ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Жокер”

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-10-16

Комик ертөнц дэх хамгийн аймшигт хорон санаатнуудын дунд Жокер зүй ёсоор багтдаг. Солиотой, галзуу атлаа ухаантай өөрийн гэсэн маш том ертөнцтэй эл дүрийн тухай бүрэн хэмжээний кино энэ сараас дэлхийн 73 орны 22.5 мянган кино театрын дэлгэцнээ гарч, кино сонирхогчдыг байлдан дагуулж эхлээд байна. Солиотой алиалагчийн тухай бүрэн хэмжээний эл бүтээлд ойлгомжгүй, тогтворгүй зан төрхтэй жүжигчин Хоакин Феникс тоглосон билээ. Өвөрмөц зан араншинтай, дээр нь бусдыг итгүүлэхдээ гаргууд жүжигчин эр нэгэн удаа кино урлагийг орхин дуучин болохоор шийдсэнээ зарлаж, үзэгчдийг ч итгүүлж дөнгөсөн гэдэг. Угаас түүнтэй хэр баргийн найруулагч хамтарч ажиллаж чаддаггүй гэх яриа ч холливудын ертөнцөд байдаг юм билээ. Гэсэн ч, Филиппс, Скотт Силвер нар “Жокер” киноны зохиолыг түүнд зориулан бичжээ.

Ингэхдээ жүжигчнийг гол дүрд тоглохыг тийм ч хялбар зөвшөөрчихгүй гэдгийг тооцоолж байсан гэдэг. Учир нь комик номноос сэдэвлэсэн кинонд дүр бүтээх сонирхол жүжигчин эрд байгаагүй, магадгүй ойрын хэдэн жилийнх нь төлөвлөгөөнд ороогүй хэрэг л дээ. Хүн бүр л Жокерын дүрд тохирох жүжигчдийг таамаглаж бичиж байлаа. Гэсэн ч Филлипс түүнийг ямар ч байсан кинондоо багтаах найдвар өвөртөлж, бараг гурван сар гаруйн хугацаанд Хоакин Фениксийн гэрээр зочилсон гэдэг. Хоакинд тогтсон дүрэм гэж байхгүй. Тэр дуртай үедээ зураг авалтын талбайд ирж, бас дургүй нь хүрвэл орхиж чадна. “Жокер” киноны зураг авалтын үеэр ч Феникс хэд хэдэн удаа тэсвэр алджээ. Тэр бусад жүжигчдээ, киноныхоо хэсгийг мэдэрч чадахгүй байх үедээ зүгээр л зураг авалтыг орхидог. Ингээд хэсэг амсхийснийхээ дараа үргэлжлүүлдэг гэнэ. Үүнээс гадна жүжигчин аливаа дүрийг бүтээхдээ түүндээ өөрийгөө бүрэн дайчилж чаддаг бөгөөд Жокерын дүрд тоглохдоо 24 кг жин хаяж чадсан байна. Феникс мэргэжлийн бүжгийн багштай хичээллэж, алдартай бүжгийн хөдөлгөөнүүдийг бичлэгээр дамжуулан судалж, бас номоос олж авсан санаагаа янз бүрээр туршиж байжээ. 

Тэр дүрээ амжилттай бүтээж чадсан. Учир нь эдүгээ “Жокер” киног үзсэн хүн бүр түүнийг ирэх жилийн Оскарыг хүртэнэ хэмээн таамаглаж байгаа юм. Хоакин Феникс еврей гаралтай, католик шашинтай. Түүнийг жаахан байхад аав, ээж нь “Бурханы хүүхдүүд” гэх шашны бүлэгт харьяалагддаг байсан бөгөөд нэг газраа удаан тогтдоггүй байнгын нүүдэллэн амьдардаг байжээ. Улмаар тус шашны бүлгээ орхисны дараа шинэ амьдралыг билгэдэн “Феникс” гэх овгийг авч байсан гэдэг. Хоакиныг дөрвөн настай байхад тэднийх Лос Анжелес руу нүүж, түүнээс хойш Холливудад гарахыг оролдож эхэлжээ. Ээж нь хүүхдүүддээ агент олох хүртэл нэг нэгэндээ тоглолт, үзүүлбэр үзүүлэн бэлтгэлээ базаадаг байсан тухайгаа нэгэн ярилцлагадаа дурсаж байлаа. Тэр амьтны эрхийн төлөө тэмцэгч, цагаан хоолтон. 

Гэр бүлийн хүмүүжил, эцэг эхийн дэмжлэгийн ачаар Фениксийнхнээс хэд хэдэн жүжигчин төрсөн билээ. Хоакин Фениксын хувьд анхны кино нь “SpaceCamp” бөгөөд эл кинонд ах, эмэгтэй дүүгийнхээ хамт тоглосноор тэр бага насандаа амжилтад хүрч чадсан юм. Мөн “Гладиатор”, “Walk the Line” кинонд бүтээсэн дүрээрээ Оскарт нэр дэвшиж, “Алтан бөмбөрцөг” хүртэж байжээ. Түүнд нийгмээс бүхэлдээ тусгаарлагдаж асан цаг үе ч байдаг юм билээ. Архины эмчилгээнд явж, осолд орох гэх мэтээр кино урлагаас урт хугацаагаар холдон одох үе бишгүй их байв. 2008 онд ч өөрийгөө реппер болж байгаагаа зарласан ч, төдийлөн амжилт олж чадалгүй хэсэгтээ л нам гүм байсан. Гэсэн ч, төрөлхийн авьяас билэг, хичээл зүтгэлийнхээ үр шимээр эргэн ирэлтийг тултал нь хийж чадаж байв. Тэр хэзээ ч шүтэн бишрэгчидтэйгээ зураг авхуулдаггүй. Нэгэн удаа түүнтэй эмэгтэй шүтэн бишрэгч нь Их дэлгүүрт тааралджээ. Бүсгүй түүний хажууд дөхөж ирээд хамт зураг даруулж болох уу хэмээн асуусан бөгөөд тэр шууд л татгалзсанаа “Playboy” сэтгүүлд ярьсан байсан юм. 

Жокерын дүрийг маш олон жүжигчин бүтээж байсныг өмнө нь дурдсан билээ. Гэсэн ч, энэ кинонд тэд огт өөр, шинэ дүр бүтээж байгаа мэт ажилласан гэдэг. Венецийн кино наадмын үеэр Хаокин Феникс “Яг л бид өөрсдөө бий болгосон дүр мэт мэдэрч байсан. Тэгэх нь надад илүү чухал байсан юм” гэжээ.  Дүрээ бүтээхийн тулд жүжигчин Феникс дуугүй киноны алдартай жүжигчид болох Бастер Китон, Рэй Болжер нарын хөдөлгөөнийг маш сайн судалжээ. Мөн “The Wizard of Oz”-ийн мануухайгаас санаа сэдэл авч байсан гэдэг. Жокерыг инээмсэглэл бүхэлд нь харуулж чаддаг. Гагцхүү  Феникс Жокерын тэр инээдийг маш зовиуртай болгож, гайхалтай гаргаж чадсан юм. Тэрбээр маш олон төрлийн инээд бэлдэж, найруулагчид шалгуулж байжээ. “Жокер” киноноос үзэгчид гурван өөр төрлийн инээдийг харж, сонсох боломжтой. Тэр бүх инээд өөр өөр утга, санааг илэрхийлэх аж.