ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БНХАУ байгуулагдсаны түүхт 70 жилийн ойг 620 мянган телевизээр шууд дамжуулна

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-10-01

1949 оны аравдугаар сарын 1-нд Коммунист намын дарга Мао Зэдун БНХАУ байгуулагдсаныг зарлан тунхаглажээ. Тэр цаг үеэс хойш хятадууд Бүгд найрамдах улс байгуулагдсаны ойгоо жил бүрийн аравдугаар сарын 1-нд тэмдэглэх болсон бөгөөд энэ жил тэгш ой тохиож буйтай холбоотойгоор урьд хожид байгаагүй сүр дуулиантай тэмдэглэхээр бэлтгэлээ хэдийнэ хангажээ. 10 жилийн өмнө БНХАУ дэлхийн хамгийн хүчирхэг гүрний нэг болох зорилго тавьж байсан бол эдүгээ тус улс дэлхийн хоёр дахь том эдийн засагтай гүрэн болсон. Эрх баригчид нь ч үүнийгээ дэлхий дахинаа батлан харуулахын тулд ойн арга хэмжээнд туйлын ач холбогдол өгч байгаа юм. БНХАУ байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн гол үйл ажиллагаа нийслэл Бээжинд болох бөгөөд цэргийн парад, гала концерт болон баярын салют зэрэг олон, олон үйл ажиллагаа болно. Ойн баярыг нээж БНХАУ-ын дарга Ши Жиньпин ард иргэддээ хандан үг хэлэх юм. Тэрбээр Хятад улсын хөгжил, эдийн засгийн өсөлтийн замнал болон цаашдын зорилт, чиг хандлагын талаар ярих аж. Түүнээс гадна Хятадын үе үеийн дарга нар энэхүү үйл ажиллагаанд оролцоно. 

Ерөнхий сайд Ли Кэцян, экс лидерүүд болох Цзян Цзэминь, Ху Жинтао, Чжу Жунцзи, Вэн Цзябао нар байлцах гэнэ. Баяр ёслолын бүх үйл ажиллагааг нарийн төлөвлөсөн бөгөөд Тьянанминий талбайд хамгийн сүүлийн үеийн шинэлэг технологийн зэр зэвсгээ дэлгэн харуулж, сүр хүчит цэргийн парадыг зохион байгуулах юм. Цэргийн парадад нийтдээ 1500 албан хаагч оролцох аж. Тэдний өндөр нь 175-185 см байх гэнэ. Мөн шинэ загварын 170 байлдааны нисэх онгоц, баллистик пуужин, танк, нисгэгчгүй онгоц болон бусад 580  зэвсэг техникээ дэлгэж, батлан хамгаалах сүр хүчээ гайхуулах юм байна. Гэхдээ энэ парадыг зөвхөн урилгатай зочид л үзэх боломжтой гэнэ. Энэ үеэр талбайн ойр орчмыг хааж, хатуу хамгаалалт дор явуулна гэдгийг зохион байгуулагчид онцолжээ. 

Угаас энэ өдрийг Хятадын эрх баригчид бахархлын өдөр болгон тэмдэглэхийг зорьж, 50, 60 жилийн ойгоос илүү сүр дуулиантай тэмдэглэхээр эртнээс бэлтгэлээ базаасан юм. Хятадын өнцөг булан бүрт тус улсын далбаа намирч байна. Ард иргэд нь үндэснийхээ далбааг байшин, хашааныхаа дээр өлгөж, “Өнөөгийн Хятад бол хятадын ард түмний хөдөлмөр зүтгэлийн үр дүн” гэх утга бүхий уриа лоозонгуудыг Бээжингийн гудамж талбайд хаджээ. Нээлтийн үйл ажиллагааг урилгагүй хүмүүс үзэх боломжгүй гэдгийг дээр дурдсан билээ. Гэхдээ ард иргэддээ бодитоор биш ч телевизийн сувгаар шууд дамжуулан үзэх боломжийг олгох үүднээс БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг 620000 телевиз шууд дамжуулан үзүүлэхээр болжээ. Энэ өдөр Хонконгод баярын салют буудуулах үйл ажиллагаа төлөвлөгдсөн байсан ч, эсэргүүцлийн жагсаалын улмаас цуцалсан байна. 

 

Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглов

Түүхт 70 жилийн ойн үйл ажиллагаанд зориулж, Бээжингийн агаарын чанарт эрх баригчид онцгой анхаарчээ. Баярын өдөр нийслэл хотын тэнгэрийг цэлмэг байлгахын тулд хот орчмын үйлдвэрүүдийн үйл ажиллагааг түр зогсоосон аж. Үүний дүнд агаарын чанар нь мэдэгдэхүйц сайжирсан байна. Ойн үйл ажиллагааны хамгийн чухал хүчин зүйл болох аюулгүй байдалд ч онцгой анхаарчээ. 

-Хотын төвийн метроны зарим буудлуудыг хааж, Бээжин хүрэх галт тэрэг, автомашинуудад хатуу хяналт шалгалт хийж байв. Үүний сацуу хотын төв орчмоор бүх төрлийн нисдэг биет хөөргөхийг хоригложээ. Тодруулбал, нисдэг тэрэг, дрон, бөмбөлөг хийгээд тагтаа хүртэл нисгэхийг хориглосон байх бөгөөд согтууруулах ундааг ч зөвшөөрөхгүй зүйлсийн жагсаалтад багтаасан аж. Тэр бүү хэл, төв талбайн ойролцоо амьдардаг ард иргэдийг парадын үеэр цонхоороо шагайж, зураг авахгүй байхыг онцгойлон сануулжээ. 

 

Хонконг ба Хятад 

Хятад улс ойн баяраараа дэлхий нийтийн анхаарлыг татахыг хүсч буй. Ялангуяа өнгөрсөн 70 жилийн хугацаанд хэрхэн үсрэнгүй хөгжиж хүчирхэг улс болсноо зарлан тунхаглахаар төлөвлөсөн юм. Гэхдээ тэдний адил олны анхаарлыг татах хэсэг буй нь хонконгчууд. Тэд баярын үйл ажиллагааг ч мөн өөрсөд рүүгээ чиглүүлэхийг хүсч, энэ өдрийг зүгээр өнгөрөөхгүй хэмээн зарим ажиглагчид онцолж байгаа. Хонгконгчууд Бүгд Найрамдах улс байгуулагдсаны ойн баярын өдрөөр уламжлал ёсоор жагсаал цуглаан зохион байгуулдаг ч энэ удаагийнх илүү далайцтай байх төлөвтэй байгаа. Тэд амралтын өдрүүдэд 17 дахь долоо хоногтоо жагссан. Энэ үеэр цагдаа нартай мөргөлдөж, эмх замбараагүй байдал үүсгэсэн юм. Жагсаал эхэндээ тайван эхэлсэн ч, эцэстээ замбараагүй болж, жагсагчид хууль сахиулагчид руу Молотовын коктэйл, тоосго зэргийг шидэлж, гудамжинд гал тавьж байсан бол цагдаа нар жагсагчдын эсрэг даралттай ус, нулимс асгаруулагч хий зэргийг ашиглажээ. Мэдээж өнөөдөр юу болохыг тааварлан хэлэхэд бэрх хэдий ч, Хонконгийн жагсагчид хийгээд БНХАУ-ын эрх баригчдын аль аль нь тодрохыг хүсэх нь гарцаагүй юм.