ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүн бульдозер

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-10-03

Францын Ерөнхийлөгч агсан Жак Ширакийг эцсийн замд нь үдэх гашуудлын ёслол өчигдөр боллоо. 1995-2007 оныг хүртэл Францын төрийн тэргүүнээр ажиллаж, дэлхийн хоёрдугаар дайнаас хойш тус улсыг хамгийн удаан хугацаанд удирдсан хоёрдахь хүн болсон юм. Энэ үзүүлэлтээрээ тэрээр өөрийнх нь өмнөх Ерөнхийлөгч Франсуа Миттераны дараа эрэмбэлэгддэг. Улс төрийн индэрээс бууж, Ерөнхийлөгчийн албан тушаалаа өгснийхөө дараа тэрээр авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдсон ч, түүхэн аугаа удирдагч гэдгээрээ нэрээ үлдээж байна. Зөвхөн Франц төдийгүй дэлхийн бусад орнуудад ч түүний дурсгалыг хүндэтгэн санан дурсаж, нэгэн цаг үед олон улсын тавцанд хамтдаа “тоглож” байсан удирдагчдын цуваа  ч тус улс руу хөвөрлөө. Хийсэн гэмтэй гэж шүүхээр шийтгэгдэж байсан ч, тэр бүгдээс үл хамааран Франц орныг өөрийн бодлоготой, бие даасан улс байлгасан, Иракийн дайны хатуу эсэргүүцэж, дайнд оролцоогүй, дэлхийн хоёрдугаар дайны үед еврей иргэдийг албадан нүүлгэн шилжүүлэхэд Францын Засгийн газар Германтай хамтран үүрэг гүйцэтгэсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн анхны ерөнхийлөгч гэдгээрээ түүхэнд нэрээ үлдээж чадлаа.

Жак Ширак 1932 оны арваннэгдүгээр сарын 29-нд Франц Улсын Парис хотноо мэндэлжээ. Түүний аав нь нисэх онгоцны компанид менежер ажилтай бол ээж нь  тогтсон ажил эрхэлдэггүй жирийн нэгэн гэрийн эзэгтэй байсан гэдэг. Түүний гарал үүсэл нь сэхээтэн бөгөөд хоёр талынх нь өвөө хоёулаа багш нар байжээ.  Тэр айлын ганц хүү байв. Тэр ч утгаараа түүний нэрийг яруу найргаас эшлэн өгсөн гэдэг. Тэднийх католик шашинтай. Аав, ээж нь гэрлэснээс хойш 10 орчим жилийн дараа Жак Ширак гэр бүлдээ гэрэл гэгээ, аз жаргал цацруулсаар иржээ. Угтаа түүний дээр Жаклин гэх бяцхан охин төрсөн ч, өвчний улмаас нас барсан аж. Хүүхдээ алдсан эхнэр, нөхөр хоёр хар бараан уйтгарт өдрүүдийг өнгөрүүлсний эцэст нар гарч,  Жак Ширак мэндэлжээ. Тиймээс ээж нь түүний төлөө бүхнээ зориулсан нэгэн. 

 

Хэликоптер 

Алиа хошин, бусдыг уриалан дуудах, өөрийн үзэл бодлоо ойлгуулж, үлгэрлэн дагуулах чадвартай түүнийг “Хэликоптер” хэмээн хочилдог байж. Энэ үгийг орчуулбал, “нисдэг тэрэг” гэх үг билээ. Тэрээр тухайн үедээ хамгийн сайн гэсэн сургуульд суралцаж, Цагаан гвардын офицер байсан нэгэн эрхмээр орос хэл заалгаж байжээ.  Тэр 18-19 насандаа “Евгений Онегин” романыг франц хэл рүү орчуулж байсан ч, тухайн үедээ ямар ч компани түүний орчуулгыг авч, хэвлээгүй гэдэг. Хожим нь нэртэй улстөрч болсны дараа л сая орчуулга нь хэвлэгдэж байжээ. 

Тэрээр сургуулиа төгссөний­хөө дараа далайгаар нүүрс тээвэрлэдэг компанид гурван сар далайчнаар ажиллажээ. Тэр мөн регбигээр хичээллэдэг байв. Шаггүй сайн тамирчин байсан учраас залуучуудын багт найм дугаартайгаар тоглодог байжээ. Тэрээр эхнэртэйгээ 1956 онд гэрлэсэн юм. Тухайн үед Жак 24 настай байсан бөгөөд хосууд хоёр охинтой болжээ. Том охиныг нь Лауренс гэдэг бол удаах охиныг нь Клауди гэдэг. Гэхдээ том охин нь 2016 онд өөд болсон юм. Клауди удаан хугацааны турш аавынхаа хувийн зөвлөх, туслахаар ажилладаг байсан бол Лауренс улс төрийн аливаа үйл ажиллагаанд огт оролцдоггүй нэгэн байлаа. Эхнэртэйгээ хамтын амьдралаа эхлүүлснээс хойш төд удалгүй армид алба хаах болов. Энэ үед Алжирийн дайнд оролцон шархдаж байсан ч, азаар мэнд үлджээ. Тэрээр үүний дараа Захиргааны үндэсний сургуулийн улс төрийн судалгааны  хүрээлэнд дээд боловсрол эзэмшиж,  төрийн албан хаагчийн карьерыг Тооцооны  танхимд аудитораар эхлэн  давхар улс төр хийх болсон байна.  Ширак  эхлээд барууны  чиглэлийн голлист намын идэвхтэн дараа нь түүний лидерүүдийн нэг болсон юм. Цаашлаад тэр ХАА-н яамны  сайд байгаад 1977 оноос 1995 онд Ерөнхийлөгчөөр сон­гог­дох хүртлээ Парис хотын захирагчаар ажил­лажээ. Хэдий тэр төв суурин газарт төрж өссөн ч, орон нутгийн иргэдтэй хэзээ ч холбоо харилцаагаа тасалж байсангүй. Энэ бол түүний хамгийн сайн чанаруудын нэг байсан гэдэг. 

 

Бульдозер 

Энэ мөн л түүний хочилсон нэр. 1962 онд тэр улс төрийн карьераа эхлүүллээ. Ерөнхий сайд Жорж Помпидоугийн хувийн улс төрийн штабыг нь даргалах болов. Үүнд мэдээж, түүний илтгэх чадвар, эцэг эхээс өвлөсөн суурь хүмүүжил нөлөөлсөн хэрэг. Ерөнхий сайд Жорж Помпиду ч түүний чадварыг өндрөөр үнэлж, өөрийн шадар туслах хэмээн хүлээн зөвшөөрч “Миний бульдозер” хэмээн нэрлэдэг байжээ. Энэ үеэс түүнийг бульдозер гэх болж. Гэхдээ түүний карьер сайдын туслах төдий байсангүй. Тэр өөрийг нь улс төрд хөтлөж оруулсан эрхмээс ч өндөр амжилтад хүрч чадсан нь эдүгээ ч бүхний нүдэнд илхэн. Түүний ажилдаа хандах хандлага, чин сэтгэлээ зориулж буй байдал, цуцалтгүй хөдөлмөр зүтгэл л энэ хочийг түүнд авчирсан хэрэг. 1988 оны Ерөнхий сонгуульд ч улс төрийн хүрээлэл дэх нэр хүнд хэвээр байлаа. 1972-1974 онд тэрээр Хөдөө аж ахуйн сайд, 1974 онд Дотоод хэргийн сайдаар тус тус ажилласан юм. Тэрээр 86 наслахдаа 50 жилийг нь олны нүдний өмнө өнгөрүүлсэн. Парис хотын захирагчаас эхлээд Ерөнхий сайдаар хоёр удаа сонгогдож, парламентад хөдөөгийн дүүргээ төлөөлөн сууж байв. Түүний карьер зогсолтгүй өссөөр, 1995 оны тавдугаар сарын 7-нд Францын Ерөнхий­лөгчөөр сонгогдов. Улмаар 1986-1988 онд Францын Ерөнхий сайдаар ажиллаж байгаад 2002 онд дахин Ерөнхий­лөг­чөөр сонгогдсон бай­даг. Харин 2007 оны тавдугаар сард Ширак төрийн тэр­гүү­ний бүрэн эр­хийн хуга­цаа­гаа дуусгаад Елисейн ордныг ор­хин гарсан юм. Тэр цагаас хойш тэр Францын Үнд­сэн хуулийн зөв­лө­лийн бүх насны гишүүн болж, худал­даанд байнга орол­цож ирсэн юм. Тэрбээр улс тө­рөөс тэт­гэвэр­тээ гарах­даа “Эх орончид минь, Би Франц оронд маш их хайртай. Тэрний төлөө болон та нарын төлөө би бүхий л зүрх сэтгэлээ зориулсан юм шүү” хэмээж байжээ. 

 

Гавьяа

Тэр олон улсын бодлогод өөрийн гэсэн бие баасан чиг шугамыг баримтлагч нэгэн байсан юм. Түүний байгуулсан хамгийн том гавьяа бол дайныг бат эсэргүүцсэн явдал. Залуу насандаа дайнд оролцож, дайны гашуун үнэнтэй нүүр тулж явсан учраас ч тэр юмуу Иракийн дайнд тэр Франц улсыг оролцуулаагүй юм. Америкчууд түүнийг Иракийн дайнаар илүү төсөөлж ч магад. 2003 онд АНУ Саддам Хусейны дэглэмийг унагах зорилгоор Иракт дайн эхлүүлсэн. Тухайн үед буюу дайн эхлэхээс өмнө Жак Ширак СNN-д өгсөн ярилцлагадаа “Америк найзууддаа болгоомжтой байгаарай гэж найзын хувьд зөвлөж байна. Аюултай байж болзошгүй шийдвэр гаргахынхаа өмнө эхлээд зайлшгүй хэрэгтэй эсэхийг нь дахин сайн бодож үзээрэй. Ялангуяа олон улсын терроризмын эсрэг тэмцэл бодсоноос аюултай байж болзошгүй” хэмээн ярьж байсан гэдэг. Түүний эсэргүүцэл Франц-АНУ-ын харилцааг хурцатгасан  ч, Ширак хэзээ ч өөрийгөө АНУ-г эсэргүүцэгч гэж үзэж байсангүй. Энэ бол түүний нэг гавьяа. Харин хожим нэгэн хэрэг мандаж, 2011 онд тэрээр шийтгэгдсэн. Түүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилдаа оролцсон хүмүүсийг сангийн мөнгөөр санхүүжүүлсэн хэрэгт буруутгаж, хоёр жилийн тэнсэн хар­гал­зах ял оноож байв. Ингэснээр 1945 оноос хойшхи шүүхээс ял авсан анхны дээд албан тушаалтан болж байлаа. Энэ явдал түүний намтарт толбо үлдээсэн ч, түүний байгуулсан гавьяа асар их тул эдүгээ түүний дэлхий нийтээр дурсан гашуудаж байна.