ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Улсын төсвийг Увс, Хэнтийд л зориулдаг болжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-10-16

Сангийн сайд Ч.Хүрэл­баатар өнгөрөгч сарын 26-ны өдөр Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийг болон дагалдах хуулиудыг УИХ-ын даргад өргөн барьсан юм. Тэрбээр, ирэх оны төсөвт гааль, татварын шинэчлэлийг хэрэг­жүүлж, газрын бүрт­гэлийг цахимжуулан, газрын төл­бөр хураалтыг сайж­руулж, төсвийн орлогын эх үүс­вэрийг бүрэн дайчилна хэмээн тооцжээ. Нэгдсэн төсвийн нийт орлогыг энэ оны батлагдсан нийт дүнгээс 1.8 их наяд төгрөг буюу 16.6 хувиар нэмэгдүүлж,  12.9 их наяд төгрөг байхаар тооцсон байна. Харин  нийт зарлага 13.9 их наяд төгрөг байхаар тооцсон тухайгаа олон нийтэд мэдээлэв.

Тэгвэл 2019 оны улсын нэгдсэн төсөвт  тэнцвэр­жүүл­сэн орлогыг есөн их наяд 676.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 27.4 хувь байхаар тусгаж байлаа. Нийт зарлагыг 11 их наяд 589.8 тэрбум төгрөг буюу төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг нэг их наяд 913.3 тэрбум төгрөг байхаар тусгасан байх юм. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ганцхан жилийн дотор Монгол Улсын төсвийн нийт зарлагыг 2.4 их наяд төгрөгөөр төсөвлөж оруулж иржээ. Тэрбээр 2.4 их наяд төгрөгийн нэмэгдүүлэн алдагдлыг ихэвчлэн уул уурхайн бүтээг­дэхүүн, гадаад худал­даанд тулгуурлаж, боловс­руулсан. Тухайлбал, алт, зэс, нүүрс, газрын тос, төмрийн хүдэр зэрэг байгалийн баялгийн ашиг орлого  багтжээ. Түүнч­лэн өнгөрөгч онд 2,173.7 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн байна.  Энэ нь Оюутолгойн төслийн хүрээнд 2018 онд 1,304.3 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирснээс 1.2 ам.доллар нь зөвхөн далд уурхайн бүтээн бай­гуу­лалтаас бүрджээ. Хэрвээ АНУ болон БНХАУ-ын хооронд өрнөж байгаа худалдааны дайн удаан хугацаагаар үргэлжилж Монгол Улсын хилээр гарах экспортын бүтээгдэхүүний борлуулалт Ч.Хүрэлбаатар сайдын өөдрөг төсөөллөөс өөр хувилбарт шилжвэл төсвийн алдагдлыг нөхөх бүү хэл дотоод эдийн засагт хямрал үүснэ.

Монгол Улс хямралыг хэрхэн давах вэ, үүнийг хэрхэн шийдэх вэ сайд аа. Нөгөөтээгүүр, инфляцийг ирэх онд найман хувьд барихаар төлөвлөсөн бөгөөд цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ зарим нэг халамжийн бод­логын санхүүжилтийг нэмж тусгасан төсвийн алдагдлыг нэмэгдүүлэх шалтгаан болов. Мөн УИХ болон орон нутгийн сонгуульд нийт 43 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Үүнээс 24.3 тэрбумыг УИХ-ын сонгуульд зарцуулах юм байна. Үүнийг 2016 оны сонгуулийн төсөвтэй харьцуу­ла­хад 12.6 тэрбум төгрөгийн зөрүүтэй тусгажээ. Нэмэгд­лийн гол шалтгааныг сонгуулийн насны хүмүү­сийн тоо олширсонтой хол­бон тайлбарласан бөгөөд санал йтоолох төхөө­рөм­жийг 300 ширхгийг нэмж авах шаардлагатай гэж тоо­цоол­сон байх юм. Өөрөөр хэлбэл, Сангийн сайд ирэх оны сонгуульд зориулж, төсвөө найруулсан нь харваас дээрх жишээнүүдээс тодхон. Харин сонгуулийн дараа эрхэм сайд амьдрал хэрхэн  өрнөдгийг мартсан бололтой.

Хамгийн ойрын жишээг орон нутгуудад мөнгийг хэрхэн хуваарилснаас харж болох юм.  2019 оны төсвийг УИХ-ын гишүүд “Увс аймгийнх” хэмээн нэрлэдэг байсан 2020 оныхыг “Хэнтий аймгийнх” гэж нэрлэлээ. Зөвхөн Хэнтий аймагт 131 тэрбум төгрөгийг төсөвлөсөн бол Дундговь аймагт тэрбум төгрөг хуваарилсан байх жишээтэй. Бусад аймгуудын тухайд 15-48 тэрбум төгрөгийн хооронд байхаар төсөвлөжээ. Дан ганц Хэнтий аймагт 94 төслийг хэрэгжүүлэх бол Говьсүмбэр аймагт наймхан төсөл байх аж. Харин эрхэм сайд Увс аймагт 65 төсөл хэрэгжүүлэхээр тусгажээ. Бусад аймгуудыг харвал 15-55 төсөл хэрэгжүүлнэ гэж тусгажээ. Зөвхөн ирэх оны төсвийг Хэнтий болон Увс аймагт зориулж боловс­руулсан гэхэд хилсдэхээргүй. Сүхбаатар дүүрэгт 33 төсөлд нийт 112 тэрбум төгрөг төсөвлөсөн бол Багануур дүү­рэгт таван тэрбум төг­рөгөөр найман төсөл санхүү­жүү­лэхээр төсөвлөсөн байх юм.

Сангийн сайд ингэж улсын төсөвт сэтгэлийн хөөрөл, дов жалгын үзлээр хандав. Түүнд ирэх онд сонгуульд ялалт байгуулж л байвал улсын эдийн засаг хямрах үгүй нь огт хамаагүй бололтой. Тиймээс ч хэлэлцэж эхлээгүй байгаа төсвийн тооцооллыг олон нийтэд танилцуулж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, халамжийн бодлого, тэтгэвэр тэтгэмжийн урам­шууллыг өөрийнхөө халаасны мөнгөнөөс нэмж байгаа аятай мэдээлсэн нь өнөөдөр эдийн засагт үнийн хөөрөгдлийг бий болгоод байна. Хариуцлагагүй сайдын мэдээлэл сонгууль хүргэх байх. Харин халаас тэмтэрсэн үнийн хөөрөгдөл иргэдийг сөхрүүлэх биз ээ.