ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хийн хоолой Монголоор дайрахад...

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-10-04

“Оросоос Хятад руу татах нефть, байгалийн хий дамжуулах хоолойг Монголын нутгаар барих санал гаргасан. Энэ бол сайхан санаа. Эрчим хүчний салбарт хамтран ажиллах сайхан боломж. Бид дэмжиж байгаа”  гэж  ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хэлсэн байдаг. Чухам энэ үгэнд монголчуудын хоосон мөрөөдлийг бодит болгох боломж нээгдсэн гэхэд болно. Түүнээс өмнө бид энэ талаар төдийлөн ойлголтгүй. Харин мэддэг хэд нь мэдэмхийрч “хадны мангаа” аятай ухуулга хийж, бүтэхгүй, болохгүйгээр ярьж, хэлж иржээ. Ийм ойлголттойгоор монголчууд  бараг 20-иод жил явсан байдаг. 

Тэгвэл олон жилийн сөрөг ойл­голтыг одоогоос жил га­руйн өмнө Хятадын Чиндаод бол­сон ШХАБ-ын гишүүн ор­нуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд орол­цох үеэр Ерөнхийлөгч Х.Баттулгын тавьсан санал ОХУ, БНХАУ-ын Төрийн тэр­гүүн нарын дээд хэмжээний уул­зал­таар дэмжигдэж, сайн мэдээ­ний эхлэлийг тавьсан. Дараа нь Владивостокт болсон  Дорнын эдийн засгийн чуул­га­ны үеэр  хөрш орнуудын төрийн тэргүүнүүдийн хий­сэн уулзалтаар улам батал­гааж­сан гэхэд болно. Одоо бид болом­жоо, хөгжлөө харах л үлдлээ. ОХУ, БНХАУ-ыг холбосон байгалийн хийн хоолойн ТЭЗҮ-ийг хийхдээ Монгол Улсын төмөр зам дагуу хийн хоолойг байгуулах нь хамгийн дөт зам хэмээн тооцоолж байгаа. Нөгөөтэйгүүр, БНХАУ ОХУ-аас байгалийн хий авах асуудал 2020 он  гэхэд 300-350 тэрбум шоо мерт хүрнэ гэсэн тооцоолол бий. Харин жилд 38 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлэх бөгөөд нийт үнийн дүн нь 400 тэрбум ам.доллар байх аж. Манай улсаар хийн хоолой дамжсанаар хямд төсөр хий авах, ойролцоох суурин газруудаа цахилгаанаар хангах, ажлын байр нэмэгдэх, татварын бааз бүрдүүлэлт өсөх зэрэг ач холбогдолтой. Түүнээс гадна эдийн засагч Д.Жаргалсайханы дүгнэснээр “Дамжуулах чадал нь жилд 30 тэрбум шоо метр гэвэл дамжин өнгөрүүлэх зарим гэрээний нөхцөлөөр (100 км тутам нэг мянган шоо метр хийг дамжуулахад 1.09 доллар) бол Монгол жилд гурван тэрбум ам.доллар авах болно” гэж бичжээ. Харин байгалийн хийн хоолой Монголоор дайрахад тусгаар улсын хувьд бидэнд хоолойг хамгаалах мөн олсон мөнгөөрөө баялаг бүтээх л үүрэг ноогдоно. 

Бид энэ удаа Монголын нэр хүнд бүхий эдийн засагчид, салбарын холбогдох албаны хүмүүс болон зарим эх сурвалжуудын хэвлэлд ярьсан зүйлийг тоймлон хүргэж байна. 

Д.Жаргалсайхан: Хийн хоолойн эдийн засаг Монголын талд байна 

/Эдийн засагч/

-Ерөнхийлөгч нарын тохирс­ны дагуу Зүүн Сибирийн хамгийн том, 2.5 их наяд шоо метр баталгаажсан нөөцтэй Ковыктагийн ордоос урагшаа Иркутск, Улаанбаатар хотоор дамжин Хятадын хил хүртэл 2000 гаруй км хоолой тавих төсөл хэрэгжинэ гэвэл Монголын эдийн засагт ямар нөлөөтэйг багцаалан төсөөлж болно. Монголын нутгаар 1000 км урттай хоолой тавих, арваад шахах станц байгуулах хөрөнгө оруулалт нь “Сибирийн хүч” төслийн тооцоогоор бодоход 1.4 метрийн голчтой, дан хоолойг барихад нэг км (Газпромын 2015 оны мэдээлэл) нь 246 сая рубль буюу 246 тэрбум рубль болно. Тэгээд дамжуулах чадал нь жилд 30 тэрбум шоо метр гэвэл дамжин өнгөрүүлэх зарим гэрээний нөхцлөөр (100 км тутам нэг мянган шоо метр хийг дамжуулахад 1.09 доллар) бол Монгол жилд гурван  тэрбум ам.доллар авах болно. Мэдээж энэ төлбөрийг дамжуулсан зай, жингээр нь тооцон олон улсын мэргэжлийн хүмүүстэй хамтран гэрээ байгуулахад өөрчлөгдөх болно. Сибириэс Монголын хонгилоор газрын тосны болон байгалийн хийн хоолой тавихад ихэнх нь тал газраар явах тул харьцангуй хямд өртөгтэй, бас Хятадын Бээжин болон бусад том хотуудад хүрэхэд хамгийн богино буюу Дундад Ази, эсвэл Манжуураас татахаас ч дөт юм.

Л.Хангай: Утаанаас бүрэн ангижрах ганц арга зам

/Нийтлэлч/

-Хийн түлш нь орчныг бохир­­дуул­­даг­гүй учраас хөг­жин­гүй орнууд эрчим хүч­ний үйлд­вэрлэл, дулаан хангамжийнхаа асуудлыг хийн түлш хэрэглэх замаар шийдвэрлэдэг. Манай хоёр их хөрш ч хийн хэрэглээгээ нэмэгдүүлэхэд анхаарч байна. ОХУ өөрийн бүс нутгууд, түүний дотор Сибирь, Алс Дорнодыг байгалийн хийгээр хангах зорилт дэвшүүлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээндээ Эрхүү муж, Эрхүү хотыг ойрын жилүүдэд хийгээр хангах гэж байна. Тус мужийн хойд хэсэгт байдаг бараг хоёр их наяд шоо метр байгалийн хийн нөөцтэй Ковыктагийн ордоос Эрхүү, Ангарск, Саянск хотууд руу хий дамжуулах хоолой тавихаар төлөвлөж байгаа тухай Оросын сайтуудаас уншиж болно. 600 километр урттай энэхүү хоолойг барихад Хятадын “CNPS” компани ч оролцож магадгүй. Хэрэв Эрхүү рүү хоолой тавигдах юм бол түүнийг үргэлжлүүлээд Монголоор дайруулан Хятад хүртэл тавьж болох талаар мөн ярьж байсан юм билээ. Хэрэв хийн хоолой Монголын нутгаар өнгөрөхөөр болбол бид нийслэлийн утааны асуудлыг нэг мөр шийдээд зогсохгүй өөрийн нутгаар хий дамжуулсны төлөө байнгын тогтвортой орлого олох болно гэдгийг бас тэмдэглэх хэрэгтэй юм. Хоёр хөрш их гүрнийг холбосон транзит тээврийн төслүүд томоохон хөрөнгө оруулалтыг татаж манай орны эдийн засгийг шинэ шатанд гаргах тул 2016 оны зургадугаар сард Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт гарын үсэг зурсан. 

Эх сурвалж: ikon.mn 

Сергей Правосудов: Хийн хоолойг Монголоор дамжуулж тавих санаачилга Хятадаас гарсан

/ОХУ-ын Үндэсний эрчим хүчний их сургуулийн захирал/

-БНХАУ руу тавих байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулж тавих асуудал яригдаж байна. Өмнө нь яагаад авч хэлэлцэж байгаагүй юм бэ?

-Бид эхэндээ байгалийн хийн хоолойг Иркутскээс Монголоор дамжуулж тавих нь ашигтай гэж үзэж байлаа. Ковыктагийн ордыг ашиглаж эхлээгүй, “Газпром” тэнд хувь эзэмшдэггүй байх үед шүү дээ. Монголоор дамжуулж тавих нь илүү богинын дээр, газар нутаг нь хийн хоолой угсрахад тохиромжтой байсан юм. Гэтэл энэ асуудлыг Хятад эсэргүүцсэн. Бээжин тэр үед Улаанбаатар цоргоны тохируулгыг атгаж, нээж, хаана гэж болгоомжилсон юм. Харин одоо бол байдал өөр. Хийн хоолойг Монголоор дамжуулж тавих санаачилга Хятадаас гарч байна. Үүнээс харахад БНХАУ-ын болгоомжлол арилжээ. Хийн хоолойг Монголоор дамжуулж тавих асуудлыг хойшлуулж байсан ганц шалтгаан энэ л байсан. Бусдаар бол Монголоор дамжуулахад ямар ч асуудал байгаагүй.
Эх сурвалж: Еagle.mn. Орчуулагч Х.Батсайхан

Д.Дашпүрэв: Хийн хоолой, газ нь стратегийн ач холбогдолтой түүхий эд 

/Олон улс судлалын дээд сургуулийн захирал, философийн шинжлэх ухааны доктор/

-Хийн хоолой, газ гэдэг бол XXI зууны том стратегийн ач холбогдолтой түүхий эд шүү дээ. Тэгэхээр энэхүү түүхий эдийг зөвхөн иргэдийн хэрэгцээнд ашиглана гэвэл хэтэрхий бага асуудал. Газ гэдэг бол том аж үйлдвэрийн хот, улсуудад л ашиглахад тохиромжтой зүйл. Тэгэхээр манайд газ дамжуулах шугам орж ирлээ гэж бодоход манай хэрэгцээ юу билээ, тэр орж ирсэн зардлыг хурдан хугацаанд нөхөх боломж юу байна гэдгийг судлах хэрэгтэй. 

www.Eyreg.mn 

М.Зоригт: Бид боломжийг алдаж болохгүй

/Зам, тээврийн сайд асан/

-Орос, Хятадын хооронд байгалийн хий нийлүүлэх баруун чиглэлийн хоолойг Монгол, Казахстаны дундуур барих асуудлыг хоёр хөрш их судалсан. Гагцхүү уулархаг нутгаар хоолой дайруулж тавихад шахуургын станцуудыг ойр ойрхон байгуулах хэрэгтэй болно, хөрөнгө мөнгө их шаардана, чичирхийлэл ихтэй бүс нутаг учраас арчлалт ашиглалтын зардал их гарна. Яг энэ чиглэлийг ОХУ болон Хятадын тал маш их судалж үзээд бүтэхгүй юм байна гэдгийг ойлгосон байх. Үүнийг л бид олзуурхан барьж авч байгаа юм. Нөхцөл байдал ийм байхад бид боломжийг алдаж болохгүй. Эдийн засгийн коридортоо хийн болон газрын тосны хоолой тавих асуудлыг оруулж, санал санаачилга гаргаж, хөтөлбөртөө оруулаад байна. Боломжтой асуудал гэж харж байгаа. Манай яаманд “Газпром” компанийнхан ирж уулз­сан. Саяхан ОХУ-ын Чита хотод болсон Монгол, Оросын Зас­гийн газар хоорондын комиссын хуралдаанд “Газпром” компани хийн хоолойн асуудлаар Хятадын талд хамтарч санал тавих, гурван улсын нутгаар дайруу­лах хийн хоолойн эдийн засгийн үндэс­лэл байгаа эсэхийг ярилцъя гэж тохирсон.
Эх сурвалж: itoim.mn. 2015 он