ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Бөхийн толгой”

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-09-19

Үндэсний бөхийн спорт хоёр холбоотой болж, нэгийг нь “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат, нөгөөг нь Дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ толгойлж байсан. Хоёр толгойтой Үндэсний бөхийн холбоо хоорондоо талцаж, дунд нь бөхчүүд хүртэл сэнсрэхдээ тулчихаад байлаа.  Харин Л.Чинбат энэ завхралд цэг тавьж, Дархан аварга Б.Бат-Эрдэнэд тамга, тэмдгээ гардуулж өгч, үндэсний бөхийн хөгжлийн төлөө их зүйлийг хийгээрэй хэмээн ерөөсөн юм. Ашгүй ингэж нэг юм Үндэсний бөхийн холбоог тойрсон 10 гаруй жилийн хэрүүл дуусч, нэг толгойтой боллоо. Нарийн яривал салбараа мэддэг хүн “сайд” болж байна.

Б.Бат-Эрдэнэ аварга нэгэн цагийг эзэлсэн агуу тамирчин. Үндэсний бөхөд 10 жил босоо байж, улсын баяр наадамдаа хамгийн олон түрүүлсэн. Тиймдээ ч бөх хүний зовлон, жаргал, үндэсний бөхөд байгаа болох болохгүй бүхнийг мэдэж байгаа. Үндэсний бөхийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж хэчнээн жил цээжээ дэлдсэн Р.Нямдорж тэргүүтний дэргэд тэр энэ спортын ноён оргилд нь гарч, хөлсөө гаргаж барилдаж, давж, унаж, залуучуудад багшилж яваа.  Ийм хүний гарт Үндэсний бөхийн холбоо нэг мөр очиж байгаад баяртай байна.

Харин үндэсний бөхийн ноён оргил болсон аварга минь энэ спортыг мэргэжлийн түвшинд хүргэх, дүрэм журмыг нь шинэчлэх, муу муухайгаас нь салгах ажлыг яаралтай хийгээрэй. Сүүлийн хэдэн жил олон бөхөөс сэргээш илэрсэн. Энэ жил бүр улсын наадамд түрүүлсэн бөхөөс хүртэл сэргээш илэрч, ард түмний урмыг хугаллаа. Сэргээштэйгээ, найраатайгаа, үндэсний бөхийн уран гоё бүхнийг унтрааж байгаа дүрэмтэйгээ гээд үзэлцэх “дайсан” их байна танд.