэдэхтэй, үгүйтэй байлаа.  

Гуравдугаар ангийн жаал хүү гэдэг бидний төсөөллөөр Үндсэн хууль унших нь бүү хэл салхи сөрж зогсоод шээвэл өмд рүүгээ сарьчихна гэдгээ мэдэхгүй, товчхондоо хоёр хөлнийхөө дунд унжиж явдаг бор юмныхаа учрыг ч бүрэн гүйцэд ухаараагүй явдаг нас. Дээрх гишүүн маань гуравдугаар ангид байсан гэхээр 1994 онд уншсан болж таарлаа. Монгол Улсад цагаан морин жилийн хувьсгал гарч, нэг нийгэм нөгөө рүү дөнгөж шилжиж байсан цаг. Магадгүй Улсын бага хурлаар шинэ Үндсэн хуулийг баталсныг дуулаад, ирээдүйд улстөрч болно, улстөрч болсныхоо дараа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах цаг ирнэ гэж мэдэж байсан ч байж болох.

Аравхан настай хүү оюун ухааны, шатрын, спортын төрлөөр амжилт гаргаж, дэлхийд Монголын нэрийг дуурсгаж явааг сонсож байснаас биш хууль уншаад судалчихсан гэвэл хэр олон хүн итгэх бол. Гуравдугаар ангидаа биш гуравдугаар курстээ уншсанаа андуураад ярьчихсан уу, яасан. Түүх газарзүйгээ ч судалж эхлээгүй “Түмэн бодис”-оо дөнгөж судалж байсан үеийнхнээсээ тасарч Үндсэн хуулийг уншчихсан арван настан аргагүй л монгол төрийн түшээ болохоос яахав. Монгол түшээ ч мөн дөө.