ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Оросын Монголыг сонирхож буй шалтгаан

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-10-07

Японы эдийн засгийн “Никкэй” сонины цахим хуудаст ОХУ, Монголтой харилцаагаа эргэн сэргээх болсон шалтгааны талаар нийтлэл гарсан байна. Түүнийг орчуулан уншигчиддаа хүргэж байна. 

Монгол Улс дахь Бээжингийн нөлөөг багасгах, Азид шинэ боломж эрэлхийлэх зорилгоор ОХУ Монголтой цэргийн болон санхүүгийн харилцаа холбоогоо дахин сэргээж эхэлсэн. Үүний илрэл нь өнгөрсөн сард Москва Монгол улс дахь дэд бүтцийг санхүүжүүлэх зорилгоор 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруу­лал­тын сан байгуулахаа зарласан явдал юм. 

Монгол Улсын Гаалийн Ерөнхий газраас мэдээлснээр, ОХУ болон Монгол Улсын худалдаа 2018 онд 1.8 тэрбум ам.долларт хүрч, өмнөх үеийнхээс 40 хувиар өсчээ. 

Өнгөрсөн жил Санкт-Петербургийн эдийн засгийн форум дээр Оросын төрийн өмчит газрын тосны “Роснефть” компани Монголын хэд хэдэн импортлогчидтой 2.1 тэрбум ам.долларын өртөгтэй гэрээ байгуулсан. 2014 онд Крымын зүүн хэсгийг өөртөө нэгтгэсний дараа барууны орнууд Оросын эсрэг хориг арга хэмжээ авсан бөгөөд энэ нь Кремлыг эргэж харахад хүргэсэн юм. Оросын зарим албан тушаалтнууд Ази дахь эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх гол дамжин өнгөрөх коридор нь Монгол учир Монголтой холбоогоо сэргээх талаар ярьж эхэлсэн. 

Орос, Монгол батлан хамгаалах чиглэлд илүүтэй хамтран ажиллаж буй. 2018 оны есдүгээр сард хүйтэн дайн дууссанаас хойшхи гурван улсын хамтарсан хамгийн том цэргийн сургуулилт болсон бол энэ оны наймдугаар сард Сэлэнгэд Монгол Улсын зохион байгуулсан сургуулилтад Оросын 1000 гаруй цэрэг оролцсон юм. 

Есдүгээр сарын эхээр Оросын Ерөнхийлөгч В.Путин Монголд айлчлахдаа стратегийн түншлэлийн хэлэл­цээрт гарын үсэг зурсан. Үүний дараа В.Путин Хятад руу байгалийн хий дамжуулах хоо­лойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан  барих саналыг дэмжиy, “Газпром” компанийн гүй­цэт­гэх захирлыг дуудаж, шинэ хоолойн төлөвлөгөөг боловсруулах даалгавар өгсөн байдаг. Тэрбээр “Ямалын хойгоос Хятадын зах зээлд хүрэх хийн хоолойг Монголын газар нутгаар дайруулах боломжийг судлах хэрэгтэй” гэж Миллерт хэлсэн байх бөгөөд Хятадын тал ч дэмжиж байгаа гэдгийг уламжилжээ. Хятад бол  ОХУ-ын Монголтой холбоотой ямар ч төрлийн эдийн засгийн харилцааг дэмжиж, тэргүүн эгнээнд байх нь ойлгомжтой.

Их сургуулийн профессор А.Маслов  “Оросын хөдөө аж ахуйн гаралтай бүтээг­дэ­хүү­нийг Хятадад хүргэх хамгийн хурдан дамжин өнгөрөх газар бол Монгол. Оросын Алс дорнодын бүс нутгаас Монголоор дамжуулан бараа бүтээгдэхүүнээ Хятад руу хүргэхэд ердөө 3-4 хоногийн хугацаа шаардагдах бол бусад маршрут урт хугацаа шаардана” гэжээ. 

Харин Оросын томоохон их сургуулийн /Far Eastern Federal University/ -ийн судлаач Артём Люкиний хэлснээр, Алтайн уулсаар дамжуулж Хятад руу бараа зөөх нь хамгийн алдагдал багатай зам гэсэн тооцоолол хийжээ. Мөн Алексей Маслов тэргүүтэй олон судлаачид энэ байр суурийг баримталж, түүнийгээ ил тод илэрхийлсээр байгаа юм. 

Тэдний хувьд ОХУ Монголд өсөн нэмэгдэж буй БНХАУ-ын эдийн засгийн нөлөөлөлд онцгой санаа зовниж буйг хүлээн зөвшөөрсөн бөгөөд үүнийг урт хугацааны бол­зош­гүй аюул хэмээн тодорхойлжээ. Иймээс нөлөөллийг тэнцвэржүүлэх нь Кремлийн хамгийн чухал зорилт гэж тайлбарлалаа. 

А.Масловын хэлснээр, хэрэв Бээжингийн бодлого Монголд энэ хэвээр орон зайгаа тэлсээр байвал, Оросуудын хэтийн зорилго үгүй болох магадлалтай гэнэ. Тэрбээр, “Хэрэв Монгол эдийн засгийн хувьд Хятадын хараат болчихвол, Оросын хилийн 70 хувь нь Хятадтай залгах болно. Ингээд бид ч эдийн засгийн хувьд тэдэнтэй хамааралтай болно” гэж ярьжээ.

Зөвлөлт Орос улс орчин үеийн Монголыг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн юм.  Тодруулбал, 1921 онд Монголыг тусгаар тогтноход нь тусалж, улмаар Улаанбаатар хотыг төвхнүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ. Улс хоорондын харилцаа маш нягт байсан тул Оросын элитүүд Монголыг “Зөвлөлтийн 16 дахь бүгд найрамдах улс” гэж нэрлэн улс төр, соёлд нь хүндэтгэлтэй ханддаг байжээ. Харин Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа Оросын Монгол дахь нөлөө буурсан. 1990-ээд оны үед Орос, Монголын хоорондын  худалдаа бараг 80 хувиар буурсан бөгөөд Москвагийн Монгол дахь орон зайг барууны болон хятадын компаниуд эзлэх болсон юм. Монголын залуус ч орос хэлийг бус, англи хэлийг хоёрдогч хэл болгон сонгох нь ихэссэн. Кардиффын их сургуулийн Хууль зүй, улс төр судлалын сургуулийн захирал Сергей Радченкогийн үзэж буйгаар Орос Монгол дахь нөлөөллөө бууруулж эхэлсэн нь экс Ерөнхийлөгч Борис Ельциний шийдвэртэй хол­боотой аж. Тэрбээр “Монгол Оросын тойргийн нэг хэсэг байх сонирхолгүй болсон юм биш. Эсрэгээр Орос Монголыг сонирхохоо больсон хэрэг. Энэ нь магадгүй эдийн засагт хүнд дарамт болж байсантай холбоотой. Нягт харилцаатай байх нь стратегийн хувьд ашиггүй байсан учраас тэр” гэлээ.

Харин эдүгээ БНХАУ бүс нутагтаа эдийн засаг болон батлан хамгаалах чиг­лэлээ­рээ тэргүүлж эхэлсэн уч­раас ОХУ хиллэдэг хөрш ор­нууд­тай­гаа харилцаа, хамтын ажил­ла­гаа­гаа бэх­жүүлэх болжээ.