ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Задгай” цагаан

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-09-23

Уянгалаг хоолойгоороо Орос, Буриадын ард түмний сэтгэлийг  дэвэргэж явсан СТА,  дуучин Б.Амархүү шаггүй уран бүтээлч гэдгээ харуулаад авсан.  Дуулсан  дуу бүр нь олны хүртээл болж өнөө цагийн “од”-уудын тоонд  зүй ёсоор багтаж буй. Анх UBS телевизийн “Universe Best Songs” дууны тэмцээнийг шүүхээр Монголдоо ирсэн гэдэг. Унаган орос хэлтэй түүний хувьд тэмцээнийг шүүх үеэр орос, монгол хэлийг хольж сольж ярьсаар төрөлх хэлэндээ овоо болсон. “Яг түүн шиг” шоуны шилдэг оролцогч болсны дараа, намба зааж шүүгчийн суудалд ч шилжиж чадсан сүүхээтэй эр. Тэрбээр, аливаа шоу нэвтрүүлэг,  ярилцлагад  орохдоо хэтэрхий задгай яриатай гэдгээрээ хүний нүдэнд өртдөг. Ер нь л хаа сайгүй л задгай бурж явдаг. Ямар сайндаа л  дуучин М.Нараг утас хулгайлсан гэж сэжиглэн СБД-ийн шүүхэд дуудуулж байхав. 

Гэтэл сүүлийн үед болохгүй, бүтэхгүй асуудалд орооцолдож, саваагүйтсэн талаар хэвлэлээр шуугиж эхэллээ. Олны хайр хүндэтгэлийг хүлээсэн дуучнаасаа  нийгэмд зөв үйлдэл,  зөв санаачилга,  зөв үгийг нь хүлээж суудаг залуусын урам хугарав бололтой.

Учир нь, дуучин Б.Амархүүг хар тамхи хэрэглэсэн үед нь цагдаагийн алба хаагчид энэ сарын 19-20-ныг шилжих шөнө баривчилжээ. Түүнийг нэгэн зочид буудлын гадаах зогсоолд өөрийн автомашиндаа хар тамхи хэрэглэж байхад нь барьсан гэх. Улмаар ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулан хэргийг шалгахаар болов. Түүний задарсан, болчимгүй үйлдэл нь зөвхөн энэ биш аж. Тэрбээр өнгөрсөн онд хүн зодож танхайрсан хэргээр шалгуулж, шүүхээс хэрэгсэхгүй хэмээн үзэж байсан  юм. Тухайн үед олон нийт хэсэг бужигнаж байгаад, намжиж байлаа. Харин энэ удаагийн болчимгүй үйлдлийг цахим орчинд харин ч нэг “сэвж” байна лээ. Аргагүй шүү дээ. Залуус, өсвөр үеийнхэнд “хар тамхийг хэрэглэж болохгүй” хэмээн хор хөнөөлийг сурталчилж байсан дуучин үнэхээр итгэл алдахаар зүйл хийжээ. Олны хэлж буйгаар ёстой л “том тэнэгтэж”  саваагүй нохой саранд хуцна гэгч л болж.