ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Одонтуяа: Тэтгэлгээ авч чадахгүй байгаа хүүхдийг эрсдэлээс хамгаалах шаардлагатай

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-10-15

“Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны санаачлагаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг орон даяар хэлэлцүүлэх  "Хамтдаа хэлэлцье" аяныг гурван сарын хугацаанд амжилттай зохион байгуулжээ. Тус аяны хүрээнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн иргэдээс  нийт 30 орчим мянган санал ирүүлсэн байна. Улмаар "Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо" бүх саналыг  нэгтгэн дүгнэж, хуульд зайлшгүй тусгагдах шаардлагатай саналуудыг багцлан УИХ-д хүргүүлэх, улмаар хуулийг яаралтай батлуулах талаар ажилллаж эхэлжээ. Энэ тухай “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны Ерөнхийлөгч С.Одонтуяатай ярилцлаа.

-АЭХ-ноос санаачлан “Хамтдаа хэлэлцье” аяныг өрнүүлсэн.  Аяны зорилго юу байв?

-АЭХ-ны эмэгтэйчүүд олон ажлыг санаачлан хийсний нэг нь Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг орон даяар хэлэлцүүлэх “Хамтдаа хэлэлцье” аян байв. Бид  иргэдийн саналыг нэгтгэж, шийдвэр гаргах түвшинд уламжлах зорилгоор  гурван сарын хугацаанд маш амжилттай аянаа өрнүүлж, саналаа холбогдох хүмүүст хүргүүлсэн.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Гэр бүлийн тухай хууль 1999 онд батлагдсанаас хойш огт өөрчлөлт ороогүй, өнөөгийн гэр бүлийн харилцааг зохицуулах боломжгүй болсон. Гэр бүлийн харилцаатай холбоотой нийгмийн өмнө тулгамдсан олон  асуудал үүсээд байна. Гэр бүл салалт жил ирэх бүр  нэмэгдэж, түүнээс үүдэн хүүхдийн эрх ноцтойгоор зөрчигдөж,  хохирч байгаа нь зөвхөн айл, өрх төдийгүй нийгмийн амьдралд сөргөөр нөлөөлж байгааг бид анхаарах цаг нь болжээ.

-Аяны хүрээнд иргэдээс хэчнээн санал ирүүлэв. Ихэвчлэн ямар асуудлыг хөндсөн байна вэ?

-Бид аяны хүрээнд 21 аймаг, нийслэлийн  есөн дүүргийн  бүх нэгжид хэлэлцүүлэг  зохион байгуулж,  иргэдээс санал авсан.  Иргэн бүр идэвхитэй оролцож, ээжүүд  түлхүү саналаа өгч байсан. Иргэдтэй  нүүр тулан уулзаж, бодит байдал ямар байгааг   сонслоо. Монголын нийгэмд гэр бүлийн өмнө тулгамдсан олон асуудал бөөгнөрч хуримтлагдсан байна. Олон ч ээжүүд зовлон бэрхшээлээ ярьж,  нулимс унагаж байлаа.  Мөн олон нийтийн сүлжээгээр дамжуулан маш их санал ирүүлсэн. Иргэдийн дийлэнх нь Гэр бүлийн боловсролыг дээшлүүлэх асуудалд төр бодлогоор анхаарах цаг болсныг хэлж байсан.  Гэр бүлийн боловсрол бүх насныханд шаардлагатай байна.

Учир нь гэр бүл салалтыг амьдарсан хугацаагаар  нь ангилвал 10-аас  дээш жил амьдарсан гэр бүл 60 орчим хувийг нь эзэлж байна. Эндээс  30-40 насныханд ч гэр бүлийн боловсрол шаардлагатай байгаа нь харагдана. Сургуулийн өмнөх боловсролын байгууллага  болон ЕБС-д  албан сургалтын хөтөлбөрт гэр бүлийн боловсролын асуудлыг тусгах, сурах бичигтэй болгох асуудал их яригдсан.

Хүүхдийн хүмүүжил, төлөвшил , эрүүл мэнд, ёс зүй,  харилцаа хандлага, бие биенээ хүндлэх хайрлах, өрхийн эдийн засаг, гэр бүл төлөвлөлт гээд олон асуудлыг ГЭР БҮЛИЙН БОЛОВСРОЛ гэх агуулгат багтааж, албан болон албан бус хэлбэрээр  олгох шаардлагатай гэдгийг хүн бүхэн хэлж,  саналаа ирүүлсэн. ЕБС-д хэрэгжиж байгаа сургалтын хөтөлбөр нь үр дүнгүй  байгаа тухай олон хүн хэлж байна. Бусад улс орнуудын амжилттай хэрэгжүүлсэн туршлагуудыг  манай боловсролын асуудал эрхэлсэн байгууллагууд  авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Түүнчлэн  гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэх асуудлыг эмэгтэйчүүд их хөндсөн. Гэр бүл болсон бол гишүүд гэр бүл, хүүхэд, нийгмийнхээ  өмнө хүлээсэн хариуцлагаа ойлгож, ухамсарлах, биелүүлдэг байх нь чухал.  Хариуцлагагүй хандсан иргэдэд хүлээлгэх тухай  заалтыг холбогдох хуулиудад оруулж,  чангатгах өгөх шаардлагатай.

-Гэр бүл салалтаас хамгийн их хохирдог нь хүүхэд. Тэгэхээр Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хүүхдийн эрхийг хамгаалах талаар хэрхэн тусгасан бэ?

-Гэр бүл салалтаас хүүхдийн эрх маш их хохирдог. Тухайлбал, хүүхдийн тэтгэлгээ төлдөггүй, төлүүлье гэж шаардаж шахаж байгаа байгууллага ч алга гэхэд хилсдэхгүй. Шүүхийн журмаар салсан гэр бүлийн дөнгөж 30 хувь нь л хэл амтай хүүхдийн тэтгэлгээ төлдөг. Үүнээс шалтгаалж хүүхдийн наад захын эрх зөрчигдсөөр ирсэн. Хүүхдийн тэтгэлгийг насны ялгаваргүйгээр, шударгаар  тогтоох хэрэгтэй тухай ярьж байгаа. Гэр бүлээ шүүхээр цуцлуулаагүй ч тусдаа олон жил амьдарсан, өөр гэр бүл зохиочихсон олон хүн байдаг. Эцсийн эцэст хүүхэд л хохирч үлддэг. Үүнийг анхааралдаа авах л асуудал. Гэрлэлтийн гэрээнд хүүхдийн эд хөрөнгийн эрхийг баталгаажуулах, гэр бүлийн гишүүдийн хариуцлагын тухай  тодорхой тусгах  санал  ч олон ирсэн.

Мөн уул уурхай,  гадаадад ажиллах гэх мэтээр тусдаа удаан хугацаагаар амьдарч буй гэр бүл олширсон. Энэ асуудалд  төрийн зохицуулалт шаардлагатай байна. Аав ээж нь хоё улаа явчихсан тохиолдолд хүүхэд гэр бүл толгойлж үлдэх асуудал ч байна. Орон нутагт зургаан настай хүүхэд сургуульд ордог болсноос хойш эхнэр нөхөр тус тусдаа амьдрах явдал их болсон зэрэг яриад байвал олон асуудал шийдэл хүлээсээр.

- “Хүүхдийн тэтгэлгийн сан”- гийн талаар тодруулахгүй юу?

-Гэр бүл шүүхээр саллаа, хүүхдийн тэтгэлэг тогтоолоо. Шүүхээр тогтоосон тэтгэлгээ авч чаддаггүй, өгдөггүй. ШШГА тэр тэтгэлгийн мөнгийг авч өгтөл төрөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр “Хүүхдийн тэтгэлгийн сан“ байгуулж хүүхдийн наад захын хэрэгцээг хангаж байвал яасан юм бэ гэсэн санаа. Энэ саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид бас хүргүүлсэн. Тооцож үзэхэд төрд нэг их дарамт, хүндрэл учрахгүй. ШШГА ажлаа сайн хийвэл 100 хувь  эргэн төлөгдөх боломжтой.

-Төрөөс гэр бүлийг хэрхэн дэмжвэл оновчтой  гэж та  харж байна вэ?

-Хуульд гэр бүлийг төрөөс дэмжинэ гэсэн заалт  байгаа ч яаж дэмжиж байгаа нь тодорхойгүй өнөөг хүрлээ. Иймээс гэр бүлүүдийг  хэв шинжээр нь нарийвчлан тодорхойлж, түүнд нь тохирсон дэмжлэг үзүүлэх. Дэмжлэг гэхээр дан ганц мөнгө биш шүү дээ. Дэмжиж болох олон шийдлүүд байж болно. Жишээ нь, залуу гэр бүлүүдийг орон сууцны хөнгөлөлтөд хамруулах, өрх толгойлсон эцэг, эхтэй, хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй гэр бүл хөнгөлөлт үзүүлэх, олон хүүхэдтэй гэр бүлийн өрхийн орлогыг нь нэмэгдүүлэх арга хэмжээ, сургалтын төлбөрөөс чөлөөлөх гэх мэт төрөөс бодитой  дэмжлэг хэрэгтэй гэдгийг иргэд ярьж байна.

Нийт гэр бүлийн бараг дөрөвний нэг нь  аав, ээжтэйгээ хамт амьдарч байна гэсэн судалгаа гарсан. Үүний шалтгаан нь өөрийн орон байргүй, гэр орон сууц худалдан авах орлого, эдийн засгийн боломжгүй байна. Мөн гэр бүлийн хүчирхийлэл, архидалт, хүүхдийн хараа хяналт, үл хайхрах байдал, тэвчишгүй хүнд хөдөлмөр эрхлүүлдэг асуудлыг хөндсөн. Хүүхэд хараа хяналтгүй байснаас гэмт хэрэгт холбогдох, гэртээ ганцаараа үлдэж галын аюулд өртөх, гэмтэх зэрэг асуудал их гарч байна.