Б.Болортуяа хүрэл медаль хүртлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-09-19

“Нур-Султан-2019” ДАШТ-ий чөлөөт бөхийн төрлийн хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд 23 хүртэлх насны Азийн АШТ-ий болон Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн хүрэл медальт,  ОУХМ Б.Болортуяа дэлхийн дэвжээнд анх удаа зодоглож хүрэл медалиар энгэрээ мялаав.

Тэрбээр өчигдөр 1/8 шигшээд Энэтхэгийн Лалитаг 10:3-аар ялсан ч шөвгийн наймд өнгөрсөн жилийн ДАШТ-ий тавдугаар байрын шагналт АНУ-ын Жакарра Винчестертэй барилдаж 2:13-аар ялагдсан. Тэгвэл өнөөдөр дагах барилдаанд 2016 оны оюутны ДАШТ-ий хүрэл медальт Кыргызстаны Мадина Надироваг цэвэр, хүрэл медалийн төлөөх барилдаанд үзүүштэй, хараатай, урамтай сайхан барилдаж ЕАШТ-ий хошой хүрэл медальт Туркийн Бедиха Гуныг 12:9-өөр ялснаар дэлхийн дэвжээнээс Монголын чөлөөт бөхийн тамирчдаас 33 дахь хүрэл медалийг эх орондоо авчирлаа.