ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Уул уурхайн салбар экспортын 88 хувийг бүрдүүлжээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-09-26

УУХҮ-ийн яам, Ашигт малтмал, газрын тосны  газрын хамтран зохион байгуулж буй геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын “Нээлттэй өдөрлөг” өчигдөр  Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ.  Өдөрлөгт экспортын 86 хувь, улсын нэгдсэн төсвийн орлогын дөрөвний нэгийг дангаараа бүрдүүлдэг салбарын шилдэг төлөөлөл болсон 40 гаруй  аж ахуйн нэгжүүд оролцож буй. Энэ үеэр уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалт, хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр, томоохон арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажлаа тайлагнаж, иргэдэд төрийн зарим үйлчилгээг газар дээрээс нь хүргэн, зөвлөгөө мэдээлэл өгсөн юм. Эрдэс баялгийн салбар 2018 оны эцсийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 23.5 хувь, энэ оны эхний долдугаар сарын байдлаар аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 72 хувь, улсын нийт экспортын 88.2 хувь, гадаадын нийт хөрөнгө оруулалтын 64 хувь, улсын төсвийн нийт орлогын 40 орчим хувийг дангаараа бүрдүүлж байна. Энэ нь эдийн засагт үзүүлж байгаа шууд нөлөө гэдгийг тус салбарынхан онцолж байлаа. Тус салбарт зөвхөн эрдэс баялаг,  нүүрс олборлох ажил хийгдээд зогсохгүй бүтээн байгуулалтын  ажил ид өрнөж байна.

 

Нефтийн үйлдвэр 2022 онд ашиглалтад орно

Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдах Нефтийн үйлдвэрийг онцолж болно. Тус үйлдвэр нефтиэ Тамсаг, Тосон-Уул  гэсэн хоёр ордоос авч байгаа бөгөөд  ТЭЗҮ-ээ ч үйл ажиллагаандаа суурилж хийжээ. Ингэхдээ Тамсаг, Тосон-Уулаас 650 км төмөр замаар  эсвэл  хоолойгоор дамжуулж татах эсэх нь хараахан шийдэгдээгүй байгаа аж. Өмнө нь ТЭЗҮ-ээр дамжуулах хоолойгоор нефть татна хэмээсэн боловч Засгийн газрын хуралдаанаар төмөр замаар татах асуудал  яригдаж эхэлжээ. Гэхдээ одоогоор  яаж нефтиэ татах вэ гэдэгт ажлын хэсэг гарч ажиллаж байгаа талаар тус үйлдвэрийн Технологич инженер П.Анударь ярилаа. 

Нефтийн үйлдвэр барих ажлын хүрээнд дэд бүтцийн ажлыг эхлүүлсэн. Үүнд  17.5 километр  автозам, 27 километр төмөр зам, цахилгаан дамжуулах агаарын шугам гэсэн гурван гол дэд бүтцийн ажлыг аравдугаар сард улсын комисст хүлээлгэж өгөх аж. Одоогоор суурь инженерчлэлийн зураг төслийн ажил явагдаж байгаа гэлээ. 

Үйлдвэр ашиглалтад ороход 560 инженер ажиллахаас гадна туслах ажилтнуудаа тухайн орон нутгаасаа бэлтгэх аж. Боловсон хүчнээ хэрхэн сургаж байгаа талаар Технологич инженер П.Анудариас тодруулахад “Одоогоор инженер, техникийн ажилтнуудыг Энэтхэг улсад сургаж байгаа. Ингэхдээ ШУТИС, МУИС зэрэг их сургуулиудтай хамтарч байна. Өмнө нь Энэтхэг улсын Дели хотын технологийн сургууль руу 3-4 хүүхэд сургахаар явуулсан. Энэ намар гурван сарын эрчимжүүлсэн курст 100  хувийн тэтгэлэгтэйгээр хүмүүсээ хамруулах гэж байна” гэлээ. 

Бүгд найрамдах Энэтхэг улсын 100 хувийн хөрөнгө оруулалтаар баригдах стратегийн ач холбогдолтой энэ үйлдвэр байгуулагдсанаар Монгол Улсыг түлш, шатахуунаар хангах бөгөөд цаашдаа аж үйлдвэрийн томоохон бүрэлдэхүүн хэсэг болох нефть-химийн үйлдвэрийн суурь бий болно гэж албаныхан үзжээ.  Жилд 1.5 сая тн ямар ч түүхий нефьтийг боловсруулах энэ үйлдвэрийг Засгийн газар 2022 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Одоогоор үйлдвэрийн Монгол болон Энэтхэг ажилчдад зориулсан хотхон барих ажил үргэлжилж байна. Сайншанд хотоос 20 гаруй  километрийн зайд үйлдвэрийг барих аж.  Хүчин чадлын  хувьд жилд 8000 цаг ажиллах боломжтойг  онцоллоо. 

 

“Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр” ашиглалтад орсноор 4000 хүн ажилтай болно

Тус салбарт хийж буй томоохон бүтээн байгуулалтын нэг нь “Эрдэнэс стийл” компанийн Говьсүмбэр аймгийн Баянтээл сумын нутагт барьж буй  “Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр” юм. Тус үйлдвэр 500 мянган тонн металлургийн кокс, 300 мянган тонн ган төмөрлөг үйлдвэрлэх хүчин чадалтайгаар төлөвлөсөн аж. Үйлдвэрийн хувьд Тавантолгойн коксжих нүүрсэнд суурилсан. Мөн Өмнөд бүсийн районы төмрийн хүдрийн хэд хэдэн уурхайд суурилсан аж.  300 мянган тонн гангаар барилгын арматур, булан төмөр лист, төмөр утас гэх мэт  бүтээгдэхүүн гаргах юм байна.  Тус үйлдвэр ашиглалтад орсноор 1500 гаруй шууд, 2500 гаруй шууд бус ажлын байрыг тус тус бий болгоно. Ажилчдаа аль болох  аймаг орон нутгийн иргэдийг дэмжих замаар ажлын байрыг бий болгох аж.

Төсөл хэрэгжсэнээр уул уурхайн салбарын олборлолтоос гарсан коксжих нүүрс, төмрийн хүдрийн түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэх боломж нээгдэнэ гэж компанийн зүгээс тайлбарлав. Бүтээн байгуулалт нь 3.6 жил үргэлжлэх бөгөөд уг цогцолбор үйлдвэр жилд дунджаар 87.7 тэрбум төгрөгийн татвар хураамжийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх тооцоо гарчээ.

Нээлттэй хаалганы өдөрлөгт дээрх байгууллагаас гадна уул уурхайн зарим компаниуд,  нүүрс олборлох аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа танилцуулсан юм. Тухайлбал, Монгол Улсын эрчим хүчний 60 гаруй хувийг дангаараа түлшээр хангадаг “Багануур” ХХК өдөрлөгт оролцов. Тус компани энэ үүргээ 41 дэх жилдээ хариуцлагатай  биелүүлж яваа аж. Улаанбаатар хотод түүхий нүүрс нийлүүлэхгүй байгаатай холбогдуулан тэрээр ярихдаа,  “Станцууд манайхаа түүхий нүүрсээ авч байгаа. Улаанбаатар хотын хэмжээнд түүхий нүүрс түлэх технологиор баригдсан уурын зуух­нууд нэлээд байдаг. Тэдгээрийг түлшээр хангах зөвшөөрлийг Улаанбаатар хотын захиргаанаас авсан олон компани бий. Харин “Багануур” ХХК тэдгээр компанитай гэрээ байгуулж нүүрсээ олгож байна. Хувь хэрэглэгч, компаниудад түүхий нүүрс олгохоо захирамжийн дагуу зогсоосон. Жижиглэнгээр 500-600 мянган тонн нүүрс борлуулдаг. Үүнээс 250-260 орчим тонн түүхий нүүрсийг Улаанбатаар хотын айл өрхүүдэд борлуулдаг гэсэн тооцоо бий. Жижиглэнгийн борлуулалт буурсан ч гэсэн жилийн нүүрс борлуулалтад айхтар нөлөөлсөн зүйл байхгүй” гэдгийг “Багануур” ХХК-ийн Захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга н.Батболд хэлсэн юм.