ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Монголын уул уурхайн өсөлт мал аж ахуйд заналхийлж байна

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-09-30

“theconversation.com” сайтад Монголын уул уурхай, мал ахуйн талаар тэр дундаа Өмнөговийн Ханбогд суманд үйл ажиллагаа явуулж буй Оюу толгойн уурхай малчдын үл ойлголцлын талаар бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна. 

Италийн алдарт аялагч Марко Поло XIII зууны үед асар уудам говь цөлийг судлахдаа ер бусын зүйлсээр дүүрэн газар хэмээн тодорхойлсон байдаг. Харин өнөөдөр өвсгүй, модгүй нүцгэн тал шиг Монголын мал аж ахуйн бэлчээр нутагт Дэлхийн хамгийн том зэс, алтны уурхайн нэг Оюу-Толгой ажиллаж байна. Ашигт малтмалын баялаг ихтэй, уул уурхайн хөгжил нь оргил үедээ яваа  Монгол Улсыг “The Economist” сэтгүүл “Дараагийн Катар” хэмээн тодорхойлсон. Гэвч, Оюутолгойн уурхай шиг мега төслүүд олборлолтоо нэмэгдүүлсэнээр малчид, иргэдтэй зөрчилдөх болов. Ашигт малтмалын олборлолт огцом нэмэгдсэнээр “Мал аж ахуй тэсч үлдэж чадах уу” гэх асуулт урган гарч байгаа юм. Өмнөговь Монголын хамгийн өндөр өргөрөгт орших цөл бөгөөд эрс тэс уур амьсгалтай ч, уламжлалт мал ахуй эрхлэгчид олноор суурьшсан. Нүцгэн тал, хуурайшилт, зуд, ган гачиг, үерийн аюул ч мал аж ахуйд сөргөөр нөлөөлдөг. Урьдчилан таамаглах боломжгүй цаг агаарын нөхцөл нь энд улирлын чанартай малын нүүдлийг бий болгох бөгөөд үүнийг монголчууд отор гэж нэрлэх нь бий. Зургаан мянган жилийн турш монгол малчид уламжлалт экологийн мэдлэгээ ашиглан ус болон бэлчээрийн хомсдолд дасан зохицож ирсэн. Харин өнөөдөр малчдын эл дасан зохицох чадвар ашигт малтмал олборлолтод заналхийлэх боллоо. Нөгөөтэйгүүр, уул уурхай нь усыг бохирдуулж,  газрын хөрсийг эвдэх, тоос шороо босгох, иргэдийг нүүлгэн шилжүүлэх, уламжлалт дадал алдагдуулах , авлига хээл хахууль гэх зэргээр  байгаль орчин болон нийгэм, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байна. 

Оюутолгойн мөр 

“Туркойз Хилл Ресурс” компанийн “Оюутолгой”-н уурхай бол Монгол дахь малчид уурхай хоорондын зөрчилдөөний хамгийн тод жишээ. Өмнөговь аймгийн Ханбогд суман дахь тэмээ үржүүлгийн бүс нутагт байрлалтай эл уурхайг 2000 онд Айвенхоу Майнз авч, үйл ажиллагааг нь өргөжүүлсэн байдаг. Анх Айвенхоу Майнз  компанийн ерөнхийлөгч гадны хөрөнгө оруулагчдад говиос “бэлэн мөнгөний машин” олдсон гэж зарлахад Монголын ард иргэд эргэлзэнгүй хүлээн авч байсан гэдэг. Харин одоо Рио Тинто корпораци уурхайн дийлэнх хувийг эзэмшдэг бөгөөд тус уурхай сумын хамгийн том ажил олгогч байгууллага болсон.  

Сүүлийн жилүүдэд зардал нь хоёр тэрбум ам.доллараар нэмэгдсэн ч, Оюу толгой Монголын хамгийн том татвар төлөгч байгууллагуудын нэг хэвээр байгаа юм. Оюутолгой тус аймагт олон талын нөлөө үзүүлж ирсэн. Нийгмийн хариуцлагын чиглэлээр нийгмийн эрүүл мэнд, бизнес эрхлэгчдийг чадавхжуулах сургалт зэрэг төрөл бүрийн ажлуудыг санхүүжүүлдэг. Түүнчлэн, зам, нисэх онгоцны буудал зэрэг дэд бүтцийг барьж өгсөн. Гэсэн хэдий ч, дэд бүтэц нь малчдад хүртээмжгүйн дээр, тэдний ахуй амьдралд хүндрэл учруулж байгаа. 

Уурхайн талбайн онцгой бүс, нисэх онгоцны буудал, дамжуулах хоолойнуудыг барихдаа малчдын жим, замын чиглэлийг өөрчилсөн. Замууд бэлчээрийг хуваан баригдсан учраас замын хөдөлгөөнд оролцогчид мал мөргөх осол гаргах эрсдэл нэмэгдсэн. Мөн оюутолгойн цооногуудыг  гүний болон гадаргын устай холбон барьсан байж болзошгүй бөгөөд энэ нь хүн, амьтдын ундаалдаг гадаргын усыг эрс багасахад нөлөөлөх юм. 

Малчдын давуу эрхийг өөрчлөх

Оюутолгой маш том газар хэмжээтэй газарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд  уурхайтай холбоотой нийгэм, эдийн засгийн асуудлууд ч малчдын зан байдал, шийдвэр гаргалтад нөлөөлж байна. Монгол Улс 1990 ээд оны үед 20 сая малтай байжээ. Харин ардчилалд шилжсэнээс хойш малын тоо эрс өсч, 2010 оны байдлаар 60 саяд хүрсэн байна. 

Малын тоо өсөхийн хэрээр малчдын амьжиргаа сайжирсан нь Ханбогд суманд ч ажиглагддаг. 

2003-2015 оны хооронд Ханбогд сумын мал хоёр дахин өссөн нь бэлчээр, усны нөөцөд ихээхэн дарамт учруулах болжээ. Түүнчлэн, малчид бэлчээрийг нийтдээ дундаа ашиглах бол хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглаж, цар хүрээг нь нэмэгдүүлэхийг санаархах болсон. Сумын захиргаа газар өмчлөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх эрх мэдэлгүй тул асуудалд хариу өгөхөөс зайлсхийж байна. Засаглалын тодорхой бодлого байхгүй учраас малчид Оюутолгойгоор төрийн үүргийг гүйцэтгүүлж, дэд бүтэц үйлчилгээгээр хангахыг нь хүлээх хандлага нэмэгдсээр байна. 

Зэрэгцэх үү, эсвэл тэсч үлдэх үү

Жирийн дүрслэлээс ялгаатай нь Ханбогд суманд уул уурхай,  мал аж ахуй зэрэгцэн оршиж байна. Малчид говийн эрс тэс уур амьсгалыг даван туулах уламжлалт арга барилтай, малын тоо толгой нь өссөөр байгаа учраас нутагтаа тогтвортой аж төрөх нь маргаангүй. Гэсэн хэдий ч, Оюутолгой болон бусад  мега төслүүдтэй хослуулан мал аж ахуйгаар амжиргаагаа залгуулах нь бэлчээрийн мал аж ахуйг төлөвлөөгүй ирээдүйд хүргэж болзошгүй байна.  

БНХАУ-ын нэг триллион ам.долларын Бүс ба санаачлага хэрэгжиж эхэлбэл Монголын малчид усны эрсдэл, уур амьсгалын өөрчлөлт, зах зээлийн болон олборлох үйлдвэрүүдийн дарамттай тулгарах болно. Тиймээс тун удахгүй  бэл­чээ­рийн мал ахуй хумигдан суурьшмал аж ахуйд шилжиж, хэдэн зууны өмнөх Марко Пологийн аялал хийж явсан үеэс огт өөр говь бий болох бизээ.