ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Буурай улсыг хүлэх “өрийн занга” буюу танил технологи

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-09-18

Эхлээд зам, барилга байгууламж гэх ашиггүй төслүүдэд гаднаас хөрөнгө босгох боломжгүй ядуу буурай орныг олно. Дараа нь томоохон дэд бүтцийг байгуулахад нь зориулж, санхүүжилт олгоно. Ингэхдээ тухайн зээлээр барих дэд бүтцийг өөрсдийн компани ажилчдаар бариулах бөгөөд буурай орны эдийн засагт ямар ч ашиг авчрахгүй өр л үлдээнэ гэсэн үг. Цаг хугацаа өнгөрөхөд тэдгээр орнууд авсан зээлээ төлөх боломжгүй болно. Улмаар зээлийн төлбөрт тухайн улсын стратегийн зарим хөрөнгө, газар нутгийг хяналтдаа авна. Энэ бол БНХАУ-ын өрийн урхинд оруулах бодлого. Дэлхийн олон олон эл урхинд аль хэдийнэ унасан бөгөөд манай улс ч эрсдэлтэй орнуудын тоонд зүй ёсоор багтчихаад байгаа юм. Том гүрнээс их хэмжээний зээл авах нь улс орны тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, хөгжилд хэрхэн сөргөөр нөлөөлдгийг хэдхэн улсын жишээгээр харуулав. 

Шри Ланк


БНХАУ-ын өрийн занганд унасан орнуудын хамгийн тод жишээг Шри Ланк гэж үздэг. 2017 оны арванхоёрдугаар сарын 9-нд Шри-Ланк улс Хамбантотын боомтоо гадаад өрийнхөө зарим хэсгийг чөлөөлүүлэх зорилгоор 99 жилийн хугацаагаар 1.12 тэрбум ам.доллароор Хятадад түрээслэхээр шийдвэрлэсэн юм. Үүнээс үүдэн тус улсыг БНХАУ-ын өрийн занганд оруулах дипломат бодлогын “хохирогч” гэж үзэх болсон хэрэг.

Шри Ланк 2006-2017 онуудад Хамбантот боомтыг барихаар БНХАУ-ын “Exim” банкнаас хэд хэдэн удаагийн зээл авчээ. Тухайн зээлийн эргэн төлөх хугацаа нь 15 жил. Аливаа хэлэлцээрт харилцан ашигтай байдлыг чухалчилдаг гэх Хятад Улс ч тухайн үеийн ханшнаас доогуур хүүтэй хөнгөлөлттэй зээл олгосон байна. Улмаар боомт ашиглалтад орсон ч, төлөвлөсөн шигээ ашигтай байгаагүй төдийгүй, алдагдал хүлээж, мөн зарим бондуудын төлбөр төлөх хугацаа нь дууссантай холбогдуулан гадаад валютын нөөцийн хомсдол үүсч,  өрөө төлж дийлэхгүйд хүрснээр Хамбантотын усан боомтоо их гүрний гарт атгуулахаас өөр сонголтгүй болжээ.   Гэхдээ энэ бол тус улсын өрийн “мөсөн уул”-ын зөвхөн орой хэсэг нь байв. Тодруулбал, Шри Ланкийн 2017 оны нийт гадаад өрийн ердөө 10 орчим хувийг л БНХАУ-аас авсан зээл эзэлж байжээ. 

Мальдив


БНХАУ-ын урьдчилж төлөвлөсөн өрийн занганд орсон дараагийн улс бол Мальдив. “Бүс ба зам” төслийн санхүүжилтээр Мальдивын нийслэл Мале хотын олон улсын нисэх онгоцны буудлыг Хулхумале нэртэй хиймэл аралтай холбосон хоёр км урт шинэхэн гүүрийг барьсан юм. Тухайн үед “Буурай улс оронд тулгардаг эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэж илүү их боломж олгож байна” хэмээн сурталчилж байсан гэдэг. Гэвч, эцэстээ боломж бус, дарамт болж хувирсан гэх шүүмжлэл гарч байв. Гүүрийг барихад Бээжин 210 сая ам.доллар зээлсэн гэх бөгөөд 2018 оны мэдээллээр Мальдив БНХАУ-д 1.4 тэрбум ам.долларын өртэй байна. Нэгэн танил технологи дурьдахад, Хятад тус улсад   гүүр, онгоцны буудлын өргөтгөлөөс гадна 7000 гаруй байшин барилгыг зээлээр барьж өгсөн байх бөгөөд үүнд нэг ч мальдив хүн ажиллаж, цалин аваагүй. Бүх бүтээн байгуулалтыг Хятадын компани, хятад инженерүүд хийжээ. Гэсэн ч, тэд эл өрөө төлөх л ёстой юм. Мальдив БНХАУ-ын анхаарлыг татах шалтгаан нь байршил. Тус улс Энэтхэгийн далай дахь гадаад худалдааны маршрутын уулзварт оршдог аж. 2014 оныг хүртэл Энэтхэг тус улсын худалдааны гол түнш байсан бол Ши Жиньпиний айлчлалын дараа хоёр улс чөлөөт худалдааны гэрээ байгуулж, импортын бүтээгдэхүүнд ногдуулах татварыг харилцан тэглэжээ. Гэсэн ч, энэ харилцаа Хятадад илүү ашигтай байв. Хятадын бизнесмэнүүд Мальдивын аялал жуулчлалын салбарыг атгах болсноос гадна Мальдивын БНХАУ руу хийх экспортоос 20000 хувь илүү бараа бүтээгдэхүүнийг тус улсын зах зээлд экспорложээ. Байдал цаашид хэрхэн өрнөх нь тодорхойгүй ч, Мальдивыг олон улсын шинжээчид Хятадын өрийн урхинд орсон хамгийн сүүлийн улс хэмээн тодорхойлж байна.

Жибоути улс


Африк дахь АНУ-ын цэргийн гол бааз байрладаг Жибоути улс ч Хятадын гарт өөрийн усан боомтоо алдсан байдаг. Хэдий Шри Ланкаас 2500 км хол орших ч, эл хоёр улс хоёулаа буцааж төлж чадахааргүй хэмжээний зээлийг БНХАУ-аас авч, эцэстээ  боомтын түлхүүрээ атгуулснаараа адилхан. “Бүс ба зам” төслийн хүрээнд Бээжин мөн л дэд бүтэц, төмөр зам, барилгыг тус улсад зээлээр барьж өгчээ. Ингэхдээ өнөөх л Хятадын компаниуд, хятад инженерүүд ажилласан гэдэг.  Улмаар Жибоути улс ДНБ-ийхээ 88 хувьтай тэнцэхүйц өрийг Хятадад тавьж, эцэстээ төлж дийлэхгүйн улмаас Доралех боомтоо өгсөн байна. Африкийн ядуу буурай хөгжил муутай тус улс юуны учир Хятадын сонирхлыг татав гэвэл стратегийн байршил нь юм. Үржил шимгүй, баялаггүй ч эл дэлхийн бүх тээврийн усан онгоцны гуравны нэг нь дамжин өнгөрдөг. Жибоути улсын хүн амын 70 хувь нь ядуу, 41 хувь нь туйлын ядуу амьдарч буй бөгөөд цаашид ч тус улсын гадаад өр нэмэгдэх хандлагатай байгаа аж. Олон улсын судлаачдын үзэж байгаагаар ойрын хугацаанд тус улсын өр ДНБ-ий 104 хувьд хүрч, эдийн засаг нь БНХАУ-аас бүрэн хараат болох эрсдэл үүсчээ. 

Тажикистан


Тажикистаны гадаад өрийн хэмжээ ДНБ-хээ 50 хувиас давж, зээлээ төлөхөд хүндрэл үүссэний улмаас гадаад өрийн зарим хэсгийг цуцлахын тулд Уулын-Бадахшаны тодорхой газар нутгийг БНХАУ-д шилжүүлсэн байдаг. Энэ бол 2013 оны явдал. Тус улс мөн л БНХАУ-аас эдийн засгийн хувьд хараат болсон юм. Бүс ба зам төслийн хүрээнд Тажикистаны хаа сайгүй Хятадын хөрөнгө оруулалтаар байшин барилга, гүүр, зам, үйлдвэрүүд, жижиглэн худалдааны зах, Дулааны цахилгаан станц хүртэл баригдсан байна. Гэвч, өрөө төлж дийлэхгүйн улмаас уулын хэсэгхэн газрыг өгөхөөр болжээ. Тухайн үед эрх баригчид нь хүн амьдрахад тохиромжгүй газар гэж үзсэн аж. Гэвч, Хятадуудын хувьд эсрэгээрээ тун ашигтай газар байв. Энэ нутаг уран, ховор эрдэс, үнэт металл зэрэг ашигт малтмалаа баян гэнэ. Түүнээс гадна хөрөнгө оруулалтыг дагаад хятадууд Тажикистанд олноороо очиж, зах зээлийг нь булаажээ.