ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Оюун-Эрдэнэ: М.Энхболд шалгуулах хүртэл би УИХ-ын чуулганд суухгүй

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-06-15

УИХ-ын гишүүн, УИХ дахь “Авлигын эсрэг лобби” бүлгийн ахлагч Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр АТГ-т мэдүүлэг өглөө. Тэрбээр ТЕГ-ын дарга асан Г.Хурцын асуудлаар мэдүүлэг өгчээ. Үүний дараа сэтгүүлчдэд хандан мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр “Хэрвээ би сонгогдвол 60 тэрбумын хэргийг ил болгон гэсэн Ерөнхийлөгч хаана явна. Амь насаа алдахаас айхгүйгээр монголд шударга ёс тогтооно гэж мэдэгдэж гарч ирсэн Ерөнхий сайдын дуу хоолой юу болов.

Би Хуульзүйн сайд болбол хуулийн хайчийг шударга ёсны хайчийг, төрийн хайчийг ажиллуулна гэж мэдэгдэж байсан Хуульзүйн сайд яав. Яагаад монголд дуулиант хэргүүд завхраад, нийтийн сонсголын хойноос хөөцөлддөг хууль хяналтын байгууллагатай болчихов. Миний хувьд тэвчээр алдагдаж байна. Ордон дотор зөндөө хашгирлаа, болдоггүй юм байна. Хаврын чуулганаар энэ асуудлыг хэлэлцдэггүй юм бол ард түмнийхээ дунд орж, тэдэнтэй тэмцэх болно. 60 тэрбумын хэрэгт холбогдсон М.Энхболд УИХ-ыг удирдах ёсгүй гэж бодож байна. Албан тушаалаасаа татгалзаж, хуулийн байгууллагаар шалгуулах ёстой. Түүнийхээ дараа УИХ-ын даргаараа ажиллах хэрэгтэй. Тэр болтол би УИХ-ын чуулганд оролцохгүй” гэсэн юм.