ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Хаянхярваа үймэрч явна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-09-20

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа үймэрч явна. Тэрбээр “УИХ тарах хоёр үндэслэл бий. УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь тарахыг дэмжээд гарын үсэг зурсан тохиолдолд тарна. Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөөд УИХ-ыг тараая гэж асуудал оруулж ирэхэд гишүүдийн гуравны хоёр нь зөвшөөрвөл УИХ тарах хуулийн зохицуулалттай. УИХ үйл ажиллагаагаа явуулж чадахгүй, төсөл төлөвлөгөөгөө батлахгүй, Засгийн газраа томилж чадахгүйд хүрсэн тохиолдолд тарах үндсэн нөхцөл бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн өвөл УИХ тарах үндсэн нөхцөл бараг бүрдэж байсан. Тэр үед хоёр, гурван cap зарим гишүүн ирцээр “бойкотлож” хуралдаа суугаагүй учраас Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаа хуралдуулж чадахгүй байсан. Аргаа барахдаа УИХ-ыг тараая гэдэг саналыг нэр бүхий 20 гаруй гишүүн тухайн үед гаргаж байлаа. Гэхдээ тэр үед дэмжлэг аваагүй. Энэ удаад бүх зүйл хэвийн үргэлжилж байхад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбогдуулаад УИХ-ыг тарааж ээлжит бус сонгууль явуулъя гэж ярьж байгаа нь Монгол Улсад улс төрийн тогтворгүй байдал үүсгэнэ. Энэ бол маш өндөр эрсдэлтэй алхам. Тийм учраас үүнийг эрс эсэргүүцэж байгаа” гэсэн юм.