ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

М.Мөнхбаатар: Багш болох хүсэлтэй хүүхдийг багаас нь бэлтгэж байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-10-15

МУБИС-ийн харъяа ЕБС нь хичээлийн байраа өргөтгөжээ. Энэ талаар болон сургуулийн үйл ажиллагааны онцлогийн талаар тус сургуулийн захирал доктор, дэд профессор М.Мөнхбаатараас тодрууллаа.

-МУБИС-ийн харъяа ЕБС  бусад сургуулиас ямар онцлог, давуу талтай вэ?

-МУБИС-ийн харъяа ЕБС нь 2014 онд анх байгуулагдахдаа найман багш, 20 сурагчтай үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Өнөөдөр  60 гаруй багш 700  орчим сурагчтай, 21 бүлэгтэй  болжээ. Манай сургуулийн гол онцлог нь багш бэлтгэдэг сургуулийн хажууд байгаа ЕБС юм шүү дээ. Багшийн багшийг бэлтгэдэг сургууль учир багшлах арга зүй талаас, манай багш нарт  их сургуулийн багш нар тусалж, дэмждэгээрээ давуу талтай.  МУБИС төрийн өмчийн  сургуулийн багш бэлтгэдэг түшиц нь учраас байгалийн ухаан, гадаад хэлний сургалтыг тэнхмүүдээ түшиглэж хичээллэдэг. Манай сургуулийн хувьд хүүхдийн сурах орчин, багш ажилчдын ажиллах орчныг бүрдүүлэхэд ихээхэн анхаарсан. МУБИС-ын удирдлагууд ч анхаарч, 2018 оны хичээлийн жилд спорт заал, өргөтгөлийн барилгыг барилаа. Энэ удаад хичээлийн байранд нэг давхар нэмж өргөтгөн, сурах орчныг нэмэгдүүлсэн. 

-Хүүхдийг  ахуй амьдралд нь хэрэгтэй, энгийн ажилд сургах, хөгжүүлэхэд  их анхаардаг юм шиг харагдлаа. Хоол хийх төхөөрөмж, гал тогоо, оёдлын  машинаар анги танхимаа тохижуулсан байна?

-Тийм ээ. Мөн гадаад хэл, математик, байгалийн ухааны хичээлээр гүнзгийрүүлсэн сургалт явуулдаг. Хоёрдугаар ангиасаа гадаад хэлийг тусгай төлөвлөгөөний дагуу сурдаг. Мөн “смарт” танхимын тусламжтайгаар хүүхдэд англи хэлийг багаас нь сургаж байна. Үүнээс гадна хүүхдүүдийг  хөгжүүлэх шатрын клуб,  монгол ахуйг таниулах анги, технологийн танхим  тохижуулж,  хүүхдүүд ашиглаж эхэлсэн. Хүүхдүүдийг бага наснаас нь сэтгэн бодох чадварыг сайжруулах үүднээс шатрыг хичээлийн төлөвлөгөөнд оруулж өглөө. Манайд спортын мастер, шатрын багш хичээл ордог бөгөөд  сурагчид нийслэл дүүргийн тэмцээнд амжилттай оролцлоо.

-Багш болох хүсэлтэй хүүхдүүдийг бэлдэж байгаа нь бас давуу тал гэж харж байгаа?

-Гол зорилго нь багш болох хүүхдүүд ЭЕШ-ын болзолт оноог хангасан тохиолдолд дурын ангидаа орох урилга манайд байдаг. Сайдын тушаалаар ЭЕШ-ын босго онооноос дээш авсан тохиолдолд дээд боловсрол эзэмшиж болно гэсэн заалттай шүү дээ.  Түүний дагуу босго 400 онооноос дээш авсан бол МУБИС-ийн дуртай ангидаа орох боломжтой. Гэхдээ манай сургуулийн элсэлтийн дундаж оноо 560-600 оноо  байдаг. Бид анхны төгсөлтөө 2017 онд хийхэд, ихэнхи хүүхдүүд нь гадагшаа сургуульд явсан. Мөн МУИС, АШУИС, ШУТИС-ийг  сонгож орсон нь  өндөр оноо авдаг нэг илрэл байх. Багш бэлтгэх сургууль учраас хүүхдүүдийн суурь хүмүүжлийг олгох талаар бодлогын хэмжээнд ажилладаг. 

-Сургалтын төлбөрийн тухайд?

-Төрийн өмчийн сургуулиуд төрөөс хувьсах зардлаа авахаа больсон. Манайх бага анги хоёр сая, ахлах анги гурван сая төгрөгийн төлбөр төлдөг. 

-Сургуулийнхаа цаашдын зорилго, зорилтыг юу гэж харж байгаа вэ? 

-Бид МУБИС-ийн харъяа ЕБС-ийг нилээн ирээдүйтэй сургууль болно гэж харж байна. Өв тэгш байх,  хүнийг хүн болгох үүднээс нь хүмүүжил олгодог. Шинжлэх ухааны суурь мэдлэг, амьдрах ухааны чиглэлээр хүмүүжсэн иргэдийг бэлтгэдэг том боловсролын байгууллага болно. 

-Багш ажилчдын нийгмийн баталгаа,  цалинд  хэрхэн анхаардаг вэ. Их  сургуулийн багшийн цалинтай адилхан байж чадах уу?

-Манай багш нарын ахуй хангамж сайн. ЕБС-ийн багш нараас арай илүү, МУБИС-ийн багш нарын цалинтай дүйцэхүйц хэмжээнд авдаг. Сайн багшийг авч үлдэх,  хөгжүүлэхийн тулд  гадаад, дотоодын байгууллагатай хамтран  ажилладаг. Гадны 10 гаруй оронтой хамтын ажиллагаа гэрээтэй учир  багш солилцоогоор явуулж байна. Үүнээс гадна Булган аймгийн Баяннуур сумтай сурагч, багш солилцооны хамтын ажиллагааны гэрээтэй. Өнгөрсөн жил гэхэд наймдугаар ангийн 18 сурагч, хоёр багшийн хамт явсан. Булган аймгаас ч хүүхдүүд  ирж сурсан. Ингэснээр манай хүүхдүүд амьдрах ухаан,  орон нутгийн сургуульд сурахад ямар байдаг, ёс заншил, ахуй амьдралыг  сураад ирсэн юм. Мэдээж хүмүүжлийн хувьд ч ач холбогдолтой байлаа. 

-Танай сургуульд элсэх хүсэлтэй хүүхдүүдэд мэдээлэл өгөхгүй юу?

-Манайх байгуулагдаад удаагүй учир анхны бүтээгдэхүүнүүд нь зургадугаар ангийн сурагчид  байгаа. Бусад дээд ангийн хүүхдийг тодорхой шалгуурын  дагуу сонгон шалгаруулж авдаг. Гэхдээ бүх хүүхдэд нээлттэй. Гагцхүү хүүхэд бүрийг ахицаар нь үнэлдэг болох суурь зарчмыг баримталдаг юм. Өөрөөр хэлбэл, хүүхэд хоцрогдолтой байж болно. Хоцрогдсон хүүхэдтэй багш ажиллаж, илүү мэдэх хүсэлтэй хүүхэдтэй багш ажиллахгүй байх  тохиолдол боловсролын салбарт заримдаа харагддаг. Учир нь  стандартын мэдлэгийг заавал олгох ёстой суурь зарчим шүү дээ. Манай сургууль энэ асуудлаас гарахын тулд ялгаатай байдлаар хүүхдэд сургалт явуулдаг. Мэдье  гэсэн хүүхдүүдэд дараа дараагийн  даалгаврыг өгч, багш нь зөвлөөд явдаг. Хоцрогдолтой хүүхдүүдтэй тулж ажилладаг. Ажиллахдаа  тухайн багш  тодорхой хэмжээний ахиц гаргаж байвал манай сургалтын амжилт гарна. Магадгүй наймдугаар ангийн хүүхэд тавдугаар ангийн хичээлийг ойлгоогүйн улмаас бодлого бодоход хүндрэл гарч болно  шүү дээ.  Энэ бас манай сургуулийн бусад  сургуулиас ялгарах тал юм.