ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дэлхийн хотуудын утаанаас салсан туршлага

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-10-15

Агаарын бохирдол ганц Монголын ард түмнийх биш. Дэлхийн томоохон хотуудад ч эл асуудал байсаар ирсэн бөгөөд гагцхүү оновчтой төлөвлөлт, технологи, зөв бодлогын үр шимээр аажим аажмаар утаанаас салж иржээ. Тиймээс энэ удаа уншигчиддаа дэлхийн улс орнууд ямар арга замыг хэрэглэн утаанаас ангижирч байсныг сонирхуулахаар бэлтгэлээ. 

Хятад: Технологи хийгээд оновчтой төлөвлөлт

Аж үйлдвэр хөгжихийн хэрээр утааны асуудалд нэрвэгдэж, савласан агаар худалдан авах хэмжээнд очиж байсан БНХАУ эдүгээ хамгийн их утаатай 10 улсын тооноос хасагджээ. 2014 оноос тус улс агаарын бохирдлын эсрэг дайн зарлаж, хорт утаа ихээр ялгаруулдаг үйлдвэрүүдийг хааж, агаарын бохирдлын эсрэг тусгай цагдаагийн эргүүл гаргах зэрэг олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байсны дүнд бохирдлоо мэдэгдэхүйц хэмжээнд бууруулж чаджээ.

Тэд оновчтой менежмент, технологийн шийдлийг хослуулж, утаанаас салж чадсан юм. Саяхан тус улсын Шаньси мужийн Шиань хотод 100 метр өндөр агаар цэвэршүүлэгч цамхаг баригдаж, ашиглалтад орсныг уншигчид санаж буй бизээ. Эл цамхагийг барьснаар утаа 15 хувь багассан гэнэ. 2018 онд Бээжингийн захиргаа агаарын бохирдол ялгаруулж буй 553 автомашины төрлийн ашиглалт ба үйлдвэрлэлийг хориглох шийдвэр гаргаж, цахилгаан болон холимог хөдөлгүүртэй автомашины хэрэглээг идэвхтэй дэмжиж байна. Мөн өдөрт 60 кг хүчилтөрөгч ялгаруулах  оффис, орон сууц, зочид буудал, музей, сургуулийн зориулалтаар ашиглах 200 орчим "ногоон" барилгыг барьж, хотын агаарын бохирдол, утаа, тоосонцорыг багасгахаар төлөвлөжээ.

 Дэлхийн хамгийн анхны босоо ойн барилгын ажил эхэлсэн байгаа бөгөөд эхний ээлжийн барилгууд энэ жил ашиглалтанд орж, 2020 он гэхэд Наньжин тэр чигээрээ ойн хот болохоор төлөвлөж байгаа ажээ. Дэлхийн хамгийн анхны агаар цэвэршүүлэгч цамхаг, дэлхийн хамгийн анхны ойн хотоос гадна Хятад улс дэлхий дээрх хамгийн том нарны зайн хөвөгч байгууламжийг бүтээн босгож агаарын бохирдолтой тэмцэж байна. Анхуй мужийн усанд живсэн хуучны нүүрсний уурхайд баригдсан 40 мегаваттын уг байгууламж нь жижиг тосгоныг эрчим хүчээр хангах чадалтай аж. Үүнээс гадна өнгөрсөн онд л гэхэд 5.8 сая шавар байшингийн оршин суугчдыг орон сууцжуулжээ. Ингэхдээ түрээслэх, худалдан авах боломжийг хослуулсан шинэ журмыг хэрэгжүүлсэн байна. 

Их Британи: Цахилгаан болон хийн түлш

Лондон хотын хөгжил хурдасч, хүн амын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байсан бөгөөд нүүрсээр дулаан шийдэх гэсэн айл өрх болон, томоохон үйлдвэрүүдийн тоо нэмэгдсээр байжээ. Ерөнхийдөө тус хотын агаарын бохирдол 1930-аад оноос эхэлсэн бөгөөд энэ нь явсаар хориодхон жилийн дотор “алуурчин” болон хувирсан гэдэг. Ард иргэд нь гамшигт утааны талаар хотын захиргаанд хэд хэдэн удаа гомдол гаргаж гарын үсэг цуглуулсан ч Английн засгийн газраас дорвитой арга хэмжээ авахгүй байжээ. Гэтэл 1952 оны арванхоёрдугаар сарын 4-нд хэний ч төсөөлөөгүй гамшиг тохиосон юм.

Цаг агаар хүйтэрч, салхины урсгал эсрэг циклонд орсноос ямар ч салхигүй болж, Лондон хотыг хар утаа манан бүрхэн авах нь тэр. Тэр үед Лондонд үзэгдэх орчин хязгаарлагдаж, сургууль цэцэрлэг, үйлчилгээний байгууллагууд хаалгаа барьж хүмүүс орон гэртээ утаа угаар орохоос сэргийлэн бүх онгорхой цоорхойг битүүмжилж байсан ч энэ бүхэн тусыг эс олон хүмүүс орон гэртээ нас барсаар байв. Тэд ердөө хорт утаанд хордон амьсгал нь боогдон, угаартаж хорвоог орхисоор байсан юм. Энэхүү хорт утааны үндсэн хохирогчдын 78 хувь нь хөгшид, нялхас болон жирэмсэн эхчүүд байжээ. Үхлийн утаат хөшиг буусан өдрүүдэд шувуу хүртэл замаа харахгүй байшингуудыг мөргөж үхэж байсан аж.  Эдгээр хар өдрүүдийн дараа Английн Засгийн газар сая ухаан орж арга хэмжээ авч эхэлжээ.

Английн эрх баригчид Цэвэр агаарын хууль баталсан бөгөөд энэ хууль хэрэгжиж эхэлснээр дөрвөн жилийн дотор агаарын бохирдол гэдэг зүйлээс бүрэн ангижирч чаджээ.  Эрх баригчид хатуу түлшний хэрэглээг бууруулж цахилгаан болон хийн түлшний хэрэглээг дэмжиж, томоохон үйлдвэрүүдийг хот болон суурьшлын бүсээс гарган, цахилгаан станцуудыг хүн ам багатай дүүргүүд рүү дэс дараатай нүүлгэн шилжүүлжээ. Мөн Лондон хотод “Агаарын хяналтын бүсүүд” бий болж, зөвхөн угаасан нүүрс, цахилгаан болон байгалийн хий хэрэглэж эхэлсэн учир агаарын бохирдлыг сааруулан, аажмаар арилгаж чаджээ.

Бүх айлуудад Засгийн газрын 100 хувийн дэмжлэгээр айл өрхийг бүрэн дулаацуулах хүчин чадалтай, тог баг зарцуулдаг тень буюу халаагч суурилуулан, бүх пийшинг байгалийн хийгээр ажилладаг буюу газан плиткагаар  сольсон байна. Ингээд айл өрх, байгууллагуудыг цахилгааны төлбөрөөс хөнгөлж өгснөөр ахуйн чанартай агаарын бохирдолыг шийдэж чаджээ. Хамгийн сүүлд дизель болон бензинээр бус байгалийн хий ашигладаг машинуудыг татвараас чөлөөлж авто машинаас ялгардаг хорт утааг бууруулсан байна. Мөн томоохон үйлдвэрүүдийг хотоос гарган нүүлгэж, үйлдвэржилтээ даган шилжин суурьших иргэдийн улсад төлөх татвараас тодорхой хэмжээнд бууруулснаар хүн амын төвлөрөлтийг сааруулжээ.

Франц: Нийтийн тээврийн ухаалаг систем 

2015 оны хавар Парис хотын иргэд нийслэлийнхээ агаарын чанарыг муудсан тухай гомдол тавьж эхэлжээ. Эйфелийн цамхаг зэрэг дурсгалт газрууд утаанд харагдахаа больжээ. 2014 онд гаргасан судалгаагаар Парисын иргэд, гаднаас ирсэн зочид, жуулчдыг амьсгалах бүрд уушгинд нь зургаан сая хатуу тоосонцор ордог гэжээ. Энэ нь нэгэн зэрэг найман тамхичны гаргасан утаагаар амьсгалж байгаатай ижил юм. Хотын захиргаанаас ч нэн даруй арга хэмжээ авсан аж.

Хотын төвөөр болон ойролцоох хотуудаар гурваас дээш зорчигчтой автомашинуудыг тэгш, сондгой дугаараар нь явуулж, 20 км/цагаас илүү хурдтай явахыг хориглосон байна. Энэ журмыг зөрчсөн хүмүүсийг газар дээр нь торгож, хүмүүсийг машинаа гэртээ үлдээхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор нийтийн тээврээр үнэгүй зорчуулж, гэрийнх нь ойролцоо үнэгүй зогсоол барьж өгчээ. Эдгээр арга хэмжээний үр дүнд замын түгжрэл 40 хувиар буурсан байна. Нийтийн тээвэрт чихцэлдээн үүсгэхээс сэргийлж, тээврийн компаниудыг нэмэлт суудал гаргах үүрэг өгчээ. Парис хотын дарга Анн Идалыо 2020 он хүртэл дизель хөдөлгүүртэй автомашиныг хориглох санал тавьсан бөгөөд 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ил зуухны хэрэглээг хоригложээ.

Грек: Цахилгааны тарифын хөнгөлөлт

Афин хот гурван талаараа уулсаар хүрээлүүлсэн бөгөөд үе үе салхигүй, тогтонги цаг агаартай байдаг. Грекийн нийслэлийн иргэд ч ил зуух, халаагуур зуух хэрэглэдэг болохоор хууль бусаар мод огтолж, агаарын чанарт нөлөөлдөг байна. Тиймээс агаар дахь тоосонцорын агууламж нэг шоо метрт 150 микрограммаас хэтэрч (дашрамд дурдахад өчигдөр 100 айл орчимд 14 цагийн байдлаар 815 мкг байлаа), хэт мэдрэг хүмүүс гадаа гарах боломжгүй болох үед сургууль, цэцэрлэгүүдийг хааж, иргэдийг галлагаагаа зогсоохыг зөвлөдөг. Хүн амын ядуу давхаргынхан утааны улиралд цахилгааныхаа төлбөрийг төлж чадахгүй гэдгийг төр засгаас ойлгож, зуух, ил зуухны оронд цахилгаан халаагуур хэрэглэсэн нөхцөлд тарифыг 70 хувиар хөнгөлдөг аж. Афинд тэгш тоотой дугаартай автомашинууд тэгш тоотой өдөр, сондгой тоотой нь сондгой өдрүүдэд хотын төв рүү орох эрхтэй.

Герман: Автомашины хязгаарлалт

Европын холбооноос 1999 онд агаар дахь нүүрсхүчлийн хий (С02), тортгийн дээд хэмжээг тогтоосон баримт гаргаж байжээ. Нүүрсхүчлийн хий нь хүлэмжийн хийн ялгаруулалтыг нэмэгдүүлдэг бол дизель автомашинаас гарсан хөө тортог нь хорт хавдрын өвчин үүсэхэд нөлөөлдөг байна. Тиймээс автомашинуудыг заагдсан хэм хэмжээнд нийцэж байгааг шалгаж, шилэн дээр нь экологид хэр хор хохирол учруулахаас хамааран ногоон, шар, улаан өнгийн наалт наадаг аж. Хотын бүсэд мөн өнгийн тэмдэг байршуулжээ. Тухайлбал, Мюнхений төвийн хэсэг нь ногоон бүс учраас үүгээр зөвхөн ногоон наалт бүхий машин л зорчино. Дүрэм зөрчсөн жолооч нарт хатуу торгууль ногдуулдаг.