ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сайжруулсан шахмал түлшний түгээлтэд анхаарахыг даалгав

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-10-02

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд, холбогдох албаныхан болон төвийн зургаан дүүргийн Засаг дарга нар Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд ажиллалаа.

“Иргэд оршин суугчдын өргөдөл гомдлыг шийдвэрлэх, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор хотын удирдлагууд дүүргийн Засаг дарга нартай хамтран ажиллана. Нийслэл хотын хөгжил хороо, дүүргээс ихээхэн хамааралтай, иргэдийн оролцоог хангаж ажиллах нь чухал учраас өнөөдрөөс бүх дүүрэгт ажиллана. Нийслэлийн бодлого шийдвэр, зорилго, зорилт нэг байх ёстой учраас хороо, дүүргийн Засаг дарга нар төрийн ажилд хариуцлагагүй загнаж, улс төрийн зорилгоор хандахгүй байх ёстой” хэмээн уулзалтын эхэнд хотын Захирагч С.Амарсайхан онцоллоо.

НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга нийслэлийн дүүрэг, хороодын үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээллийг танилцууллаа. Иргэдийн зүгээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж энэ оны нэгдүгээр сарын 02-ноос есдүгээр сарын 27-ны өдрийн хооронд нийт 36 524 өргөдөл, гомдол ирүүлснээс 34 193 буюу 93.6 хувь нь шийдвэрлэгдэж, 2331 буюу 6.4 хувь нь шийдвэрлэх шатандаа байгаа аж. Үүнээс нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж 19 833 өргөдөл, гомдол ирүүлснээс 94.7 хувь нь шийдвэрлэгджээ.

Өргөдөл, гомдлын олонх нь хүнсний чанар, аюулгүй байдлын хяналтын тухай, хог цэвэрлэгээ, тээвэрлэлтийн талаар, газар чөлөөлөх талаар, нийтийн эзэмшлийн гудамж талбай болон ТҮЦ, павильон, ил задгай худалдаа үйлчилгээ, хороодын үйл ажиллагааны тухай байжээ. Мөн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн явцад 15432 зөрчил бүртгэгдсэнээс Баянзүрх дүүрэгт хамгийн их зөрчил бүртгэгдсэн талаар Х.Гантулга дарга мэдээллээ. Дүүрэг, хороодын үйл ажиллагаатай холбоотой иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын ихэнх хувь нь хорооны үйл ажиллагаа сул, дүүрэг хороодын ажилтан албан хаагчдын ёс зүй, ажлын цаг ашиглалтын талаар байна гэв. Тиймээс цаашид нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлыг бүх талаас нь нягтлан судалж, хууль зүйн үндэслэлтэй нэг мөр эцэслэн шийдвэрлэж, хуулийн хугацаанд хариу өгч ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт анхааруулсан юм.

Сайжруулсан шахмал түлшний түгээлт, борлуулалтад дүүрэг, хороодын Засаг дарга нарыг онцгой анхаарахыг даалгав.