ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Жеорж Чен: Монголд фэйсбүүкийн хоёр сая гаруй идэвхтэй хэрэглэгч бий

O.Admin
2019-10-07

Харилцаа холбооны зохицуулах хороо /ХХЗХ/ болон “Фэйсбүүк” компанийн хамтын ажиллагааны үр дүнд хууль бус контентийн талаарх гомдол хүсэлтийг шуурхай шийдвэрлэх, зохицуулалтыг хэрэгжүүлэхээр болжээ. Энэ талаар “Фэйсбүүк” компанийн Хонконг, Тайван, Монгол Улс болон олон нийтийн бодлого хариуцсан захирал Жеорж Ченээс тодрууллаа. 

-“Ногоон суваг” гэдгээ тодруулж болох уу. Ямар байдлаар хамтарч ажиллах, мөн хүсэлтийг яаж илгээнэ гэсэн үг бэ? 

-Иргэд хуурамч хаяг, гүтгэлэг, доромжлол, садар самуун сурталчилсан мэдээллийн талаар гомдлоо цагдаагийн байгууллагад гаргах юм. Энэ тохиолдолд тус байгууллага шалгаж үзээд нотолгоотой гэж үзвэл танай улсын ХХЗХ руу илгээнэ. Тэд хуурамч хаяг, мэдээллийг устгах хүсэлтийг манай компанид илгээнэ. Харин бидний хувьд өөрийн бодлого, хууль журмын хүрээнд хүсэлтийг хэлэлцээд устгах эсэх шийдвэрээ гаргана. Түүнээс биш энэ суваг нээгдлээ гээд дурын хаягаа устгаад байхгүй. 

-Энэхүү шугам нь иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхэд халдах юм биш биз. Ер нь манай улсын хэчнээн иргэд фэйсбүүк орчинд идэвхтэй хэрэглэгч байдаг вэ? 

-Монголд хоёр сая гаруй идэвхтэй хэрэглэгчид бий. Үүнд нь бидний хувьд баяртай байдаг.  Танай улсын ХХЗХ-ны хийсэн судалгаагаар эдгээр хаягийн 40 орчим хувь нь хуурамч юм билээ. Хэрэглэгчдийн тоо нэмэгдэхийн хэрээр хариуцлага өндөр байх ёстой гэсэн бодлогыг манай компанийн зүгээс барьдаг юм. Монголын хэрэглэгчид фэйсбүүкийн үндсэн функц болох “Report”-ийг хэрэглэх боломж нь нээлттэй. Харин “Ногоон суваг” бол нэмэлтээр зохицуулах арга юм. Үүнд илүү чухал, яаралтай асуудлуудыг авч хэлэлцэнэ. Гомдол саналууд хоорондоо адилгүй учраас шүүн хэлэлцэх хугацаа янз бүр байх болно. Жишээ нь, хуурамч хаягийг нэг өдрийн дотор илрүүлэх боломжтой байхад агуулга, нийтлэлийг 2-3 хоногт шалгах гэх мэтээр харилцан адилгүй л дээ. Бидний зүгээс цаашдаа компанидаа монгол хэлтэй ажилтан авах бодлого баримталж байгаа. Ингэсэн тохиолдолд ирүүлсэн нийтлэлийг англи хэл рүү хөрвүүлж эхэлснээр асуудлыг хурдан шуурхай шийдэх боломж бүрдэнэ гэж үзсэн. Бид дэлхий дахинд олон улс оронтой ийм хамтын ажиллагааг хэрэгжүүлдэг. Манай компаниас зургаан сар тутам Ил тод байдлын тайланг гаргадаг байгаа. Тэнд дурдсанаар бол дэлхийн улс орнуудаас “Ногоон суваг”-аар дамжиж ирсэн нийт хүсэлтийн 50 орчим хувийг хүлээн авч, устгасан. 

-Ирэх онд Монгол Улсад улс төрийн сонгууль болох гэж байна. Улстөрчдийн захиалгаар иргэний бичсэн пост, үзэл бодлыг устгахаар ийм ажил хийж байна уу гэх мэтээр шүүмжлэл ирэх байх? 

-Тийм зүйл огт гарахгүй гэдгийг хэлье. Учир нь манай компани “Public figure” буюу улс төрийн албан тушаалтан, тэдгээртэй холбоотой шүүмжилсэн, доромжилсон зэрэг мэдээлэл, гомдлыг хүлээж авахгүй. Энэхүү зохицуулалтыг хэрэгжүүлэхдээ иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх хэвлэлийн эрх чөлөөг хамгаална. Гэхдээ фэйсбүүк хэрэглэгчдийн хэм хэмжээ “Community Standards” болон Монгол Улсын холбогдох хуулийн хэрэгжилтийг нийгмийн сүлжээнд хангах хүрээнд олон нийтийн аюулгүй байдалд шууд аюул занал, учруулж болохуйц гэж үзсэн контент болон бүртгэлтэй хэрэглэгчийн хувийн аккаунтыг устгах, түдгэлзүүлэх зэрэг арга хэмжээ авч хамтран ажиллана гэж ойлгох нь зөв байх. “Community Standard”-ийн дагуу олон нийт улс төрийн албан тушаалтны талаар хэлэлцэх, шүүмжлэх, мэдээлэл солилцох бүрэн эрхтэй. 

-”Community Standard” гэдгээ тодруулж болох уу. Энд ямар зүйлсийг багтаадаг юм бэ? 

-Маш олон бий. Тодруулбал, Хүчирхийлэл болон гэмт хэргийн шинж чанартай агуулга, Амиа хорлолт өөрийгөө золиослохыг уриалсан, дэмжсэн агуулга, Хүүхдийн бэлгийн мөлжлөг, Олон нийтийн байдалд сөргөөр нөлөөлөхүйц мэдээ, Садар самууныг сурталчилсан, Дээрэлхсэн дарамталсан, Спам буюу зөвшөөрөлгүй мэдээлэл вирус, Худал мэдээ зэргийг авч хэлэлцдэг. Мөн оюуны өмчийг зөрчсөн болон хориотой бараа бүтээгдэхүүн сурталчилсан бол хэлэлцдэг байгаа. 

Б.Эрхэс