Сагсчид өнөөдөр эх орондоо ирнэ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-06-15

Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчид өнөөдөр эх орондоо ирнэ. Баг тамирчид 16:45 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд буусны дараа VIP танхимд хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхөөр болсон байна. 

С.Тулга дасгалжуулагчтай 3x3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчид Филиппиний Манила хотод болсон FIBA 3x3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, шилдэг наймд шалгаран түүхэн амжилтыг үзүүлсэн билээ. 

FIBA 3x3 ДАШТ-д эрэгтэй 20 баг өрсөлдсөнөөс “С” хэсэгт Монгол Улсын баг гурван хожил, нэг хожигдолтойгоор хэсгийн хоёрдугаар байраар шалгаран цааш өрсөлдөх эрхийг авсан юм. Тодруулбал, манай залуус Филиппин, ОХУ, Бразилыг хожин шилдэг наймд үлдсэн ч, Сербийн багт хожигдсон. 

50 мянган хүний суудалтай “Philippine Arena”-д дэлхийн хүчтэй багуудыг хожсон Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр нарын тамирчид багтаж байгаа юм.