ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Газрын тухай хуулийг эрэмбэлэх хэрэгтэй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-06-15

УИХ-ын чуулганаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм.

Ж.Ганбаатар:

-Газраа өмчилж авсан гэр хорооллын иргэд тухайн  газар дээрээ байшин барьж түүнийгээ үйлчилгээний чиглэлээр ашиглахаар бүртгүүлье гэхэд  зөвхөн амьдрах байшин барих ёстой. Өмчилсөн газарт үйлчилгээний зориулалттай байшинг барихгүй гээд бүртгэдэггүй. Энэ асуудлыг хуульд хэрхэн тусгасан бэ.

М.Билэгт:

-Газрын тухай хуулийг эрэмбэлэх хэрэгтэй.  Замбараагүй энэ байдал 2008 оноос эхэлсэн.

Ц.Нямдорж:

-М.Билэгт гишүүн амьдрал  ярьж байна. Бүртгэгдсэн ашиглах эзэмших газрыг өмчлөхийг нь хязгаарласан заалтыг хэлэлцүүлгийн явцад оруулъя гэж ойлголцсон юм. Яг үнэндээ бүртгэлгүйгээс ийм асуудал үүсч байгаа юм. Танил талаараа асар том газар өгчихдөг, түүнийг бүртгэдэг  зэрэг ямар ч хяналтгүйгээс асуудал үүссэн. Бүртгэлтэй болоод ирвэл эзэмших эрх нь ч , ашиглах эрх нь ч байхгүй болох юм.

Д.Тогтохсүрэн:

-Эзэнгүй үл хөдлөх хөрөнгийг эзэмших асуудлыг өмнөх хуулиар явуулах саналтай байна. Энэ төрлийн эд хөрөнгө олон бий. Эзэмших болон ашиглахад  аль, аль нь  хугацаатай байж өмчлөлийн асуудлыг шийдэхгүй бол эзэнгүйг нь  шууд өмчлүүлээд байх юм бол дараа нь олон сөрөг үр дагавар үүсэхийг үгүйсгэхгүй.