ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-10-04

УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр /2019.10.04/ хуралдана. Хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг болон 2018 оны төсвийн гүйцэтгэл, Ерөнхий сайдын мэдээлэл зэргийг хэлэлцэх юм байна.

Ерөнхийлөгчийн хоригийг МАН-ын бүлэг хүлээж авах хууль эрх зүйн үндэслэлгүй гэж үзсэн бол Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэж, мөн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээж авах боломжгүй гэж үзсэн юм. Харин Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр орой хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн санал гаргасан байна. Тодруулбал, "Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай" УИХ-ын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг хүлээн авах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 38.5 хувь нь дэмжив. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр нь хоригийг хүлээж аваагүй бол хууль, УИХ-ын бусад шийдвэр хүчин төгөлдөр үлдэнэ гэсэн заалттайг Байнгын хорооны дарга С.Бямбацогт тодотгосон байна.