ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ц.Жамбалгарав: Коммунистууд хамжлагын эзэд болж хувирсан

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-09-20

Ардчилсан хувьсгалын ахмад зүтгэлтэн Ц.Жамбалгаравыг “Ярилцах танхим” буландаа урьж, ярилцлаа.

-Ардчилсан хувьсгал ялаад 30 жил болжээ. Та ардчиллын анхдагчдын нэг, ахмад зүтгэлтэн. Энэ хувьсгалд та яаж оролцож байв. Түүх сөхөж, залуу насаа дурсвал?

-Би 1989 онд цэргийн албан хаагч байсан. Халхын голын хилийн хороонд эмнэлгийн албаны дарга ажилтай, ахмад цолтой байлаа. Яг л тэр үед өөрчлөлтийн салхи сэвэлзэж эхэлсэн. Улс орны байдал арай биш байна. Нам төрийн удирдлагуудыг өөрчлөх цаг болсон гэсэн үзэл бодол улс орон даяар түгэж байсан. Би ч бас тэгж боддог, найз нөхөдтэйгээ ярьдаг. Өнөөдрийн нийгэм арай хэтэрхий, Зөвлөлтийн эзэгнэл хэтэрчихсэн байгааг харж, ярьдаг. Хилийн цэргийн анги болгон нэг орос хурандааг тэжээдэг. Тэр нь хийж байгаа юм байхгүй. Монголын хилийг хамгаалахад тэр Орос юугаа ч заах юм билээ. Бид 1000 жил хилээ хамгаалаад ирсэн ард түмэн. Тийм байхад нэг илүү хүн байж л байдаг, ийм цаг. Ерөөс бүхий л албан байгууллагад Оросоос ирсэн мэргэжилтэн, зөвлөх ажилладаг байсан. Бараа таваарын хомсдол үүссэн, байнга л дугаарлаж зогсдог байлаа. Үүнийг л өөрчлөх хүсэлтэй. Яг тэр үед Европын орнуудад өөрчлөлт болж, бид мэдээллийг нь авдаг. Хааяа нэг аймгийн төвд ирэхээрээ л ярьдаг юм нь өөрчлөн байгуулалт.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг уншаад, эрх чөлөөний тухай ойлголт өөрчлөгдсөн. 1989 оны намар  Залуу уран бүтээлчдийн улсын зөвлөгөөн гэж болсон. Би оролцох хүсэлтэй байсан ч завшаан олдоогүй. Гэхдээ л амралтаа авч, хотод ирсэн. Боломж хайсан ч зөвлөгөөнд оролцож чадаагүй. Зөвлөгөөний дараа найз нөхөдтэйгээ уулзтал, “Ардчилсан холбоо байгуулагдаж байна” гэсэн мэдээлэл өгдөг юм байна. Улмаар 1990 он гараад л Улаанбаатарт бужигнаад эхэлсэн. 1990 оны нэг, хоёрдугаар сард Ардчилсан холбооны салбар зөвлөлүүдийг байгуулж эхэлсэн. Би өвчтэй цэрэг аваад л ажлаар аймгийн төв рүү орж ирнэ. 1990 оны өвөл аймгийн төв рүү ажлаар орж иртэл Ардчилсан холбооны цуглаан болж байлаа. Цэрэг хувцастайгаа цуглаанд нь оролцож, тайзан дээр гарч үг хэлсэн. Ингээд л Ардчилсан холбооных гэдэг нэртэй болоод авсан даа. 1990 оны АИХ-ын сонгуульд манай ангийн захирагч нэр дэвшсэн. н.Намсрай гэдэг хурандаа байлаа. Би өрсөлдөгчийнх нь менежер хийгээд явж байсан. 

-Улаанбаатар хотод жагсаал, цуглаан өрнөж байхад та хотод ирж оролцож байгаагүй юм уу?

-Оролцож байгаагүй, Дорноддоо л байсан. Бүр Халхын голд байлаа. Харин Дорнод аймгийн төвд ирж, 1990 оны хоёр, гуравдугаар сард болсон жагсаалд оролцсон. Сүмбэр суманд Ардчилсан холбоо байгуулах ажлыг нөхдийнхөө хамт хийсэн. Ардчилсан хувьсгал улсын хэмжээнд л өрнөж байсан үе шүү дээ. Дорнод руу Дарь.Сүхбаатар, жижиг Болд тэргүүтэй хүмүүс очоод, иргэдтэй уулзаж байсан. Бүхий л аймагт ардчилсан хувьсгалын хөдөлгөөн өрнөсөн. Би Дорноддоо л энэ хөдөлгөөнийг өрнүүлж, Ардчилсан холбоог байгуулж явсан хүн. 

-Хүмүүс Ардчилсан хувьсгалын зүтгэлтэн, партизан гэхээр л Улаанбаатарт болсон өлсгөлөнд оролцож, ухуулах хуудас наагаад явж байсан анхдагчдыг л гэж боддог. Гэтэл ардчиллын төлөө хөдөө хотгүй л тэмцэж байсан шүү дээ?

-Нийт ард түмний хөдөлгөөн болж өрнөөгүй бол өнөөдрийн ардчилал ирэхгүй байсан. Нийт ард түмний хөдөлгөөн болж өрнөхөд хөдөө аймгийн төв, сумдад байсан анхдагчдын зүтгэл нөлөө үзүүлсэн, үр дүнтэй байлаа. Харин ч хөдөөд ардчиллыг ухуулж, таниулахад хэцүү. Хэдхэн хүн л ардчилал, эрх чөлөөний төлөө тэмцэж, иргэдийг ухуулна. Хажуугаар нам засгийн дарамт жинхэнэ утгаараа ирнэ. Бүхий л сум, сангийн аж ахуйн дарга, цэргийн ангийн удирдлага, тагнуул, цагдаа нь нэг намын удирдлага дор ажиллана. Аймгийн төв, суманд бүх хүн нэгнийгээ танина. Тийм нөхцөлд Улаанбаатарт болж байгаа үйл явдлын мэдээллийг аваад, зүрх зориг гаргаж зүтгэж байсан хүмүүс харин ч илүү гавьяатай гэж би ойлгодог. Дорнод аймаг олон Буриад сумтай. Хэлмэгдэлтэд их өртсөн. Тиймээс ардчиллыг маш их дэмжсэн. Ардчилсан хувьсгалын өлгий гурван аймаг байдаг даа, нэг нь Дорнод шүү дээ. 

-Ардчиллын төлөө тэмцэж явахад сум, орон нутгийн удирдлагууд, цэрэг, цагдаагийн байгууллагаас дарамт их ирж байв уу?

-Тодорхой хэмжээнд ирж байсан. “Нийгмийн хог шаар болсон юмнууд л нийлсэн байна. Ажлын хариуцлага алддаг, хулигаанууд. Ардчилсан холбоо гэдэг чинь бүтэхгүй” гэж загнана, дарамтална. Гэр бүлийн хүнийг маань хүртэл дарамталдаг байсан. Харин цэргийн ангиас дарамт ирж байгаа­гүй шүү. Ангийн захи­рагч маань их тулхтай хүн бай­сан.  Дээрээс юу ярьж, даргад юу хэлдэг байсныг би мэдэхгүй. Харин сум, сангийн аж ахуйн дарга л намайг Ардчилсан холбоонд элссэн гэж ажлаас хална хэмээн загнаж байлаа. Сүмбэр суманд Сум дундын шүүх гэж байлаа. Сум дундын шүүхийн нарийн бичгийн дарга н.Цогтбаатар гэдэг найз маань тэнд ажилладаг. Бид Ардчилсан холбоогоо байгуулаад хуралдахдаа Сум дундын шүүхэд, тэдний өрөөнд хурлаа хийчихсэн. Гэтэл найзыг минь долоо хоногийн дараа ажлаас нь халсан. Гэх мэт дарамт байсан.  

-Ардчилсан хувьсгалд гар, бие оролцох нь битгий хэл түүхийг нь ч уншаагүй дээ гэмээр хүмүүс “Энэ миний хүссэн ардчилал биш” гэдэг. Та одоогийн нийгэм, байгаа бүхнийг хараад юу гэж боддог вэ. Энэ таны хүссэн ардчилал мөн үү?

-Энэ хоёр талтай. Монгол Улсад дэвшил, хөгжил ирсэн үү гэвэл ирсэн. Би эх орноо эрчимтэй хөгжлийн зам дээр гарчихсан гэж боддог. Монгол сөнөлөө, ядуурлаа гэж ярьдаг, тийм ойлголтыг төрүүлэхийг, оролддог хүчин байсаар байгаа. Гэхдээ Монгол Улс том үндэстэн. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд маргаангүй дэвшил олсон. Өмнө нь хоёр давхар байшин барих гэж таван жил болдог байлаа. Одоо нийслэл хотоо хар. Яах вэ, зөрчил, гажуудал бий. Бидэнд чадаагүй зүйл олон байгаа. Ерөнхийлөгч байн байн хэлдэг. УИХ биш байна, баялгийн хуваарилалт буруу болж. Баян, хоосны ялгаа чинээндээ туллаа, тодорхой хэдхэн гэр бүл бүх баялгийг цөлмөлөө гээд. Энэ бол гажуудал. Үүнийг засах ёстой. Засаж байгаа нь энэ гээд замаасаа гараад, хуучин социализмын нийгмээ санагалзаад байж болохгүй. Өнөөдөр Ю.Цэдэнбалын ойг тэмдэглэнэ гээд бахираад явж байна. Ю.Цэдэнбал тухайн үедээ хийх ажлаа хийсэн, түүний үед дэвшил гарсан уу гэвэл тийм. Гэвч тэр хүн тухайн үед үүргээ гүйцэтгээд л өнгөрсөн. Өнөөдөр бид тэр хүнийг санагалзаад, бүх эд хөрөнгөө нийгэмчлээд, социализм байгуулна гэж хэзээ ч байхгүй. Харин нэгэнт сонгосон ардчиллын замаа эргэлзээнд оруулаад, хагас дутуу, эрэмдэг ардчиллыг бий болговол монголчууд хохирно. Нэгэнт сонгосон замаараа л туйлбартай явж, тогтолцоогоо улам төгөлдөржүүлэх шаардлагатай. 

-Улам төгөлдөржүүлнэ гэж яриад л байгаа. Тэгэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ?

-Дугуйг шинээр зохион бүтээх шаардлагагүй. Хүн төрөлхтөн ардчиллын замыг сонгоод, хөгжил дэвшилд хүрсэн улс үндэстэн зөндөө л байна. Япон улсын Үндсэн хуулийг америкчууд бичээд өгсөн. Тэд эзэн хаанаа л авч үлдсэн болохоос бусад зүйл нь барууныхтай адилхан. Гэхдээ л Япон хөгжил, дэвшилд хүрч, технологийн гегант гүрэн болж чадсан. Өмнөд Солонгос байна. Хойд, Өмнөд Солонгосыг зэрэгцүүлээд хар. Ардчилсан болон тоталитар нийгмийн ялгаа харагдана. Ерөнхийлөгчийн засаглал гэхээр л нэг том дарангуйлагч гарч ирэх мэтээр яриад байна. “Парламент л сайн, Ерөнхийлөгчийн засаглалтай болбол нэг хүнийг Орос, Хятад худалдаад авчихна” гэх мэтээр ярьдаг хүн олон болж. Үүн шиг үлгэр байхгүй. Дураараа улс орноо зарж байдаг ч гэж юу байхав. Манайд засаглал тогтворгүй байна. Тогтвортой болгож, засгийн бодлогыг туйлбартай хэрэгжүүлэхийн тулд хатуу гар ч юм уу, эсвэл бодлогын тогтвортой байдал гарцаагүй хэрэгтэй. Жил гаруй болоод нэг Засгийн газар унаж байдаг.

Ард түмний мандат авсан нэртэй хэдэн хүн заавал “бялуу” хуваахад оролцохоор улайрдаг. Чи долоог идсэн, би долоохонг идсэн гэж хэрүүл хийгээд, Засгийн газраа унагаж, тоглож байдаг байж болохгүй. Үндсэн хуулийн өөрчлөлт ярьж байхад Ерөнхий сайд нь эрх мэдэлтэй, хүчтэй болох нь гэж бодож байтал тэд дахиад л унагачихлаа. Би Ерөнхийлөгчийн саналыг зөв гэж бодож байгаа. Ийм дампуу УИХ-ыг тараагаад, ард түмэнд дахин сонголт хийх боломж олгох хэрэгтэй. Д.Лүндээжанцан гуай телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо салбар хууль барьчихаад, ийм ч юм болохгүй, санал асуулга явуулж болохгүй, засаглалын хэлбэр асуух боломжгүй гэж яриад сууж байсан. Д.Лүндээжанцан болохгүй гэвэл болдоггүй гэж байхгүй. Ард түмэн үнэхээр л засаглалаа солъё гэвэл солих л хэрэгтэй. Хэдхэн хүний тоглоомонд ороод солигддог Засгийн газартай болох л асуудал. Түүнээс биш дахиад нэг Ю.Цэдэнбал гаргаж ирье гэж ерөөсөө яриагүй. 

-Ардчилсан хувьсгалын гол дүр болсон хэдэн хүн байдаг. Өнөөдөр тэр хүмүүс хамгийн муу нэртэй болж хувирчээ. Улс орныхоо эсрэг ажилласан, улсын хөрөнгө шамшигдуулсан гэдэг нэрийг зүүх болж. Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт оролцож байсан хүний хувьд гол дүрүүдээ юу гэж хардаг вэ?

-Нийгмийн сэтгэл зүй рүү зориудаар хийж байгаа үйлдэл гэж хардаг. Монголчуудыг ардчиллын зам руу шуудруулахгүй хуучин хүчнийг санагалзуулах арга. Манай коммунистууд чинь коммунист байхаа больсон. Гэхдээ тэд капиталист болж чаддаггүй юм байна. Зүгээр л нэг хамжлагын эзэд болж хувирсан. Феодализм гэх юм уу даа. Ийм хүмүүс зарахыг нь зарж, үрэхийг нь үрээд, баахан боол тойруулаад байж байх сонирхолтой. Тэдний л хийж байгаа, нийгмийн тархийг угааж буй л арга. Хэрвээ тийм л их буруу хэрэг үйлдэж, улс орныг хохироочихсон юм бол барьж аваад, зохих шийтгэлийг нь хүлээлгэх нь яасан юм. Д.Ганболдыг хэдэн жил муулав. Дөрвөн тонн алт “идсэн” гээд эхэлсэн. Бараг л 30 жил ярьж байна. Э.Бат-Үүл баатар цолоо хураалгачихвал Монголын амьдрал сайхан болох нь гэж ярьж эхэллээ. Гэтэл өнгөрсөн дөрвөн жилд Э.Бат-Үүл шиг нийслэлд ажил хийсэн хүн байгаагүй, одоо ч байхгүй. Ер нь нийгэм лидерүүдээсээ уйдамтгай байдаг. Үүнийг л сайн ашигладаг. Угаасаа коммунистууд нийгмийн сэтгэл зүйг жолоодох, эргүүлэх хур туршлагатай. Түүнийгээ л их сайхан ашигладаг. Одоо нийгмийн сүлжээ ороод ирлээ. Энэ хөгжил дэвшлийг ч маш сайн ашигладаг болж. У.Хүрэлсүх сайд их олон зуун жиргээчтэй юм гэнэ билээ. Би хараагүй. Харин манай аймагт бол тийм хүмүүс байдаг. Байнга л ардчилал руу дайрдаг. 

-Ардчилсан нам 2016 оны сонгуульд ялагдсаныхаа дараа өөрчлөлт хийж байна. Ардчиллыг төгөлдөржүүлэх шаардлага байгаа. Төгөлдөржүүлэхийн төлөө бүх л нам, улс төрийн хүчин ажиллах ёстой байх. Гэхдээ Ардчилсан нам түүчээ болж, өөрсдөө төгөлдөржих хэрэгтэй байна. Харин нам үнэхээр өөрчлөгдөж чадаж байна уу, та юу гэж харж байна?

-Ардчилсан хувьсгал өрнөөд 30 жил болж байна. Ганцхан манайх биш олон орон ардчиллын замыг сонгоод 30 жил боллоо. Бүгдэд нь л асуудал тулгарсан. Бид харин хурдхан л ардчиллаа төгөлдөржүүлэх, асуудлаа шийдэх хэрэгтэй. Үүнийг давж туулахын тулд бид дотооддоо учраа олох шаардлагатай. Дээрээс нь манай улс тоталитар нийгэмтэй хоёр том орны дунд оршдог. Тэгэхдээ дэлхийн том, ардчилсан орнуудын дэмжлэг тодорхой хэмжээнд хэрэгтэй. Ингэж байж Монголын ардчилал цэцэглэнэ. Тэгэхгүй, дотроо бид өөрсдөө л учраа олно гэвэл хүнд. Бусад улсууд дэмжээд байхад өөрсдөө гал тогооны хэрүүлээсээ салж чадахгүй бол бас хэцүү. Бид жороо тааруулж, ухаалаг, сэхээлэг, үндэстнээ бодсон бодлогоо хөгжүүлэх хэрэгтэй байна. Өнгөрсөн хэдэн жилд манай Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч хэтэрхий хазгай явж, алдаа хийсэн гэж би боддог. Зөвхөн ардчилал гээд хоёр хөршөө хаячихвал бидэнд хэцүү. Харин шинэ Ерөнхийлөгч маань жорыг нь тааруулах гэж оролдож байна уу гэж харж байна.