Эрэгтэй баг хэсгээсээ шалгарч чадсангүй

Б.ГАНЗОРИГ
2019-10-06

2019 оны "FIBA 3x3 U23 World Cup" тэмцээн БНХАУ-ын Ланжоү хотод тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр тус тэмцээний аварга баг шалгарах бөгөөд манай улсаас эмэгтэй шигшээ тоглох билээ. Өчигдөр тэд Германы шигшээ багийг нэмэлт цагт 13-11 харьцаагаар буулгаж авсан бол Угандаагийн багийг 19-17 харьцаагаар хожиж хэсэгтээ 3 хожил 1 хожигдолтой болж С хэсгийг тэргүүлсэн билээ. Улмаар хасагдах шатанд Бельгийн багтай 15:20 цагт өнөөдөр тоглоно. Эмэгтэй шигшээд О.Хулан, М.Цэрэнлхам, Г.Минжин, Б.Ариунцэцэг багтсан. 

Харин манай эрэгтэй баг өчигдөр хэсгийн сүүлийн хоёр тоглолт хийсэн бөгөөд Литвийн багийг нэмэлт цагт 21-19 харьцаагаар хожсон бол БНСУ-ын багийг 22-20 харьцаагаар дутуу гаргаж дуусгасан юм. Тэд D хэсэгт Нидерланд, Литва, Серби, БНСУ багуудтай орж эхний хоёр тоглолтодоо ялагдал хүлээгээд байсан бөгөөд D хэсэгт хоёр хожил хоёр хожигдолтой болж байгаа бөгөөд хэсэгтээ 3-рт орж хэсгээсээ гарах боломжгүй болсон билээ. Манай эрэгтэй багт А.Ананд, Ч.Ихбаяр, Г.Ган-Эрдэнэ, Б.Алтангэрэл нар багтсан билээ.

Ерөнхий дасгалжуулагчаар С.Тулга, Дасгалжуулагчаар С.Төгсжаргал, Г.Ундрах нар явсан байна Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тив бүрээс шалгарсан эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг оролцох болно.