“Ливерпүүл”, “Челси” Аваргуудын лигийг хожигдлоор эхлүүллээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-09-18

Европын Хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн 2019-2020 оны улирал эхэллээ. Өнгөрсөн шөнө E, F, G, H хэсгийн эхний тоглолтууд болсон юм. Тэгвэл Е хэсэгт багтсан  аваргыг хамгаалагч “Ливерпүүл” клуб Италийн “Наполи”-гийн талбайд зочилж, 2:0-ээр хожигдлоо. Өнгөрсөн улиралд хоёр баг мөн л нэг хэсэгт багтаж, “Наполи” талбайдаа 1:0-ээр хожиж байсан. 

Энэ удаад Мертенс 82 дахь минутад торгуулийн цохилтоос тооны харьцааг нээсэн. Харин Льоренте 90+2 дахь минутад “Ливерпүүл”-ийн хамгаалагчдын алдааг ашиглаж, дахин нэг гоол нэмэрлэсэн юм. Ингэснээр “Наполи” энэ хэсгээс гарах боломжоо улам нэмлээ. 

Нөгөө талд Австрийн “Ред Булл” клуб Бельгийн “Генк”-ийг талбайдаа хүлээж авч, 6:2-оор бутниргэлээ. Энэ тоглолтод Эрлинг Холанд  хэмээх 19 настай Норвеги хүү гангарч, 2, 34, 45 дахь минутад гурван гоол оруулж, хет-трик толилуулсан юм. Тэгвэл Хван Хи Чан 36, Собослаи 45, Ульмер 66 дахь минутад нэг нэгийг нэмэрлэжээ. Бельгийн багаас Лукуми 40, Саматта 52 дахь минутад нэг нэг гоол оруулсан.

Тэгвэл Н хэсэгт багтсан “Челси” клуб эхний тоглолтоо талбайдаа Испанийн “Валенсия”-тай хийлээ.  Гэвч Лондоны “Цэнхэрүүд” талбайдаа 0:1-ээр хожигдов.  Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 74 дэх минутад Родриго оруулж, багтаа хэрэгтэй хожил авчирлаа. 

Нөгөө талд Голландын “Аякс” клуб талбайдаа Францын “Лилль”-ийг хүлээж авч,  3:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр Н хэсгийг тэргүүлж эхлэв. Тоглолтын 18 дахь минутад Промес тооны харьцааг нээсэн бол Альварес 50 дахь минутад нэгийг нэмжээ. Харин 62 дахь минутад Тальяфико нэгийг нэмж, “Аякс” эхний ялалтаа авлаа.