ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Г.Очбаяр: Улаанбаатар хот шилэн аквариум боллоо

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-10-11

Нийслэл хотын түүхэн дурсгалт барилгуудын талаар Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяртай ярилцлаа.

-Улаанбаатар хотын хэм­жээнд хэчнээн түүхэн дурс­галт барилга байдаг вэ. Хамгийн  анхных нь  Дамба­даржаа хийдээс эхлээд ашиг­ладаг, ашигладггүй гээд олон  байдаг байх?

-Улаанбаатар хотод өнөөд­рийн байдлаар 217 түүх соёлын үл хөдлөх дурсгал байдаг. Үүнд археологи, түүхэн дурсгалт газар, сүм хийд, архитектурын дурсгалт байшин,  хөшөө багтана. Харин 50 гаруй  түүх архитектурын барилга, долоон  сүм хийд бий. Энэ барилгууд цаг хугацааны хувьд 250 гаруй жилээс эхлээд 1965 он хүртэлх үеийн барилга байна. Улаанбаатар хотын хамгийн эртний архитектурын дурсгал бол 1761-1765 онд хоёрдугаар Богдод зориулж барьсан  Дамбадаржаа хийд шүү дээ. 100 жилээс өмнөх үед  баригдсан гэж ярих юм бол долоон сүм, есөн барилга орж байгаа юм. Нийтдээ 20 хүрэхгүй шахуу 100-аас дээш  жилийн насжилттай  барилгатай шүү дээ.

-Түүхэнд 100 гаруй сүм хийд Улаанбаатар хотод  байсан гэдэг шүү дээ. Яагаад ингэж цөөрсөн юм бол? 

-Социализмын үед тэр бүг­дийг устгачихсан байхгүй юу. Хэлмэгдүүлэлтийн үед Улаанбаатар хотод нийтдээ 100 гаруй сүм хийд байснаас өдгөө 90 гаруй хувийг нь устгасан. 1921-1990 онд бий болгосон социалист Улаанбаатар хот бидний хувьд хуучин хот. Энэ хуучин хотоос 40 гаруй барилга байшинг соёлын өвд бүртгээд авчихсан. Тэрнийх  нь нэгээхэн хэсэг нь УДЭТ, ДБЭТ, Төв номын сан, Байгалийн түүхийн музей ордог. Түүх дурсгалын байшин, барилгуудыг буулгах асуудлыг маш их улс төржүүлж байна. Учир нь, манай улс Соёлын өвийг хамгаалах тухай хуультай. Тухайлбал сүүлийн үед  яригдаад  байгаа дөрвөн барилга бүгд 2015 онд архитектурын дурсгал гэдгээр нь соёлын өвд бүртгэсэн. Гэтэл үүнийг улс төрийн бус, хуулийн асуудал болгочихвол буулгахгүй. Өөрөөр хэлбэл,  манай улс хууль дээдэлдэг, хуулийн засаглалтай улс л юм бол Соёлын өвийг хамгаалах хууль нь одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөнө. Соёлын өвийг хамгаалах гэж энэ хууль гарсан. Бид буулгахгүй байх ёстой. Энэ чинь хот төлөвлөлтийн алдаатай бодлогын үр дагавар гэж хэлж болно. 1990 оны дараа нийслэл хотод шинэ дэд төвийг байгуулах шаардлага байсан. Гэвч тэгээгүй. Хуучин социалист хотынхоо төвд  Улаанбаатар хотын шинэ төвийг байгуулсан л даа. Ингэхдээ  сүүлийн 20 жил социалист Улаанбаатар хотыг буулгаад, дээр нь шилэн барилга барих  явц өрнөлөө шүү дээ. Маш харамсалтай. Гадны туршлагыг харахаар, хуучин хотоо авч үлдээд, шинэ хотынхоо  төвийг бага зэрэг зайтай газар байгуулдаг. Тэгж байж төвлөрлийг сааруулна. Нөгөө талаас эдгээр барилгуудыг буулгаад дахин барихад нөгөө  л төвлөрлийг ихэсгээд байгаа нь хот төлөвлөлтийнхөө бодлоготой уялдахгүй байгаа хэрэг. Бид Улаанбаатар хотын­хоо төвлөрлийг сааруулъя гэж яриад байгаа шүү дээ. Гэтэл хотын түүхэн дүр төрх, хүмүү­сийн ой санамжийг үгүй хийж байгаа үйлдэл болж харагдаж байна. 

-Маш олон зүйлийг ярих хэрэг гарах нь. Хамгийн наад зах нь л гэхэд яагаад энэ барилгуудыг авч үлдэх ёстой вэ гэдэг нь чухал байх?

-Нэгдүгээрт, одоо яригдаж буй дөрвөн барилга нь Монголын орчин цагийн хот байгуулалтын түүхийг гэрчилж байна. Яагаад гэвэл Улаанбаатар хот орчин цагийн хот байгуулалтыг эхлүүлсэн байдаг. Тэр дундаа Улаанбаатар хотын төвийн хэсэг бол нийслэл хотын анхны барилгууд гэдэг.  Нөгөө талаас 1945-1961 оны хооронд монголын орчин цагийн хот байгуулалтын түүхийг эхлүүлсэн барилгууд өөрөө класик буюу 2500 жилийн өмнөх эртний Грек соёлоос гаралтай загвараар баригд­сан барилга Өнөөдөр энэ барил­гуу­дыг гүйцэх гоё архитектур­тай барилгууд Улаанбаатар хотод байхгүй. Үүгээрээ Улаанбаатар хот бусад гадны хотуудаас ялгардаг. Азид ийм архитектурын чуулгатай хот Улаанбаатар хотоос өөр байхгүй.   Эдгээрийг бид буулгах юм бол Улаанбаатарчууд бид тийм шилэн аквариум дотор амьдрах гээд байна.  Улаанбаатар хотод өрнө дорно хоёр уулзаж байна шүү дээ, хот төлөвлөлтийн хувьд. Нийслэлийн удирдлагууд,  салбарын сайд нь үүнийг тайлбарлахдаа, насжилт нь дуусчихсан,  хүн дарж алахгээд  байна гэж байгаа юм. Гэтэл европын олон зуун жил  оршин тогтносон барилгууд хэчнээн мянган хүн дээр нурсан байна гэсэн мэдээлэл байх ёстой шүү дээ. Гэтэл огт байхгүй.  Манай улс соёлын өвийг хамгаалах хуультай,  сэргээн засварладаг цөөхөн ч гэсэн мэргэжилтэнтэй. Яахын тулд  энэ тогтолцоо,  хууль эрхзүй,  мэргэжилтнүүд байгаа юм бэ. Мэдээж хамгаалахын тулд, хүн даруулахгүйн тулд бэхжүүлэх, хүчитгэх, сэргээн засварлах маш олон технологийн аргууд бий. 

-Тухайлбал, Байгалийн түүхийн музейтэй яг ижилхэн загвар, технологиор барьсан барилга бол Санхүү эдийн засгийн дээд сургуулийн барилга шүү дээ. Олон мянган оюутан бужигнадаг сургуулийн барилга зүгээр байхад  яагаад Байгалийн түүхийн музейг буулгах шаардлагатай болсон бэ гэдэг асуудал гарч байна. Яриад байгаа хүмүүс нь нөгөө буулгана гээд  байгаа нөхдүүд шүү дээ. Түүнээс мэргэжлийн баг очиж үзвэл шал өөр дүгнэлт гарах байх. Нөгөө талаас Байгалийн түүхийн музейг 2013 онд хаалгыг нь хааснаас хойш зургаан жилийн хугацаанд  ямар ч засвар хийгээгүй. Засвар  хийгээгүй барилга муудна биздээ. Гэхдээ хүн дарах хэмжээнд муудаагүй. 

-Нийтдээ 60 гаруй түүх дурсгалын байшин,  сүм байна гэлээ. Тэдгээр барил­гын хэдийг нь хувь хүн эзэмшилдээ авсан талаарх мэдээлэл байгаа юу?

-Эдгээр барилгуудын 90 гаруй хувь нь улсын болон нийслэлийн өмчид байдаг. Бусад нь хувийн өмчид байгаа. Гэхдээ Соёлын өвийг хамгаалах хуулиараа өмчлөл тийм ч хамаатай биш. Учир нь, түүхэн соёлын өв хувь хүнийх ч байж болно, улсых ч байж болно гээд заачихсан. Гагцхүү  улсын өмч,  хувийн өмч байхаас үл шалтгаалаад хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Хувийн өмч байлаа гээд түүнийг дураараа буулгах, дураараа сэргээн засварлах нь битгий хэл нэг ширхэг хадаас ч хөдөлгөж болохгүй. Хийхээр бол заавал зөвшөөрөл авч байж хийх ёстой. Түүхийн гэрч шүү дээ. 

-Хэлмэгдэгсдийн музейг  буулгачихлаа. Музейг сэр­гээн­гээ олон давхар оффис барихаар болчихлоо?  

-Хэлмэгдэгсдийн музейн барилга буюу Монгол Улсын ес дэх Ерөнхий сайд Пэлжидийн Гэндэнгийн барил­гыг буулгачихлаа шүү дээ. Хувийн өмч учраас дураараа, яаж ч хандаж болно гэж хүмүүс яриад байгаа. Гэтэл энэ Хэлмэгдэгсдийн музейг 2008 оны Засгийн газрын 175 дугаар тогтоолоор Нийслэлийн хамгаалалтад авчихсан. Хуулиндаа “барилгын анхны төрх бүтээц, хийцийг  өөрчилж болохгүй. Хэрвээ өөрчлөх гэж байгаа тохиолдолд заавал яамны дэргэд байдаг мэргэжлийн зөвлөлөөр оруулж , шийдвэр гаргуулна. Үүний дараа шийдвэрийг үндэслэж Соёлын асуудал хариуцсан сайдын зөвшөөрлөөр сэргээн засварлах эрх олгосон компани л зөвхөн ажиллана” гэж заасан. Харамсалтай нь хуулийн зүйл заалтуудыг бүгдийг нь зөрчсөн. Яаманд мэдэгдээгүй, зөвшөөрөл аваагүй, мэргэжлийн байгууллагаар зураг төсөл хийлгэсэн нь тодорхойгүй байна шүү дээ.  Зураг төсөл хийлгэсэн гэж байгаа боловч музей барих, түүх соёлын үл хөдлөх дурсгалыг сэргээн засварлах зураг гэдэг нь тусдаа ойлголт л доо. 

-Зарим түүхэн барилгуудыг хувьдаа авсан нэр бүхий улс төрчдийн нэр ч байдаг?

-Хэд хэдэн ийм барилга байгаа. Энийг бүрэн хэмжээнд гаргаж чадаагүй, мэдээллийг нь огт олж чадахгүй байна. Цөөхөн хэдэн жишээ дурдахад, Бөхийн өргөөний хойд талд байрлах ногоон байшин байгаа. Энд “Батбайгаль”, “Ванхүү”  дэлгүүр ажилладаг. Энэ барилга 1913-1914 онд баригдсан Монголын анхны холбооны барилга. Анх энд монголын орчин цагийн холбоо байгуулагдаж байсан бөгөөд тухайн үедээ төмөр утасны хороо гэдэг байсан. Энэхүү түүхэн барилгыг социализмын үед ч, 1990 оны дараа ч  түүх соёлын үл хөдлөх дурсгал гэж үзээд хотын хамгаалалтад авсаар ирсэн. Гэтэл нийслэлийн өмч байсан  энэ барилгыг 2001 онд хувийн өмчид шилжүүлчихсэн. Төрийн өмчид байх барилгыг хувийн өмчид шилжүүлсэн хууль бус үйлдэл юм. Гэхдээ энэ үйлдлийг  хууль ёсны дагуу мэтээр хийсэн байдаг. Бүх тогтоол, шийдвэр нь шүү дээ. Тэгэхээр юуг зөрчсөн гэхээр, 1999 онд УИХ-ын 64 дүгээр тогтоолын тавдугаар зүйлд түүх соёлын барилга байгууламжийг хувийн өмчид хувьчлахыг хориглоно гээд заачихсан. Энэ одоо ч хүчинтэй байгаа. Хоёрдугаарт, Гоожингийн өндөр гэх Монгол Улсын хамгийн анхны Ерөнхий сайд Намнансүрэнгийн барил­гыг нийслэлийн өмчид бай­хад нь 2008 онд хувийн өм­чид шилжүүлсэн. Дахиад л тог­тоолоо зөрчсөн байгаа биз дээ. 

-Ерөнхий сайд  асан Р.Амаржаргал Гоожингийн өндөр гэдэг барилгатай хол­бог­дож байсныг мэдэх юм байна. Коллежийн эзэм­шилд байхад нь Р.Амар­жаргал тухайн үедээ  захирлаар нь ажиллаж байхдаа акталснаас хойш замхарсан гэдэг? 

-Тэрийг сайн мэдэхгүй байна. Тийм барилгууд зөндөө л  байгаа шүү дээ. 1990 оны өмч хувьчлалаар ер нь хуваагаад авчихсаныг бүгд л мэдэж байгаа байх. 

-Түүхэн дурсгалт барилгын газарт нь хүртэл шунадаг, маргаан үүсдэг асуудал гардаг. Чойжин ламын сүм музейн газраас хумсалсан асуудал гарч байсан?

-Тийм ээ. Хамгийн харам­сал­тай  жишээ бол Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музей байна. Хамгаалалтын бүс тогтоочихсон хэрнээ л  алд­чихаад  байна. Чойжин ламын сүм музейн хойд талын зогсоолыг “Чоно” ХХК хугацаагүй гэрээгээр эзэмш­чихсэн. Яаж ч чадахгүй байна. Харин Богд хааны ордон музейг АПУ ХХК-ийн өмчлөлд өгсөн. Одоо болтол шүүхдээд явж байгаа. 

-Танай Улаанбаатар хотын музей барилга бас  л хуучны загвартай барилга байна. Танайх руу арай халдаагүй биз дээ?

-Улаанбаатар хотын музейн барилга 1919 онд баригдаж байсан 100 жилийн түүхтэй. Манайх  2004 онд хажууд талынхаа газрыг алдчихсан. Энд социализмын  үед манай музейг өргөжүүлнэ гээд 1986 оны Улаанбаатар хотыг хөг­жүүлэх төлөвлөгөөнд  тодорхой зурчихсан байсан. Энэ газрыг авсан хүмүүс одоо хотын захиргаанд ажиллаж байна. 

-Иргэдийн оролцоо энд  чухал байх шиг. Тухайлбал, МХЕГ-ын дүгнэлтээр нийс­лэлийн удирдлагууд буул­гах шийдвэр гаргаад  байдаг. Гэтэл өв соёлын мэргэ­жилт­нүүд, архи­тектор­чууд буулгахгүй гэхээр иргэд талцаад ч байгаа юм шиг нөхцөл бий болжээ?

-Яг зөв. Соёлын өвийг хамгаалахад иргэдийн оролцоо маш чухал байдаг. Учир нь  төр буруу шийдвэр гаргадаг. Тэрийг нь засах хүч нь иргэдийн дуу хоолой, ухамсар. Тэгэхээр үүнийг улстөрчид улстөрийн байдлаар хандахад  иргэд тэр шийдвэрийг дагаж байна. Иргэд мэдээлэл муу байна. Соёлын өвийн боловсролын чиглэлээр хийх ёстой олон ажил байна гэдэг эндээс харагдаж байна.