ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Т.Ганболд: Лаборатори байгуулж өгөхдөө түүнийгээ цааш авч явах урсгал зардлыг шийдэж өгдөггүй

Б.ГАНЗОРИГ
2019-09-26

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор “Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал”-ыг маргааш Төрийн ордонд анх удаа зохион байгуулах гэж байна. Өнөөдөр дөрвөн салбар хуралдаан “Хандлагаа өөрчилье” уриан дор явагдаж байгаа юм. Хэлэлцүүлэг нь:

  • “Шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн бодлого”;
  • “Шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөц, дэд бүтэц;
  • “Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалт;
  • “Шинжлэх ухаан, технологи ба Түншлэл” сэдвийн хүрээнд МУИС, ШУТИС, АШУҮИС, СУИС-ийн хурлын танхимд болж байна.

Уг их хуралд шинжлэх ухаан, инноваци, технологийн салбарын 800 төлөөлөгч оролцон санал бодлоо хуваалцаж байгаа ажээ. Тэд уг салбарт тулгамдаж буй асуудлыг ярилцаж, гарц шийдэл олох зорилготой.

Эдгээрээс ШУТИС дээр зохион байгуулагдаж буй Судалгааны оновчтой, хүртээмжтэй дэд бүтэц сэдвийн хүрээнд эрдэмтэд, их дээд сургуулийн багш нар, төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөл байр сууриа илэрхийлснээс эшлэл бэлтгэн хүргэж байна.

ШУА-ийн тэргүүлэгч Т.Ганболд

  • Лаборатори байгуулж өгөхдөө түүнийгээ цааш авч явах урсгал зардлыг шийдэж өгдөггүй. Тэнд ажиллах эрдэмтэн судлаачдыг шинэ тоног төхөөрөмжтэй хэрхэн ажиллах талаар сургалтад хамруулахгүй байна.
  • Том багаж, тоног төхөөрөмжүүдээ мэддэг чаддаг хүмүүс дээр нь төвлөрүүлээд ажиллуулах санал дэвшүүлж байна.
  • Шинжлэх ухааны ололт амжилтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх гол газар нь ШУ-ы парк байх ёстой болов уу.

Монос группийн ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар

  • 1990 онд жижиг үйлдвэр байгуулчихаад Химийн хүрээлэн дээр очоод танай Соёолж гэдэг эмийг үйлдвэрлэе гэдэг санал тавьсан. Жилд орчим хойноос нь хөөцөлдөөд бүтээгүй учраас үйлдвэрийнхээ дэргэд зохион бүтээх тасаг байгуулан ажиллаж эхэлсэн. Энэ нь хүрээлэнгүүд эрх мэдэлгүйтэй холбоотой гэж ойлгодог.
  • Үйлдвэрийн дэргэд байгуулсан эм судлалын хүрээлэнгийнхээ шугамаар ШУА, хүрээлэнгүүдтэй хамтраад ажиллая гэхээр одоо ч гэсэн хүлээж авдаггүй. Тийм учраас давтан ярьж байна.
  • Хүрээлэнгийн захирлууд хувийн секторыг "мангаа" юм шигээр ойлгож хүлээж авдаг. Наанаа за гэдэг ч цаагуураа хамтын ажиллагаа явдаггүй. Ер нь хувийн хэвшилтэй хамтарч ажиллах эрх мэдэлгүй юм шиг байгаа юм.
  • Төрийн өмчийн дэвшилтэт лабораторид шинжилгээ хийлгээд очих гэхээр эвдэрчихсэн. Сэлбэг байхгүй гэдэг. Сэлбэгийг чинь авч өгөөд шинжилгээгээ хийлгэе ээ гэхээр бас хөдөлдөггүй.
  • Инновац гурван талын оролцоотой байх ёстой. Төр юу хийж байгаа нь тодорхойгүй, эрдэмтэд санхүүжилт байхгүй гээд байдаг. Бизнесийнхэнд санхүүжилт хийх чадвар байгаа ч юунд гэдгээ мэдэхгүй байна.
  • Эрдэмтэд амьдралд хэрэгтэй судалгаа хийж байна уу, үгүй юу гэдгийг би хэлж мэдэхгүй байна.

Шинжлэх ухааны паркийн захиргааны захирал Б.Бат-Өлзий

  • Шинжлэх ухааны салбарын дэд бүтцийг төр хувийн хэвшил хамтраад хөгжүүлэх нь үр дүнтэй. Төрийн оролцоо шинжлэх ухааны паркад байгаа ААН-үүдэд хөнгөлөлт эдлүүлэхээс өөрөөр оролцохгүй, зах зээлийн зарчмаараа явах ёстой болов уу.
  • Эрдэмтдийн судалгаа, бүтээл нийгмийн хэрэгцээнд нийцэж байвал түүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх хувийн хэвшлийнхэн хангалттай байгаа харж байгаа.

МУИС-ийн Багажит анализийн төвийн эрхлэгч Б.Очирхуяг

  • Монгол Улсыг хөгжүүлэх хамгийн боломжит хувилбар бол нээлттэй лабораториуд байгуулах юм. Нээлттэй гэдэг нь уг лаборатори ямар ч байгууллагатай хамтарч ажиллахад бэлэн байх гэсэн утгыг илэрхийлнэ.
  • Нээлттэй лабораторид тавигдах дараагийн чухал шаардлага бол тоног төхөөрөмж байнгын тогтвортой үйл ажиллагаатай байх юм.
  • Судалгаанаас гарч ирсэн технологийг зүгшрүүлэх лабораторитой байх хэрэгтэй. Эхний ээлжинд бидэнд 2-3 ийм лабораторийг байгуулах боломж байгаа гэж харж байна.
  • Шинжлэх ухааны мэдээллийн нэгдсэн сантай болох хэрэгтэй.

АШУҮИС-ийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал Б.Амарсайхан

  • Төр том тоног төхөөрөмж авч өгчихөөд түүнийг ашиглахад гардаг урсгал зардал гаргаж өгдөггүй талаар дээр яригдсан. Манай лабораторид ч тийм асуудал тулгарсан учраас сургуулиас урсгал зардлыг шийдсэн. Сургуулиудын хувьд тийм боломж бий.
  • Лабораториудыг нэгдсэн мэдээллийн тогтолцоон оруулах шаардлагатай. Энд тэнд байгуулагдсан лабораториуд ашиглагдахгүй байгаа талаар мэдээллүүд гардаг. Хаана юу байгаагаа мэдэж баймаар байна.
  • Хувийн хэвшлийн лабораториуд төрийнхийг бодвол хэрэгцээгээ зөв тодорхойлсон байгаа нь харагддаг.