ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд хориг тавилаа

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-09-20

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын 73 дугаар тогтоолд хориг тавилаа.  Хориг тавих тухай албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлэв. Уг бичигт “Хуулийн тодорхой шаардлага, зохицуулалтуудыг Улсын Их Хурал илэрхий зөрчиж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хууль хэлбэрээр хэлэлцэн шийдвэрлээгүй бөгөөд энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн  хоёр дахь хэсгийн “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Долдугаар зүйлийн нэгдүгээр хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэнд огт нийцэхгүй байгаагаас гадна улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа болсон гол хуульд хууль зөрчсөн байдлаар өөрчлөлт оруулж, нийгмийн зөрчил, маргааныг улам дэвэргэх шалтгаан нэмж буй нь туйлаас зохимжгүй үйлдэл мөн гэж дүгнэж байна.  Түүнчлэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад баримтлах ёстой гол хуулийг илэрхий зөрчсөн Улсын Их Хурлын энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хуульт байгуулалд халдсан хэрэг болох тул нийгэмд томоохон эсэргүүцэл, тэмцэл бий болгож, улс орныг бүхэлд нь хямрааж мэдэх эрсдэлтэй байна. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “Энэ хуулиас гадуур Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг завдах, хуйвалдан оруулах аливаа үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуульт байгуулалд халдсан хэрэг гэж үзнэ” гэж маш тодорхой заасныг Монгол Ардын Нам, түүнээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд онцгойлон үзэж, анхаарвал зохино. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.4-т заасан “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлбэр нь зөвхөн хууль байна” гэсэн шаардлагыг зөрчсөн, үүнээсээ улбаалан тухайн хуулийн олон зүйл, заалтыг мөн зөрчөөд байгаа Улсын Их Хурлын үйл ажиллагааг хуулиас гадуур үйлдэл гэж үзэхээс өөр аргагүй бөгөөд хууль ёсыг үгүйсгэсэн, Үндсэн хуульт байгуулалд халдсан ийм үйл ажиллагаанд нийт ард түмнээ татан оролцуулахыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иймд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон ард нийтийн санал асуулга явуулах үйл ажиллагааг хуульд нийцүүлэх шаардлагатай гэж үзэн Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Улсын Их Хурлын 2019 оны 09 дүгээр сарын 11-ний 73 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьж байна. Энэхүү хоригийг зохих хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ үү.”