ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нийтийн тээвэр гэр чинь биш

O.Admin
2019-09-19

Монголчууд нэг үеэ бодвол соёлтой, боловсон, хүлээцтэй болсон. Нэгэндээ хүндэтгэлтэй ч ханддаг болж.  Бид цаашид энэ янзаараа хичээгээд, дор бүрнээ соёлч боловсон занд суралцвал тархины түгжрэлээсээ гарах цаг удахгүй ирнэ.  Та гэрээсээ гарч, хүмүүсийн дунд орсон л бол өөрөөсөө соёлыг түгээж сурах хэрэгтэй байна. Наад зах нь автобус, нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа зарим хүмүүс гэртээ байгаа мэт л аашилдаг.  Гар утасныхаа дууг тултал чангалаад, хошин шог үзэх юм.  Автобусанд чихэлдээд явж байгаа хүмүүсийн ихэнх нь л дургүйцнэ.

Хошин шог үзэх эрх мэдээж бүх хүнд нээлттэй. Гэвч нийтийн тээвэрт сууж яваа бол чихэвчээрээ сонсох нь нэг соёл.  Бусдын амгалан тайван байдал руу халдаж болохгүй. Микро автобусанд өөдөөс харж суучихаад, урт ургуулсан хумсныхаа завсрын хирийг хээв нэг арилгаж, нүүр рүү үсэргэх хүн ч байна. Гэртээ хумсныхаа хирийг арилгана уу, хадгална уу хэнд ч хамаагүй. Нийтийн тээвэрт хумсны хирээ “нисгэх” эрх чөлөөгөө хазаарлах хэрэгтэй. Тэртээ тэргүй том оврын болон микро автобус бохир, заваан байгаа. Цэмцийтэл цэвэрлэчихсэн автобус тэр бүр байхгүй. Тийм байхад хувийн ариун цэврээ сахиж чадаагүй хэн нэгний хумсныхаа завсраас “хөөргөх” хирэнд оногдож, бухимдаж суухыг хэн хүсэх билээ.  

Ардчилал бидэнд эрх чөлөө өгсөн. Гэхдээ нийтийн тээвэрт чанга дуу сонсч, хошин шог үзэх эрх чинь бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж байвал тийм эрх танд байхгүй гэсэн үг.  Хумсны чинь завсар хир хуралдсан бол хэн нэгний нүүр рүү үсэргэх эрх ч бас байхгүй.  Бид эхлээд нэгэндээ хүндэтгэлтэй хандаж, хувийн ариун цэврээ ч өөрийнхөө болоод бусдын төлөө сахих хэрэгтэй. Түүнийхээ дараа нийтийн тээврийнхнээс цэвэр цэмцгэрийг нэхэх ёстой юм.  

П.Төгс