ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Т.Мөнхсайхан: Ирэх жил элэг солих 100 дахь мэс заслаа хийнэ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-09-24

Улсын нэгдүгээр төв эмнэлэг сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ, боловсон хүчнээ сайжруулах тал дээр түлхүү анхаарч байна. Энэ талаар болон бусад асуудлаар тус эмнэлгийн Ерөнхий захирал Т.Мөнхсайхантай ярилцлаа. 

-Улсын нэгдүгээр төв эмнэлэгт сүүлийн жилүүдэд ямар өөрчлөлт, шинэчлэлт хийгдэв. Дотоод үйл ажиллагааг нилээн өөрчилсөн,  дэвшил гарах болсон талаар  эмч нар ярих болсон?

-Сүүлийн жилүүдэд эрүүл  мэндийн салбарт нилээн ахиц дэвшил гарсан. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хувьд энэ жил хэд хэдэн чиглэлүүдэд анхаарал тавьж байна. Нэгдүгээрт үйлчлүүлэгчдэд хүрэх тусламж үйлчилгээний чирэгдлийг хэрхэн багасгах вэ, ялангуяа орон нутгийн иргэд энд ирээд эдийн засаг болон цаг хугацааны хувьд  нилээн хүндрэл гардаг.  Үүний хүрээнд эхний ээлжинд аймгуудын Нэгдсэн эмнэлэг болон  Эрүүл  мэндийн газруудтай хамтарч ажиллаж эхэллээ. Аймгийн нэгдсэн эмнэлэгт үйлчлүүлэгч үзүүлээд,  хэрвээ лавлагаа шатны эмнэлэгт ирэхээр бол, аймгийн нэгдсэн эмнэлэг нь манай эмнэлгийн үзүүлэх цагийг авч өгөх явдал юм. Энэ ажил  Баян-Өлгий, Дархан, Сүхбаатар аймгийн эмнэлгүүдэд туршилтаар явж байгаа. Удахгүй бүх  аймагт хэрэгжүүлж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, энд ирж цаг авдаг, олон хоног хүлээдэг асуудлыг багасгахаар зорьж байна. Хоёрдугаарт, эмнэлэг доторх амбулаториор үйлчлүүлдэг 2000-3000 хүн бий. Үйлчлүүлж буй иргэдийг аль болох эмнэлэгт давтан ирэхийг багасгах, зөв зохион байгуулалтад оруулахад  нилээн анхаарал  хандуулж байна. Энэ нь төвөгтэй л дээ. Өмнө нь ирээд үзүүлдэг, үзүүлэх шаардлагатай шинжилгээг бичээд явуулна. Улмаар тэдгээрийн цагийн хуваарилалт нь нэг өдөр таарахгүй олон өдөр ирдэг. Олон кабинетаар орох шаардлагатай болдог. Энэ асуудлуудыг  цэгцлэх талаар ажиллаж эхэллээ. Ингэхдээ амбулаторийн бөөрний мэс заслын кабинетийг ийм зохион байгуулалтад  оруулж, үр дүнг нь үзэх гэж байна. Тэр нь юу гэхээр бөөрний мэс заслын кабинетэд хүн үзүүлэхээр ирэхэд цагаа аваад,  эмчид үзүүлэхдээ цусны шинжилгээ өгч,  ЭХО-д  харуулах  маягаар шаардлагатай бүх зүйлээ үзүүлнэ гэсэн үг. 

-Үр дүн нь гарсан уу?

-Туршиж эхлээд сар гаруй болж байна. Гэхдээ сайн  хэвшээгүй, иргэд уламжлалт аргаараа энд ирж цагаа аваад, хүлээж байгаад  үзүүлж байна. Гэхдээ яах вэ,  цөөхөн аймагт туршиж байгаа. Цаашид үр дүн гарах нь тодорхой. Орон нутгийн эмнэлгүүдтэйгээ ойлголцож чадах юм бол аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар нь үзээд, энэ хүн  Улсын нэгдүгээр төв эмнэлэг явах шаардлагатай эсэхээ шийднэ. Улмаар тухайн үйлчлүүлэгч тэдний өдөр очих юм байна гэдэг цагийг цахимаар явуулна гэсэн үг.  Харин сумын иргэд аймгаараа заавал дамжиж, эмч нарын зөвлөгөөнд ороод манай эмнэлэг рүү явах шаардлагатай гэж үзвэл бичиг  хийж өгнө. Харин бичгээ хийж өгөхдөө цахимаараа ороод манай эмнэлгийн цагийг авснаар үзүүлэх он, сар, өдрийг нь тодорхой болгож өгөх юм. 

-Гадаадад өндөр үнээр хийдэг мэс заслыг Монголдоо хийдэг болоод багагүй хугацаа өнгөрлөө. Ялангуяа бөөр, элэг шижлүүлэн суулгах мэс засалдаа манай эмч нар гаршчихлаа.  Бусад өвчлөлөөр хүнд төрлийн ямар мэс заслыг хийж байгаа вэ?

-Өвдөг түнхний хиймэл үе суулгах мэс заслыг манай эмнэлэгт хийгээд олон жил боллоо. Нурууны мэс заслыг ч хийж байгаа.Энэ жилээс үений дурангийн  мэс засал хийгдэж эхэлсэн. Мөн өвдөгний хагас хиймэл үе суулгах мэс засал хийгддэггүй байсныг  хийж эхэллээ. Ер нь олон дэвшлүүд эрүүл мэндийн салбарт ч байгаа л даа. Улсын хэмжээнд тусламж үйлчилгээ явуулдаг учир  шинэ техник технологийг нэвтрүүлэхэд анхаарал хандуулах шаардлагатай байна. Сүүлийн жилүүдэд эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал эрчимтэй хөгжиж байгаа юм. Ирэх жил 100 дахь элэг солих мэс заслаа хийнэ. Цаашид  нарийн гэдэсний дурангийн оношилгоо эмчилгээг хийх, үүдэл эсийн эмчилгээ хийхээр түлхүү ажиллаж байна.

-Элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлагатай хүн хаана хандах ёстой вэ?

-Манай эмнэлэгт элэг, бөөр шилжүүлэн суулгах мэс заслын багийнхан байгаа шүү дээ. Тухайн мэс заслын багт ирж бүртгүүлсэн хүмүүс хуралд орно. Улмаар хэн гэдэг үйлчлүүлэгч,  хэзээ ямар мэс засалд  орох вэ гэдэг нь хурлаар шийдэгддэг. Төлбөрийн хувьд хоёр төрлөөр санхүүжнэ. Ард иргэдэд ирэх санхүүгийн дарамт харьцангуй бага байгаа. Жишээлбэл, элэг шилжүүлэн суулгах мэс засалд орох хувь хүн 10 гаруй сая төгрөг төлж байгаа. Тухайн хүний өвчний явц ямар байх, донор  олдох эсэхээс хамаараад  хэзээ орох нь шийдэгдэнэ гэсэн үг л дээ. 

-Орон нутгийн  иргэдийн хүндрэл, чирэгдлийг багасгах зорилгоор нэг цэгийн үйлчилгээг нээсэн байсан? 

-Нэг цэгийн үйлчилгээг амбулаторийн хэсэгт байгуулсан. Гэхдээ  байрлалыг нь өөрчлөөд, амбулаториор орж байгаа төв хаалганы хэсэгт байрлуулна. Ингэснээр яг нэг цэгийн үйлчилгээ авахаар үйлчлүүлж буй иргэдэд илүү хүрэх болов уу. Нэг цэгийн үйлчилгээ яах аргагүй ард иргэдэд хэрэгтэй үйлчилгээ байгаа шүү дээ. 

-Танай эмнэлэг бөөрний чиглэлээр мэргэшсэн гэдэг шүү дээ. Бөөрний гемодиализын аппарат, бусад тоног төхөөрөмж нэмэгдсэн үү?

-Манайх 27 диализын аппараттай. Улсын хэмжээнд маш олон төрлийн лавлагаа шатлалын тусламж үзүүлж байна шүү дээ. Тэгэхээр яг энэ эмнэлэгт илүү төвлөрөх биш, диализын тусламж үйлчилгээг аль ч аймаг, дүүргийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлэх 100 хувь боломжтой болсон. Үүнийг аль болох тухайн орон нутгийнхаа эмнэлэгт үзүүлдэг байх хэрэгтэй. Манай лавлагаа шатлалын эмнэлэгт нарийн төвөгтэй  өвчлөлүүдийг оношилж,  эмчлэхэд илүү хөгжих ёстой юм.

-Монголчуудын дийлэнхи нь бөөрний ямар нэгэн эмгэгтэй гэсэн судалгаа байдаг. Өвчин хүндэрч архаг дутагдалд орохоор диализын аппарат нь олддоггүй, олон хоногийн дараа орох дугаарлалт байдаг шүү дээ? 

-Аппаратны хүртээмж муу. Бөөрний үйл ажиллагаа алдагдсан, диализын аппаратад орох шаардлагатай үйлчлүүлэгчид ихсэх хандлагатай байгаа. Энэ нь олон төрлийн шалтгаантайгаар ихсэж байна. Тэргүүлэх шалтгаан нь чихрийн шижин өвчинтэй холбоотой юм. Энэ өвчний эрт илрүүлэг,оношлогоо эмчилгээтэй холбоотойгоор асуудал бий. Ер нь л аливаа өвчнийг эрт илрүүлж, эмчлүүлж байж дараа дараагийн хүндрэлээс сэргийлнэ гэсэн үг. Нилээн хүндрэлтэй өвчлөл шүү дээ. 

-Бусад зонхилон тохиолддог өвчлөлүүдэд хэрхэн анхаардаг вэ?

-Бүхий л чиглэлд анхаарч байгаа. Манайх 10 гаруй төрлөөр лавлагаа шатлалын үзүүлдэг төв эмнэлэг юм. Улсын хэмжээнд энэ бүх чиглэлээр удирдлага, арга зүйгээр хангаж ажиллахад түлхүү анхаарна.  Хамгийн гол баримталж буй зарчим нь өвчлөл бүрийг эмнэлэг дээрээ төвлөрүүлж эмчлэх биш, аймаг, орон нутгийн нэгдсэн эмнэлгүүд эмчилж, оношилдог тэр чадавхийг сайжруулахад анхаарна.  Үүнтэй холбоотой удахгүй төсөл эхлүүлэх гэж байна. Өөрөөр хэлбэл, эхний ээлжинд нэг аймагт нэг өвчлөлийг  100 хувь  эмчилдэг болгоё гэж байгаа юм. Тухайлбал, манай бөөрний мэс заслын тасаг гэхэд зөвхөн Хэнтий аймагт ажиллана. Тэр хугацаандаа Хэнтий аймгийн бөөрний мэс заслын эмч нар энд ирж ажиллана. Бид сургана. Буцаад аймагт нь очиход манайхаас дахиад бөөрий мэс заслын эмч нар өвчтөнүүдийг үзэж,  эмчилдэг, шаардлагатай багаж тоног төхөөрөмж, аргазүйгээр нь хангадаг байх явдал. Хэнтий аймагт л гэхэд бөөрний мэс заслын үйлчлүүлэгчдийг Улаан­баатар хот руу хүндрээгүй тохиолдолд явуулах шаардлагагүй гэсэн үг. Зүүн бүсийнхэн тэндээ үйлчлүүлнэ шүү дээ.Энэ маягаар  бүх аймгуудтай чиглэлийнх нь дагуу хамтарч ажиллах гэж байгаа юм. Одоо тухайн аймгуудын тулгамдсан чиглэлүүд нь юу вэ гэдгийг судалж байна. Судалж дууссаны дараа бид тухайн чиглэлд ажиллана. 

-Ямар өвчлөл их байгааг танай эмнэлгээс судалж үзсэн үү?

-Гаргаж үзсэн. Манай эмнэлгийн бүх үйлчилгээ цахим болсон учраас бүх тоо баримтууд сар, өдрөөрөө гарна. 

-Тухайлбал ямар өвчин?

-Одоогоор бөөрний мэс заслын буюу урологийн тасагт үйлчлүүлэгчдийн тоо их  байна. Дараагийх нь  элэг цөс, ходоодны тасагт оношлуулж, эмчлүүлдэг хүмүүс эзэлдэг. Цаашаа зүрх, мэдрэл гэх мэтчилэн байгаа. 

-Монголчуудын эрүүл мэндийн боловсролын талаар энд ярихгүй өнгөрүүлж болохгүй байх. Нэг үеэ бодоход  сайжрах гээд байгаа юм шиг атлаа үгүй ч юм шиг. Адаглаад эрүүл зөв хооллоно гэдэг нь л  эрүүл мэндийн боловсролтой байх хамгийн  энгийн ойлголт шүү дээ.  Энэ талаар мэргэжлийн хүний зүгээс юу гэж хэлэх вэ?

-Манай иргэдийн эрүүл мэндийн боловсрол муу байгаа гэж үздэг. Учир нь,  хүмүүсийн ихэнхи нь өвчин  хүндэрс­нийхээ дараа ирдэг. Хэрвээ үнэхээр эрүүл  мэндийн боловсрол сайн байсан бол  эрт үедээ ч юм уу, урьдчилан сэргийлэх үзлэгтээ байнга хамрагдах гэх мэтээр эрүүл мэнддээ анхаарал хандуулах ёстой. Нөгөө талаас, ард иргэдийн эрүүл мэндийн боловсролд чиглэсэн урьдчилан сэргийлэх талаар нилээд анхаарч ажиллах хэрэгтэй байна. Тэр ч утгаараа манай эмнэлэг Нийгмийн эрүүл мэндийн албатай боллоо. Энэ албанд өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд  хэрхэн ажиллах, ялангуяа орон нутгийн эрүүл мэндийн газруудтай хамтран ямар өвчлөл их байгааг  судална. Үүний дагуу хамгийн их өвчлөл ихтэйгээс нь авахуулаад урьдчилан сэргийлэхэд анхаарна. Үүнийг өргөн цар хүрээтэй авч үзэх юм. Эхний ээлжинд Нийгмийн эрүүл мэндийн алба  чихрийн шижин өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, илрүүлэх ёстой гэх мэтээр дорвитой арга хэмжээ авахаар төлөвлөгөө гаргаж ажиллах юм.

-Улсын төв нэгдүгээр эмнэлэг боловсон хүчнээ бүрдүүлэхэд хэр анхаарч байна? 

-Хамгийн чухал зүйл бол яах аргагүй боловсон хүчин байдаг. Хэчнээн чадалтай багаж тоног төхөөрөмж, орчин нөхцөл сайн байлаа гээд чадварлаг боловсон хүчингүй  бол  төвөгтэй. Манай эмнэлгийн  хувьд хангалттай чадварлаг боловсон хүчинтэй болж чадлаа. Цаашид Олон улсын анагаахын шинжлэх ухаанд нэвтэрсэн технологийг цаг тухайд нь нэвтрүүлж чаддаг чадамжтай байх хэрэгтэй. Тоног төхөөрөмжийг авчирч эмнэлэгтээ суурилуулж чаддаг байх нь бидэнд чухал. 

-Тоног төхөөрөмж,  бусад эмнэлгийн хэрэгслүүд  хангалттай юу? 

-Улсын  хэмжээнд орон нутгийнханд үйлчилдэг ганц эмнэлэг учраас бид тоног төхөөрөмж,  багаж хэрэгсэл тийм ч хангалттай бус. Үйлчлүүлэгчдийн тоо дэндүү их шүү дээ. 

-Гадаад харилцаагаа илүү  өргөтгөж байгаа харагддаг. Түүнийг дагаад зарим тоног төхөөрөмжөө хөнгөлөлттэй үнээр,  буцалтгүй тусламжаар нийлүүлдэг шүү дээ? 

-Манай эмнэлгийн хувьд гадаад харилцааны талаар хэд хэдэн улстай хамтран ажилладаг. Цаашид  ч өргөжүүлэх шаардлага байгаа. Гадаад харилцааны хувьд боловсон хүчнээ сургах талаар  илүү хамтарч ажиллах хүсэлтэй. Зарим нэг том төсөл,  хөтөлбөрийн хүрээнд тоног төхөөрөмжөөр хангах тохиолдол бий. Гэхдээ яг хүрэлцээтэй хэмжээнд нийлүүлж дийлэхгүй шүү дээ.