ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ш.Сайхансамбуу: МАН, АН-тай 30 жилийн хариуцлага тооцвол олон хүн шоронд явна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-09-30

- Ардын намын гол хорыг Ц.Нямдорж найруулдаг -

УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбууг “Ярилцах танхим” буландаа урьж, улс төрийн цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-МАН-аас Ард нийтийн санал асуулгатай холбогдуулан ээлжит бус сонгууль явуулна, явуулахгүй гээд яриад эхэллээ. Та үүнийг юу гэж харж байна вэ. Энэ хэр боломжтой хувилбар вэ?

-Миний хувьд 2008-2012 онд УИХ-д сонгогдож ажилласан. Одоогийн парламентад надтай хамт сууж байсан худлаа ярьдаг нөхдүүд ч хамт байна. Ард түмнийг хууран мэхэлдэг, залилдаг, хууль засдаг хүмүүсийн хийж байгаа ажил. Парламентын гишүүдийн 40 гаруй нь шинэ хүн бий. Тэд бол гишүүний тэмдэг зүүсэн л хүмүүс. Шинэ гишүүдийг төрийн ямар ч үйл ажиллагаанд оролцуулахгүй байна. Харин энэ үйл ажил­лагааг МАН-ын толгойны хэдэн нөхдүүд хийдэг юм. Тэд гадныхантай хуйвалдана, өмч хөрөнгө хулгайлна, ард түмнийг үргэлж туршиж байна. Энэ шийдвэр бол үүний нэг хэлбэр. Ингээд зарлачихвал ард түмэн ямар хариу  үйлдэл үзүүлэх вэ гэж үргэлж туршдаг.  Ард түмэн эсэргүүцээд эхлэхээр удахгүй дахиад өөр зүйл ярина.

-Ээлжит бус сонгууль хийх нь хэр зөв алхам бэ?

-Сонгууль болох ямар ч бололцоо байхгүй. Сонгууль хийх бол олон хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой. Тухайлбал, Үндсэн хууль, Сонгуулийн тухай гэх мэт хэд хэдэн гол хуультай улс төрийн шийдвэр нь харшилна. Нөгөөтээгүүр, хөхөө өвлийн хүйтэнд морь унаад санал өгөх хүн олдохгүй. Манай Завхан, Увсынхан сонгууль өгч чадахгүй. Удахгүй хүйтрэх гэж байна. Хөвсгөл, Хэнтийн хойд хэсэг, Завханы Баянтэс, Тэс, Увс, Баян-Өлгий аймагт эрт цас унадаг. Хар цаснаар сонгуулийн саналын хайрцаг үүрээд, хэн санал авах вэ дээ. Миний хувьд энэ бол цуурхал. МАН ард түмнээ туршиж байна. Үүний нэг хэлбэр.

-МАН-аас ард түмнийг турших ямар шаардлага байна вэ. УИХ-д 65 суудал өгч итгэл үзүүлж байна. Өөр юу хэрэгтэй гэж?

-30 орчим жил сонгуулийг янз бүрээр хийсээр байгаад одоо арга нь барагдаад  байгаа. Тиймээс  УИХ-ыг тараагаад ээлжит бус зарлаад үзвэл юу гэх бол гэж туршиж байгаа. Магадгүй ээлжит бус хийвэл МАН-д ашигтай гэж тооцсон байх.  Миний хувьд ээлжит бус хийлээ гэхэд тэдэнд ямар ч ашиг байхгүй. 2016 онд шинэ парламент байгуулагдаж, МАН 65 суудал авахад нь би  хууль бус УИХ гэж хэлсэн. Одоо ч ийм байр суурьтай байгаа. Сонгуулийн дараа байр сууриа илэрхийлж, хэвлэлд ярилцлага өгсөн. Үүний дараахан  Ц.Сандуй, А.Ганбаатар нарын бичлэг гарч ирсэн. Гэтэл энэ хоёр залуу өнөөдөр төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн зүйл ангиар ял сонсож байна шүү дээ. Тэгэхээр 2016 оны парламентаас гарсан бүх шийдвэр хүчингүй болж таарна шүү дээ.  

-Энэ албан тушаалын наймаа хэзээнээс эхлэлтэй юм бэ?

-Намайг УИХ-д 2008 онд ороход албан тушаалын төлөөх дайн, төрийн албыг наймаалцдаг байдал байсан шүү дээ.  Сонгуулийн хахууль 1992 оноос эхлэлтэй. Анх барааны савангаас эхэлсэн байдаг юм. Одоо 100 мянган төгрөгт хүрсэн  байна билээ. Монголд анх албан тушаал үнэлэхийг МАХН-ын дарга Н.Энхбаяр гаргаж ирсэн.

-МАН-ын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх гээд байгаа гол шалтгааныг та хэрхэн дүгнэж байна?

-МАН-ын 2016 оны мөрийн хөтөлбөрт хамгийн том амлалт байгаа юм.  Үндсэн хуулийг ард түмний санал асуулгаар явуулсаны үндсэн дээр нэмэлт өөрчлөлт хийнэ гэж заасан. Бүтэн үгээрээ ингэж байгаа. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг хавсарч хийдгийг болиулна. УИХ нь Ерөнхий сайдыг томилно. Ерөнхий сайд тодорхой хугацааны дараа багаа танилцуулна. Хэрэв чадахгүй бол өөрөө хариуцлагаа хүлээнэ. Дараагийн Засгийн газарт ажлаа хүлээлгэж өгнө гэж заасан. Би ийм зүйл ярих байх гэж бодож байсан юм. 1992 оны Үндсэн хуульд засаглалын хэлбэрт өөрчлөлт хийх боломжтой. Харин бусдаар өөрчлөөд, засварлаад байх зүйл байхгүй. МАН-аас Үндсэн хуулийг нэмэлт өөрчлөлт ч биш, засвар ч биш зүйлийг хийж байгаа. Мөн ээлжит бус сонгууль болохгүй. Өдийд сонгууль хийж байсан түүх Монголд байхгүй. Энэ бол цуурхал. Хууль бус УИХ ард түмнээрээ тоглож байна.  Харин МАН, АН-аас цөөхөн хүн сонгоод, улс төрийн шинэ хүчинд боломж олгомоор байна. Энэ хоёр намтай 30 жилийн хариуцлага тооцвол маш олон хүн шоронд явна. Үүнийг МАН, АН-ынхан сайн мэдэж байгаа. Энэ байр сууриа алдахгүйн тулд аргаа барж байгаа юм.

-Та сонгууль хугацаандаа болох нь зөв үзэж байна уу?

-2020 оны зургадугаар сардаа болох нь зөв. Ээлжит бус зарласан байсан ч явсаар байгаад, зургадугаар сартай золгоно. Төрийн албан хаагчид сонгууль болохоос зургаан сарын өмнө ажлаа өгсөн байх ёстой. Одоо нэг ч хүн ажлаа өгөөгүй байна. Ийм байхад яаж сонгууль хийх вэ дээ. Удахгүй намрын чуулган эхлээд төсөв хэлэлцэх ёстой. Төсвөө хувааж авах гэж бөөн хэрүүл болно. Буруу зөрүү хамаагүй нэг юм төсвөө батална. Төсвөө баталж чадахгүй бол УИХ тарна. Төсвөө хүчээр батална. Сонгууль хийх цаг зав бараг байхгүй.

-Хууль бус гэж дүгнэсэн УИХ-д ямар дүн тавих вэ?

-Ямар ч хэлэх үг байхгүй /толгой сэгсрэв/. Миний хувьд гишүүн байхдаа Оюу толгойг эсэргүүцэж, нэлээд их мэдээлэл хийсэн. Үүнээс болж би МАН-аас гарсан. Тэр үед дээрэмчдээс бүрдсэн нам гэдгийг нь мэдсэн юм. Тухайн үед би маш их ганцаардаж байлаа

-Тухайн үед та аль  фракцад нь байсан юм бэ?

-Би ганцаардаж байсан гэж хэллээ. Ийм хүн ямар фракцид байх юм бэ. Одоо амтай бүхэн нь Оюу толгой ярьдаг болж. Тухайн үед УИХ-ын гишүүд С.Баяраас айгаад үг хэлдэггүй. Намын даргын  өөдөөс дуугардаггүй байлаа. Одоо ч ялгаа алга. Шударга үнэний дуу хоолой болох хүн байхгүй байна.

-Яагаад?

-Бүгд ашиг сонирхлын зөрчилтэй.

-Энэ хэвээр байвал 2020 онд өөрчлөлт гарах уу?

-2020 онд үзэл бодлоороо уралдана. Эцсийн шийдвэрийг ард түмэн гаргана. Түүнээс 50-100 мянган төгрөг өгөхөд Ц.Нямдорж, Ч.Улааныг сонго­вол ялгаа байхгүй. Монголд хийж байгаа томоо­хон бүтээн байгуулалт бүгд гадны хөрөнгө оруулалтаар хийж байгаа. Бид яагаад өөрсдийнхөө мөнгөөр барьж болохгүй байгаа юм бэ. Зах зээлд хямд өртөгтэй орон сууцыг нийлүүлэх ёстой. Ийм боломжууд бий. Ийм боломжийг мэдэхгүй биш 76 гишүүн  мэдэж байгаа. Даанч бие биенээсээ өрсөж иднэ гэж хэцүү зүйл байдаг.

-МАН туршлагатай улс­төрч­дөөсөө салахгүй гэх биз ?

-Ц.Нямдорж, Д.Лүндээ­жанцан, М.Энхболд, Г.Зандан­шатар, Ч.Улаан, Сү.Батболд гэх мэт хүмүүс байна. Мөн МАН-ын дарга байна. Намын даргын шийдвэр нь УИХ, Засгийн газрынх болж батлагдаж байна. У.Хүрэлсүх сэлэм­дэнэ, хариуцлага тооц­но гэж хэлээд удаж бай­гаа. Одоогоор нэг ч хүнд хариуц­лага тооцохгүй байна шүү дээ. МАН-ыг төр барих хуга­цаанд хоёр удаа хүн амины том  хэрэг гарсан. Ард түмэн үүнийг мартаад байна. Ийм намыг сонгоод байх юм уу. Баруунд ийм намыг аль хэзээний тараачихсан байгаа. Өдийд юу ч байхгүй болсон байгаа. МАН-ын гол хорыг Ц.Нямдорж найруулдаг юм. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, С.Баяр, У.Хүрэлсүх гээд нэрлээд байвал өчнөөн бий. Бүгд Ц.Нямдоржийн заавар, зөвлөгөөгөөр явдаг. Олон нийт Ц.Нямдоржийг хэн бэ гэдгийг мэдэж эхэлж байна. Ийм хүмүүсийг иргэд сонгож байгаад харамсаад байх юм. Мөн нэр нь гардаггүй аюултай хүмүүс бий. Хөшигний ард суудаг олон хүн байгаа.  Иймэрхүү луйварчдыг сонго­мооргүй байна. Тэд хэзээ ч ард түмний амьдралыг сайжруулж, амлалтаа хэрэг­жүүлэхгүй. Бүгд амиа хичээсэн хүмүүс.

-Эрх баригч нам хоёр толгойтой юм шиг байна шүү дээ?

-Одоо хоёр тал болоод, санал нэгдэхгүй байгаа юм шиг харагдаж байна.  Сонгууль дөхөхөөр бүгдээрээ нэгдчихнэ. Хэрвээ тэгэхгүй бол уналаа, ялагдлаа гэнэ. Ялагдахгүйн тулд М.Энхболд, У.Хүрэлсүх хоёр нэгдэнэ. Тохиролцоонд хүрнэ. Энэ хоёрын хэн, хэн нь унахгүйг хичээнэ. 2020 онд улс төрийн шинэ хүчин гарч ирэх юм бол олон хүн шоронд явна гэж дахин, дахин хэлье. Тэр ч бүү хэл Үндсэн хуулийг энэ чигээр нь батлах юм бол эцэг хуулиар тоглосон хэргээр Г.Занданшатар тэргүүтэй хэсэг бүлэг хүмүүс шоронгийн хаалга татна. Ерөнхийлөгч Х.Баттулгыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд гарын үсэг зурахгүй байх гэж бодож байна. Зурахгүй гэдгээ хоригийг тавиад илэрхийлчих шиг боллоо. Үүнд заавал Ерөнхий­лөгч гарын үсэг зурдаг. 1992 оны хуульд П.Очир­бат Ерөнхийлөгч гарын үсэг зурж харуулж байсан.

-Танд ирэх онд сонгуульд нэр дэвшээч гэж өөр намаас санал тавьж байна уу?

-Үгүй. Би өөрөө МАН-аас гарсан, хөөгдөөгүй. Д.Сосорбарамын хэлснээр би аюултай газраас өөрийнхөө биеийг татаж авсан. Харин Д.Сосорбарам АН-аас өөрий­гөө татаж авсан. Үүгээрээ бид хоёр адилхан.

-2020 онд та “Үнэн ба зөв нам”-аас дэвших үү?

-Тэгнэ. Бид 21 аймгаар явж, ажиллаж байна. Мөрийн хөтөл­бөрөө олон нийтэд танил­цууллаа. “Үнэн ба зөв нам” ард түмний санаа бод­лыг сонсож байна. Миний хувьд бага залуудаа намын үүрийн даргаар ажил­лаж байсан. Тодорхой хэмжээ­ний турш­лага надад бий. Залуу­чууд­даа өөрийн туршлагаас улбаалан улс төрд сургаж байгаа.

-Нам гэж таныхаар ямар байх ёстой вэ?

-Хэсэг бүлэг хүн нийлээд, намдаа нэр өгнө. Нийгэмд болохгүй, бүтэхгүй байгаа зүйлийг соргогоор олж хараад, татвар төлөгчдөөс цугласан мөнгийг хуримтлуулна. Цуг­ла­сан мөнгөнөөс нэг ч төг­рөг дутаахгүй, ард түмний хүсэл сонирхолд нийцүүлж, амлалтаа хэрэгжүүлэх ёстой. Бүтээн байгуулалтыг хийх ёстой. Түүнээс өөрсдөө хувааж идэхийн нэр биш. Ямар ч банкны шалгуур  дамжихгүй, жилийн гурван хүүтэй зээл хүртэхийг хэлэхгүй. Миний таньдаг гадны хүмүүс нүүр улайтал хэлж байна. Тэд “Танай энэ улстөрчид дээрэмчид юм байна” гэж хэлсэн. Ард түмэндээ эмнэлэг, зам, сургууль, цэцэрлэг, орон сууц барьдаггүй. Өргөн хэрэглээний хүнсний бүтээг­дэхүүний үнийг байнга нэмдэг гээд гайхаж байна. Хариуд нь хэлэх үг олдохгүй суулаа.  

-Та хэчнээн залууг улс төрд бэлдэж байна вэ?

-80 гаруй мянган гишүүнтэй. Сонгуульд нийт 14 мянган гишүүн нэр дэвшинэ. Гэхдээ сонгууль ярихад эрт байна. Ямар хууль батлахыг хэн ч мэдэхгүй. Олон нийтэд нэр дэвшигч нь өөрийгөө таниулах боломж олгохгүй байгаа. Ямар ч барьц алга. Ард түмний санал асуулга болох болохгүй нь бүү мэд. УИХ-ын ээлжит бус чуулган завсарласан нь ч  тодорхойгүй. Удахгүй намрын чуулган эхэллээ. Ийм л дампуу байдалд байна. Шуудайд хийсэн эвэр шиг 76 гишүүн байна. Нэг л их гадаад руу аялсан хүмүүс байна даа. Гишүүдээ дураар нь гадагшаа явуулаад байдаг. Хурал хийхээр ирц нь хүрэхгүй байх жишээтэй. Гишүүд гадны том, том зочид буудалд өглөөний цай уугаад, орой нь шоу үзэж байна. Үгүй бол казино тоглоод л тэнэж явдаг.