ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

100 гаруй эртний булшийг хамгаална

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-09-26

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. 

 

Ноён уулыг дархан цаазат болгох тогтоолын төсөл  өргөн мэдүүлнэ

Ноён Уул орчмын газрыг дархан ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Тогтоолын төсөлд байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх соёлын болон экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газар болон Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутагт орших Ноён уул орчмын дурсгалт газрыг өргөтгөн, ангилал ахиулж, дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар тусгасан аж. Ноён Уул орчмын газрыг тусгай хамгаалалттай болгосноор байгалийн өвөрмөц тогтоц, түүх соёлын дурсгалууд ойн сан бүхий газрын 0.11 хувь хамгаалагдаж, Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ 10.483 га талбайгаар нэмэгдэх юм байна. Энэ сарын 17-ны өдрийн байдлаар тус газарт ашигт малтмалын 10 тусгай зөвшөөрөл давхцалтай  байгаа ажээ. Иймд тухайн газар нутагт олборлолт хайгуул хийж буй уул уурхайн компаниудын үйл ажиллаагааг таслан зогсоож, газрын тусгай зөвшөөрлийн олголтыг шалгаж байгаа юм байна. Засгийн газраас Ноён уулын дархан цаазат газрын  хамгааллын менежментийг хариуцах хамгаалалтын захир­гааг байгуулж, шаар­дагдах хөрөнгийг улсын төсөвт тусган ажиллах аж. Мөн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Хориг уулын олдворууд болон тонуулчдын гарт өртсөн зэрэг 100 гаруй эртний булшийг хамгаалахад шаардагдах 360 гаруй сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэжээ. 

 

Ирэх оны  төсвийн тухай хуулийн төслийг дэмжив

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Монгол Улсын  нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. 

Энэ оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт сэргэж 7.3 хувьд хүрсэн аж. Үүнд зэсээс бусад голлох ашигт малтмалын үнэ тогтвортой  байж уул уурхай, түүнийг дагасан эдийн засгийн бусад салбарын өсөлт, аж ахуй нэгжүүдийн борлуулалт ашигт ажиллагаа нэмэгдсэн болон татвар гаалийн шинэчлэл, газрын төлбөр зэрэг нөлөөлжээ. 

Товч мэдээ

• Ашгийн төлөө бус хуулийн эт­гээдийн тухай хуулийн тө­сөл болон уг хуулийн төсөл­тэй холбогдуулан боловс­руул­сан бусад хуулийн төс­лийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
• Дипломат, албан болон эн­гийн паспорт эзэм­шигч­дийг визийн шаардлагаас чөлөө­лөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Парагвай Улс хоо­рон­дын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд хэлэл­цээрт гарын үсэг зура­хыг ГХ-ны сайдад зөвшөөрөв.
• Засгийн газар, ОХУ-ын Зас­гийн газар хооронд Эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулж, гарын үсэг зурах эрхийг ЭХ-ий сайдад олгов.
• Хоршоог хөгжүүлэх нийг­мийн хэмжээний хөтөлбөр III”-ыг  батлав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг улсын болон орон нутгийн төсөв, гадаад улс, олон улсын байгууллагын зээл тус­лам­жид хамруулан жил бүрийн батлагдсан төсөвтөө баг­таан хэрэгжүүлэхийг ХХААХҮ-ийн сайдад үүрэг болгов.