ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Холливуд Gana

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-09-26

Уншигч авхай та “Wonder Woman”, “Ex Machina”, “In the Name of Ben Hur”, “Sweet Lies”, “Peaky Blinders” зэрэг алдартай киног үзэж байсан уу. Магадгүй энэ асуултад та тийм гэж хариулах байх. Өргөн хавтгай нүүр, тийм ч том бус жартгар нүд, нармигар хамар, өнцөглөг дух, өргөн шанаа гээд дэлхийн хаана ч Монгол гэж танигдах өвөрмөц төрхийг олж харсан л байж таарна. Тэр чинь “Gana Bayarsaikhan” буюу Б.Ганчимэг. Холливудад цахиур хагалахаа хүлээж, замаа засч буй залуу жүжигчин, загвар өмсөгч монгол бүсгүй. Баярсайханы Ганчимэг  Англи улсад 10 гаруй жил амьдарчээ. Багаасаа л  урлаг тэр дундаа хувцас загварт хайртай байсан тэрбээр барби хүүхэлдэйндээ хувцас оёж, өмсгөн тоглох дуртай байсан гэдэг. 

Түүний өөр нэгэн авьяас нь зурах. Аав нь зураач хүн байсан болохоор ч тэр үү зураг зурах дуртайгаас гадна эх орондоо зохион байгуулагдсан загварын “Үнсгэлжин”, “Монголын мисс” зэрэг олон тэмцээнд хүчээ сорьж байжээ. Тэрбээр загварын тайзан дээр өөрийгөө сорих зорилго өвөртлөн Англид очсоныхоо дараа GQ, Ashish, Gucci зэрэг алдартай брэндүүдийн загварын шоунд амжилттай оролцож, хэд хэдэн сэтгүүлд зургаа авхуулж байжээ. Түүний эцэг, эх нь Архангай, Баянхонгор аймгийн хүмүүс бөгөөд дээрээ нэг ахтай айлын бага охин гэнэ. Ээж нь түүний хувьд хамгийн дотны, үнэнч дэмжигч бол аав нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна. Тэрбээр загварын ертөнцийн тухай хуваалцахдаа “Модель хүн тухайн дизайнерын бүтээлийг тайзан дээр болон зургаар амилуулах, түүний мөн чанар, утга санааг бусдад хүргэх л үүрэгтэй. Иймд миний хувьд биеийн өндөр жин, гаднах төрхөөс илүүтэйгээр дизайнерын бүтээлийг хэрхэн амилуулах, зургаа хэрхэн авахуулбал бусдад хүрэх бол гэдэг дээр илүү анхаардаг” хэмээсэн нь бий. Түүний хувьд хувцас загвар чухал ч, кино урлаг үүнээс ч илүү байр суурь эзэлдэг гэнэ.

Энэ бол түүний хүүхэд насны мөрөөдөл. Б.Ганчимэг нэгэн ярилцлагадаа “Аав маань надад үлгэр их уншиж өгдөг учир үлгэрт ч их дуртай. Үлгэрийн баатруудыг, номын зургийг их дагаж зурдаг байсан болохоор гурван настайгаасаа зураг зурж эхэлсэн. Аав их сайхан зурдаг хүн байсан нь ч зураг зурахад минь нөлөөлсөн. Юмны учир сайн ойлгож эхлээгүй байхдаа зурагтын дэлгэцээ хагалаад дотор нь байгаа бяцхан хүмүүсийг гаргаж, үзсэн киногоо  өөрийнхөөрөө найруулна гэж мөрөөддөг байж. Үзсэн кинондоо бараг долоо хоног амьдардаг хүүхэд байсан. Одоо бодоход өөрийн уран дүрслэл, бяцхан ертөнцдөө амьдардаг хүүхэд байжээ” хэмээн дурьдсан байв. Энэ л мөрөөдлөө биелүүлэхийн тулд 2016 онд Лондон хотын “The City Lit” сургуулийг жүжигчний мэргэжлээр суралцаж төгсчээ. Ийнхүү тэр загвар өмсөхөөс илүү жүжигчний мэргэжилд илүү дурлаж, тэрхүү мэргэжилдээ амжилт гаргахаар зорьж яваа аж.

 

Холын зайн гүйгч

Тэр Монголдоо үзэгчдийн харж дассан дүрд тоглож байсангүй. Харин тэрхүү шатыг алгасан дэлхийн кино урлагт өөрийн давтагдашгүй өвөрмөц монгол төрх, хэнд ч дарагдахгүй уугуул царайгаа хөдөлмөр, хичээл зүтгэлтэйгээ уялдуулан урагшилж буй  залуу уран бүтээлч. Энэ бол түүний хүсэл мөрөөдөл, зорилго хэр том бэ гэдгийн илрэл билээ. Монголын тайз, дэлгэцийн урлагийн их мастерууд “Жижиг дүр гэж байдаггүй, харин муу тоглосон дүр гэж байдаг” хэмээн тодотгодог. Хэдий түүний өнгөрсөн хугацаанд тоглосон дүр жижиг байж болох ч, олон мянган жүжигчдийн дундаас цойлж гарсан монгол бүсгүйгээр бахархахгүй байхын аргагүй. Холливудад хэдэн сая ази жүжигчин киноны жижигхэн ч атугай дүрийн мөрөөсөл болж, өөр хоорондоо өрсөлддөг. Нэг дүрийн төлөө гэхэд мянга мянган жүжигчин сонгон шалгаруулалтад орох бөгөөд хэн илүү авьяас чадвартай, хэнийх нь зорилго том бэ гэдгээрээ ялгардаг. Тэрбээр “Жүжигчин гэдэг яг л тамирчин хүн шиг үргэлж бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй байхыг шаарддаг мэргэжил. Тэр тусмаа маш өрсөлдөөнтэй салбар,  нийт ажлын саналын зөвхөн гурван хувьд л тэнцэж, тоглох боломж олддог. Иймд бие бялдраа дасгалжуулах, дуу хоолойн бэлтгэл, дүрийн судалгаа, ном зохиол унших, оролцох боломжтой төслийг хайж олох, кастингд орох, ур чадварын хичээлдээ явах гээд өдөр бүрийг тун завгүй, тодорхой төлөвлөлт, хуваарийн дагуу л өнгөрөөдөг” хэмээн түүний нэг өдөр хэрхэн завгүй өнгөрдөг талаар ярьжээ. Б.Ганчимэг холын зайн гүйлтээр хичээллэдэг бөгөөд долоо хоногт хоёроос гурван удаа холын зайд гүйдэг аж. Кино урлагт ч тэр холын зайн гүйгч. Хол мэт санагдах Холливудад гуравхан сая хүн амтай Монголын жүжигчин гараанд гарч болдог гэдгийг харуулж, үлгэрлэж яваа гүйгч. 

 

“Ярьж чаддаггүй жүжигчин хөгжим тоглож чадахгүй хөгжимчинтэй адил”

Энэ бол түүний хэлсэн үг. Ажиллаж буй салбартаа тэргүүлэхийн тулд өөрийн ур чадвараа байнга сайжруулж, шинийг эрэлхийлж, өөрийгөө бэлтгэх хэрэгтэй гэсэн зарчмыг тэр амьдралдаа мөрдлөг болгодог. Тэрбээр сургуулиа төгсөөд гурван жил болж байгаа ч, аль хэдийнэ “Wonder Women”, “Ex Machina, “In the Name of Ben Hur”/2016/, “Fast and Furious 6”, Ronan-47 , “Waiting for barbarians”, “Mad Lord” “Sweet lies” зэрэг томоохон кинонд дүр бүтээгээд зогсохгүй “A Boy On A Beach”, “Vinegar Tom”, “Love and Information”, “Much Ado About Nothing”, “The White Devil ”, “Sweeney Todd”, “The Snow Queen” зэрэг тайзны  бүтээлүүдэд тогложээ. Цаашдаа ч тэр олон кинонуудад гол болон туслах дүр бүтээнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Саяхан Венецийн кино наадмын үеэр түүний тоглосон “Зэрлэгүүдийг хүлээхүй” кино дэлгэцнээ гарсан бөгөөд Монголын Б.Ганчимэг алдарт жүжигчин Жонни Деппийн хамт улаан хивснээ алхсан юм. Тэр кино төслүүдэд ажиллахдаа зөвхөн Жонни Депп ч биш Киану Ривз, Роберт Паттинсон нартай ч хамтран ажиллаж байв. Харин түүнд эх орондоо ирж, кинонд тоглох боломж олдвол түүхэн кинонд дүр бүтээхийг хүсдэг аж. “Зэрлэгүүдийг хүлээхүй” киноны талаарх хэвлэлийн хуралд оролцохдоо тэрбээр “Анх энэ кинонд тоглохоор болж, номыг нь уншиж байхад миний дүр бол асар их шархалсан хохирогч нэгэн байсан. Тийм ч учраас бүр өөрийн дүрийг бүх талаас нь маш сайн мэдэрч, судлахыг оролдсон. Судлах явцад юуг олж мэдсэн бэ гэхээр тэр эмэгтэй маш хүчирхэг, бас түүний зүрх сэтгэл нь нугаршгүй байсан юм. Тиймээс би ном уншихдаа олж мэдсэн тэр зүйлээ өөрийн дүрийг бүтээхдээ ашигласан” хэмээн ярьжээ. Хамтран ажилласан найруулагч нь ч Б.Ганчимэг тэргүүтэй монгол жүжигчдийн хүчирхэг баг кино төслийг нь улам чимж өгснийг ярилцлагадаа дурсч байсан юм. Түүнд том мөрөөдөл, том зорилго бий. 
Магадгүй хэдэн жилийн дараа дэлхий дахинаа шуугиан тарьсан киноны уран бүтээлчдийн уртаас урт жагсаалт дундаас “Gana Bayarsaikhan” гэх танил дотно нэрийг бид бахархан харж суух цаг ойрхон биз ээ. Тэр бол Холливудад цахиур хагалахаа хүлээж, замаа засч буй Монголын Gana.