ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Жолооны ард уруулаа битгий буд, бүсгүй минь

O.Admin
2019-10-10

Өчигдөр өглөө FM радиогоор нэг эрэгтэй ярьж байна. “Эмэгтэй жолооч нарыг машин бариулмааргүй байна. Замын хөдөлгөөний дүрмийг эмэгтэйчүүд голдуу зөрчдөг. Жолоо барьж байхдаа утсаар их ярина, эгнээ байраа буруу эзэлчихээд буруу, зөвгүй дайрна. Эргэлтэн дээр эргүүтээд зогсчихно. Гэрэл дохиогоо мэддэггүй юм уу, хаашаа юм. Хэлэхээр шууд хэрэлдэнэ. Осол зөрчлийг эмэгтэйчүүд голдуу гаргадаг. Үнэн хэрэгтээ энэ их түгжрэлийн ихэнх нь эмэгтэй жолооч нарын буруугаас болдог” гээд л авч өгч байна аа. Үнэн л дээ. Яг тэг­дэг юм чинь.

Таксинд явж байгаа эмэгтэй гар утсаараа “кэндикраш” тоглочихсон гэрэл дохион дээр зогсч байхыг харж л байлаа. “Ингэж болохгүй. Жолоо барьж байж, тоглох нь бүү хэл, утсаар ярих ч хориотой шүү дээ” гэхэд “Яахав дээ, зав чөлөөгөөр нь тоглож л байя. Ямар гэмтэй юм биш” гэж өөрийгөө өмөөрөх.  Эмэгтэй та өөрийн болон бусдын эрхийг хүндэтгэж, замын хөдөлгөөнд оролцоход жаахан ухамсар л дутаад байна. Би эмэгтэй юм чинь, эд намайг хүндлэх ёстой гэдэг өнцгөөс биш, би адилхан хүний болон өөрийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хохироож болохгүй гээд бодоод үзээрэй. Эмэгтэй жолооч болгон тийм “түрэмгий ааштай” биш л дээ. 

Жолооны ард уруулаа будах, нүүрээ пудрдэх бол юу ч биш. Хүүхдээ өвөр дээрээ суулгаад явах нь ч бий. Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөнд соёлтой оролцох аян зохион байгуулдаг ч эмэгтэй жолооч нар төдийлөн өөрт хамааруулахгүй байх шиг.  Замын цагдаа нар ч эмэгтэй жолооч нарыг өрөвддөг ч юм уу, хайрладаг ч юм уу, торгох зогсоох нь ховор. “Дураараа биш дүрмээрээ” аян одоо ид өрнөж байна. Энэ уриа эмэгтэйчүүдэд яг тохирсон аян. Замын цагдаа нар ч эмэгтэй жолооч нарт илүү анхаарал хандуулж, шаардлага тавихгүй бол их хотын хөдөлгөөнд саад болж, дүрэм зөрчиж байгаа эмэгтэй жолооч нар улам л ихсэх янзтай.  

А.Од