Өнөөдөр Э.Сумъяа, Б.Болортуяа тэргүүтэй 4 бөх барилдана

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-09-17

“Нур-Султан-2019” бөхийн төрлүүдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн төрөл өнөөдөр эхэлнэ. Чөлөөт бөхийн эхний өдөр эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 72 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болно.  50 кг-д Ц.Намуунцэцэг, 53-т Э.Сумъяа, 55-д Б.Болортуяа, 72 кг-д Б.Оюунсүрэн нар барилдах юм. 

ОУХМ Ц.Намуунцэцэг тэгшитгэлд  ОХУ-ын Екатерина Полешуктай оноолт таарлаа. Түүнийг ялбал Болгарын Миглена Селишка, Шведийн Фредрика Петерссон нарын ялсантай хүч үзнэ.  Тэгвэл  ОУХМ Э.Сумъяа эхлээд Камеруны Эмилиенне Эссомбетэй барилдана. Түүнийг ялбал 1/8 шигшээд ЕАШТ-ий хошой мөнгөн медальт Грекийн Мариа Преволараки, Нидерландын Жессика Бласка нарын ялсан нь хүлээж байна. Э.Сумъяагийн зоонд дэлхийн хошой аварга Японы Майю Мүкаида, “Рио-2016” олимпийн хүрэл, ДАШТ-ий нэг алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медальт Шведийн София Маттссон, ДАШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт АНУ-ын Сара Хильдбрандт, Европын хошой аварга ОХУ-ын Стальвира Оршуш нар багтжээ.

 “Женко” клубийн тамирчин ОУХМ Б.Болортуяа 1/8 шигшээд Энэтхэгийн Лалитатай оноолт таарлаа. Түүнийг ялбал АНУ-ын Жакарра Винчестертэй шөвгийн наймд барилдах магадлалтай. Харин “Женко” клубийн тамирчин ОУХМ Б.Оюунсүрэн 1/8 шигшээд Азийн хошой аварга БНХАУ-ын Палиха Палихатай учраа таарав. Түүнийг ялбал шөвгийн наймд БНСУ-ын Ким Сёо Йонтой хүч үзнэ.