ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Буриадууд сонгуулийг хүчингүй болгохыг шаардан жагсаж байна

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-09-17

Буриадад эсэргүүцлийн жагсаал үргэлжилсээр байна. Энэ сарын 8-нд болсон орон нутгийн сонгуулийн дараа тус хотод хэд хэдэн удаагийн эсэргүүцлийн жагсаал болсон бөгөөд ням гарагийнх хамгийн сүүлийнх нь байв. Улаан-Үд хотын захирагчийн сонгуулийн дүн энэ сарын 9 гэхэд тодорхой болсон. Тодруулбал, сонгуулийн комисс саналын хуудсыг 100 тоолж дуусахад нэр дэвшигч, Кремлийг дэмжигч, хуульч Игорь Шутенков 52.52 хувийн саналаар ялалт байгуулсан юм. 

Харин түүний өрсөлдөгчид болох “Коммунист” намын  Вячеслав Мархаев 36.58 хувийн дэмжлэг авсан бол бусад нь 10 хувийн ч санал авч чадаагүй аж. Буриадын Улаан-Үд хотод сүүлийн 12 жилийн хугацаанд анх удаагаа сонгуульд явагдсан нь энэ. Гэвч, сонгуулийн дүн гарсны дараа иргэд төв талбайд эсэргүүцлээ илэрхийлэн суулт зарласан юм. Жагсаал гурван өдөр үргэлжилж, эцэстээ есдүгээр сарын 11-ний шөнө цагдаагийн алба хаагчид жагсагчдыг тараахаар төв талбайд автобусанд хонож байсан жагсагчид руу утаат гранат шидсэн байна. 

Улмаар хүмүүсийн амьсгал боогдож, автобуснаас гарцгаажээ. Цагдаа нар тэднийг автобуснаас чирч буулгаж, эсэргүүцэл үзүүлсэн заримыг нь хэрцгийгээр зодсон байна. Тэдний дунд жирэмсэн эмэгтэй ч байжээ. Энэ явдлын дараа олон хүн эмнэлэгт хүргэгдэж, мөн 15 хүнийг баривчилсан байна. Үүнээс гадна, “В.Путиныг хөөхөөр” Алс дорнодоос Москва руу алхаж очсон Якут бөө Александр Габышевыг ч баривчилсан аж. 

Гэвч, энэ явдал эсэргүүцлийн хөдөлгөөнийг улам өдөөж, буриадууд төв талбайдаа илүү олуулаа гаран Якут бөөг суллаж, сонгуулийг хүчингүй болгохыг шаардан жагсах болжээ. 

Ард олны эсэргүүцэл, үүссэн нөхцөл байдлыг намжаахаар Буриадын дарга Алексей Цыденов ч “Юбилейны” цэцэрлэгт хүрээлэнд очсон ч, жагсагчид “Шившиг”, “Огцор”, “Дахин сонгууль” хэмээн хашгирч угтсан байна. Дараа нь өнгөрсөн сонгуулийн үеэр гарсан олон зөрчлийн видео бичлэгийг нийтэд үзүүлсэн бөгөөд Буриадын дарга тэдгээрийг эрх бүхий байгууллагад шилжүүлэхийг санал болгожээ.  

Жагсаалд оролцогч хуульч Байр Циренов “Бид эсэргүүцлээ илэрхийлж жагссан. Хүмүүсийг машинаас нь чирч буулган, зодож нүдэх ямар ч шалтгаан байгаагүй” хэмээн ярьсан байна. Сонгуулийн дүнг Коммунист намаас нэр дэвшсэн Вячеслав Мархаев мөн хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж. Тэрбээр энэ удаагийн сонгуулийг “Миний оролцож байсан сонгуулиудаас хамгийн бохир, будлиантай сонгууль боллоо” гэж мэдэгджээ. Энэ удаагийн жагсаал “Цагдаагийн хууль бус үйлдлийн эсрэг, шинэ шударга сонгуулийн төлөө” уриан дор явагдаж байгаа аж.  

Тэдний жагсаал Якутын бөөтэй мөн холбоотой. Учир нь сонгуулийн үр дүнд сэтгэл дундуур үлдсэн  Якут бөө  “В.Путиныг Кремлиэс хөөх зан үйл” хийхээр Москваг чиглэн алхаж явсан юм. Тэрбээр 2021 онд Москвад хүрэх зорилт тавьж, зам зууртаа сөрөг хүчнийхэнтэй уулзан жагсаал хийж эхэлсэн. Гэвч, түүнийг цагдаагийн алба хаагчид баривчилсан байна. Түүний үзэж буйгаар Оросын Ерөнхийлөгчийг гагцхүү бөөгийн хүчээр л дарагдах хар хүчтэй гэнэ. Юутай ч, буриадууд төв талбайдаа жагсаалаа үргэлжлүүлж, якут бөө болон жагсаалд оролцсон хүмүүсийг суллаж, сонгуулийг дахин явуулахыг шаардсаар байна.