ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

З.Нарантуяа: Хоригийг хүлээж авбал зөвшилцөх ажил үргэлжилнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-10-02

УИХ-ын гишүүн З.Нарантуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Монголд улс төрийн ямар нөхцөл байдал үүсээд байна вэ. УИХ тарна, тарахгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батална, батлахгүй гэх мэт ойлгомжгүй зүйл бий болоод байна. Үүнийг шийдвэрлэх гарц, арга зам нь юу байна вэ?

-Улс төрийн өнөөдрийн үүссэн нөхцөл байдлыг харахад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцсийн байдлаар батлах нь эргэлзээтэй байна. Хэдийгээр хоёрдугаар хэлэлцүүлгээр санал хурааж, дууссан ч гуравдугаар хэлэлцүүлэг рүү шууд  оруулж батлая гэсэн хүсэл,  зориг МАН-д байхгүй. Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Тухайлбал, арваад жил ярьсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн юуг нь өөрчилсөн  юм бэ гэвэл ард түмний хүсэн хүлээсэн, нийгэмд засаглалын тогтвортой байдлыг бий болгох уу.  Монгол Улсын хөгжлийн дараагийн 20, 30 жилийн чиг баримжааг зөв тодорхойлж чадах, засаглалын хяналт тэнцвэрийг хангах  хэмжээнд өөрчлөлтүүд орж чадаагүй байна гэдэгтэй эрх баригч нам санал нэгдсэн байх. Тиймээс дангаараа батлаад, гуравдугаар хэлэлцүүлэг рүү явуулахгүй, ард түмнээс саналыг нь асууж, өөрсдийн баталсан хувилбараар тийм, үгүй гэдэг хариулт авахаар шийдсэн. Үүний тулд УИХ-аас 73 дугаар тогтоолыг гаргасан. 

-Энэ тогтоол бусад хууль тогтоомжтой хэрхэн нийцэж байгаа вэ. Дан ганц тогтоолоор гацаанаас гарч чадах уу?

-Тогтоол нь ард нийтийн санал асуулга явуулах журмын тухай хууль, Үндсэн хуулийн ард нийтийн санал асуулга явуулах замаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай заалт зэрэг хэд хэдэн хуулийн зохицуулалтыг зөрчсөн  байна гэсэн үндэслэлээр Ерөнхийлөгч хориг тавьсан. Энэ нь нөхцөл байдлыг өөрөөр эргүүлсэн. Хориг тавьсан тогтоолыг МАН хүлээж авах, авахгүйгээс хамаараад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт цаашид батлагдах уу, үгүй юу гэдэг асуудал тулгарна.  МАН-ын  байгаа байдлаас ажиглахад  УИХ-ын үйл ажиллагааг гацаах, тараах нөхцөл байдлыг бий болголоо. Тиймээс МАН-ын хэд хэдэн гишүүний зүгээс УИХ өөрөө таръя гэсэн саналыг тавьж эхэлсэн. 

-Олон нийтийн зүгээс хариуцлагагүй парламент тарах нь зөв гэж байр сууриа илэрхийлж байна?

-УИХ нь хариуцлагагүй, гишүүн тус бүрээр нь хэлбэл, хууль бус үйлдэлд холбогдсон. Тухайлбал, хүчин, ЖДҮХС-гийн мөнгийг хууль бусаар ашигласан, тендер, концесс зэрэг асуудалд холбогдсон олон гишүүн бий. Эдгээр гишүүддээ хариуцлага тооцож чадаагүй. Олон нийтийн дунд хүлээлт, бухимдал их байгаа үед УИХ-ыг хариуцлага тооцох замаар таръя гэж байгаа бол байж болох зүйл. УИХ хуульд заасан хоёр үндэслэлээр тарах шийдвэр гаргадаг. Гэтэл гишүүд нь хуульд заасан үндэслэлээр бус хугацаанаасаа өмнө өөрсдөө тарах хүртэл нөхцөл байдалд хүргэж байна. Тиймээс манай намын зүгээс санаачилга гаргахгүй бол эрх баригч нам мухардалд орлоо гэсэн үүднээс хандаж албан бичиг хүргүүлсэн. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах уу, үгүй юу. Үүнээс үүдэн ард нийтийн санал асуулгыг явуулах  уу, үгүй юу. Санал асуулга явууллаа гэхэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж чадах уу, үгүй юу. Эсвэл Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч, санал асуулгаа илүү өргөн хүрээнд тэр дундаа хоёрдугаар хэлэлцүүлгийн эхээр бус  УИХ дотроо шийдэж чадахгүй байгаа маргаантай зүйлээ асуух замаар шийдвэрлэж болно. Заавал ярьж, хэлэлцээд зөвшилцөх зүйл маш их байна. Улс төрийн ашиг хонжоо харах гэдгээс илүү Үндсэн хуульд заасан парламентын засаглалаа бүрэн бүтэн, тогтвортой, нэр хүндийг нь хадгалж авч, үлдэх үүднээс бидний зүгээс хүсэлт тавьбал, та нар эргэж харна гэвэл мухардлаас гарах арга хэлбэр байж болох юм гэж  бичиг өгсөн. Үүний хариуд МАН-ын бүлэг хуралдаад зөвшилцөх нь зүйтэй юм байна. Зөвшилцөх ажлын хэсгийг дахиад гаргая гэж МАН-аас таван гишүүн, манайхаас гурван гишүүн орж, ажлын хэсэг байгуулах хэмжээнд яриад явж байна. 

-Ажлын хэсэг ямар,  ямар асуудлыг ярих вэ?

-Урьдчилсан байдлаар санал солилцох уулзалтууд болсон. Уулзалтууд цаашид үргэлжлэх байх. Гэхдээ нэн тэргүүнд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах асуудал бол олонхийн 64 кнопоос хамааралтай. Тиймээс МАН-ын бүлгээс эхлээд хоригийг хүлээж авах, авахгүйгээ шийдэх ёстой. Хоригийг хүлээж авбал зөвшилцөх ажил үргэлжилнэ. Үгүй гэвэл ажлын хэсэг байгуулах нь утга учиргүй. МАН-ын бүлэг хоригоо авах, авахгүйгээ шийдээч гэж санал хүргүүлсэн. 

-Зөвшилцөлд хүрлээ гэхэд ямар нөхцөл байдал үүсэх юм бэ. УИХ гацаанаас гарах уу?

-Хоригийг хүлээж аваад, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн  санал асуулгыг ямар хэмжээгээр явуулах вэ гэдэг зүйл гарч ирнэ. Тэр үед Ерөнхийлөгч болон АН-аас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд өгч байсан, тусгагдаагүй саналуудыг эргэж авч үзэх нөхцөл үүснэ. Хориг хэвээрээ байгаа тохиолдолд энэ асуудал бий болохгүй. Ажлын хэсэг хоригийг хүлээж авах уу, үгүй юу гэдгийг хэлэлцэх нь зохимжгүй. Энэ нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Хоригийг хүлээж аваад, задарсан тохиолдолд  Ерөнхийлөгч болон намууд саналаа дахиж тусгуулах талаар ард нийтийн санал асуулгаар асуух хууль эрх зүйн хувьд боломж нээгдэнэ. 

-Ард нийтийн санал асуулга явуулсны үр дүн нь юу вэ?

-Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан үйл явц нь өөрөө Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэд хэдэн арга зам бий. УИХ-ын гишүүд хуулийн төсөл өргөн барьж болно. Мөн ард нийтийн санал асуулга аваад өөрчилж болно. Тэгэхээр эхнээсээ УИХ-ын 62 гишүүн ард нийтийн санал асуулга авахгүйгээр өөрсдөө өргөн барьсан төслөө хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа гурав руу оруулаад батлуулсангүй. Харин үүнийгээ буцааж ард нийтээс асуух нь санал асуулга биш. Өөрийнхөө хийсэн зүйлийг ард нийтээр баталгаажуулах гэсэн зүйл. Хоёрдугаар хэлэлцүүлгийн дүнд өөрчлөлт орсон хуулийн төсөл нь хангалтгүй. Үүнийг ард нийтээр баталгаажуулаад, бид нар хийгээд олон нийт дэмжсэн гэж хариуцлагаас ухрах гэж байгаа бол энэ нь байж боломгүй зүйл. 
-Ард нийтийн санал асуулга явуулах нь улс орныг хямрал руу түлхдэг гэж улс төр судлаачид тайлбарлаад байгаа. Та үүнтэй санал нийлэх үү?
-Ард нийтийн санал асуул­гыг тэр болгон асуу­даггүй. Зайлшгүй нийтийн эрх ашгийн үүднээс, тодорхой шийдлийг нь гаргаж чадахгүй байгаа асуудлаар ард нийтээс саналыг нь  авдаг. Энэ Үндсэн хууль анхнаасаа алдаатай явсан гэж АН-аас үзэж, нэгдүгээр хэлэлцүүлэгт ороогүй. Үүний нэг шалтгаан нь юуг, яаж өөрчлөх юм бэ, төслийг өргөн барихаасаа өмнө ард нийтийн санал асуулгаар  засаглалын хэлбэр, гүйцэтгэх засаглалын бүтэц гэх мэт гол зүйлээ эхнээс шийдээгүй. Ингэж эхэлсэн бол цаашид ямар нэгэн маргаангүйгээр хуулийн төсөл явах байсан. Гэтэл УИХ-ын 62 гишүүн хуулийн төсөл өргөн барьсан. Эргээд ард нийтийн санал асуулга явуулах нь олон нийтийн бухимдлыг төрүүлж байна. Санал асуулга буруу, зөв гэж шууд хариулах нь оновчтой биш. Улс бүрийн нөхцөл байдал өөр учраас тодорхой асуудлаар маргааныг эцэслэн зөв хувилбараар шийдэх гэж ард түмнээс асуудаг хувилбар хаана ч бий. 
-Олонхийн зүгээс УИХ-ыг тараах шийдвэр гаргасан нь эрх зүйн чадамгүй болсны нэг хэлбэр  мөн үү?
-Олон хууль бус асуудалд нэр  холбогдсон энэ УИХ дотроосоо хариуцлагаа хүлээж цэвэрлэгдэх ёстой. Энэ бол нийгмийн шаардлага. Өнөөдрийг хүртэл тэгж чадахгүй нийгмийн зүгээс болон хуулийн шаардлагууд үүсэхэд тэднээс өрсөж, өөрсдөө тарая гэж байгаа бол ёсзүйн хувьд буруу. Үнэхээр хариуцлагаа хүлээж, чадамжгүй боллоо гэвэл хуулийн дагуу хийх үйлдэл мөн. УИХ тарах гэж байгаа үндэслэл юу байна вэ гэдгээс байр сууриа илэрхийлж байгаа. Бүх нийтийн хүсэл сонирхолд нийцсэн өөрчлөлт оруулж чадаагүйгээ, ард түмнээр дэмжүүлж,  санал асуулгаар батлуулсан юм шиг харагдуулахын тулд, мөнгө хөрөнгө зарж, ирц нь хүрэхгүй байх магадлалтай гэдэг үүднээс ээлжит бус сонгууль явуулна гэвэл хуульд заагаагүй үндэслэл. Ийм жишиг тогтвол дараа дараачийн УИХ-ууд хариуцлагаас мултрах болохоор ямар нэгэн шалтаг хэлээд одоо таръя гээд байвал парламент нь Засгийн газар шиг  тогтворгүй болох эрсдэлтэй. Энэ бол Үндэсний эрх ашгийн асуудал. Аль аль талаасаа нухацтай ярих зүйл.