ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Намрын чуулган нээлтээ хийлээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-10-01

УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулган 74.7 хувийн ирцтэйгээр нээлтээ хийлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар ээлжит чуулганыг нээж үг хэлснээр чуулганы хуралдаан үдээс хойш үргэлжлэхээр болов. УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааныг нээж үг хэлэхдээ “УИХ-ын намрын чуулган шахуу хуваарьтай, өндөр ачаалалтай ажиллахаар байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн ихээхэн цаг хугацаа, хүчин чармайлт гарган хэлэлцлээ. Монгол Улс, монголын ард түмний эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, ард нийтийн санал асуулгад оруулах эхийг хэлэлцэн баталсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бол нийгмийн захиалга. 10 жил гурван парламент дамжин хэлэлцсэн төслийн эх. Аль нэг намын санаачилга биш. Алдсанаа залруулж, олсноо баталгаажуулах нийгмийн хүсэл эрмэлзэл юм.

Ард түмний өмнө хүлээсэн үүргээ ухамсарлан энэхүү хуулийн хэлэлцүүлгийг үр дүнтэй хэлэлцүүлж дуусгана гэдэгт итгэж байна. 20 жил ярьж, 10 жил судалсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бол Монголын төр, нийгмийг зөв замд нь оруулахыг хүүссэн үе үеийн хамт бүтээл, зөвшилцлийн тунхаг болох учиртай. Тиймээс төр ард түмний эрх ашгийн дээд эрэмбийн энэ асуудлын УТИХ-ын намрын чуулганаар эцэслэн батлах боломж бүрдүүлэхийг МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл, ШИНЭ намын төлөөллүүдээс хүсч байна. Намрын чуулганаар бид 2020 оны Улсын төсвийг хэлэлцэн батална. Голлох түүхий эдийн үнэ буурах, гадаад орчны тодорхойгүй байдал нэмэгдэх эрсдэл байна. тиймээс төсвийн сахилга батыг баримтлах, гадны хөрөнгө оруулалттай зээлийн эдийн засгийн үр өгөөжтэй төсөлд зарцуулахад түлхүү анхаарах ёстой” гэв. 

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар төсвийн гүйцэтгэлийн асуудлыг хэлэлцэх юм байна.