ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Г.Цэвэлмаа: Манайх бүх зүйлийг цогцоор нь шийдсэн, цорын ганц лаборатори

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-10-16

Геологийн төв лабораторийн Үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал Г.Цэвэлмааг “Ярилцах танхим” буландаа урьж ярилцлаа.

-Геологийн төв лабораторийн байгуулагдсан түүхээс ярилцлагаа эхлэх үү?

-Манай лаборатори нь 1957 онд байгуулагдсан түүхтэй. Геологийн шинжлэх ухааны удирдах газрын харьяанд “Эрдэм шинжилгээний төв” лабораторийг анх байгуулсан. Түүнээс хойш 1974 онд Геологийн төв лабораторийн  зориулалттай шинэ байранд орж, өргөжин тэлсэн байдаг. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл Монгол Улсын төдийгүй дэлхийн олон орон мэдэх “Геологийн төв лаборатори” болсон байна. 

-Лабораторийн хөгжлийг хэрхэн дүгнэх вэ. Мэдээж он удаан жил, олон хүний зүтгэлээр бий болсон байх?

-Манай лабораторид  гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжсэний үр дүнд лабораторийн  тоног, төхөөрөмж шинэчлэлт маш ихээр хийгдсэн. Ажиллах боловсон хүчний хувьд сайн бэхжиж, чадавхжсан. 1995 оноос хойш олон улсын түвшинд итгэмжлэгдсэн лаборатори  болох зорилго тавьж ажилласан байдаг. Энэхүү ажлын хүрээнд 2005 онд Герман улсын итгэмжлэлийн байгууллагаас “Геологийн төв лаборатори”  Монгол Улсад анхны ISO/IEC17025:2005 олон улсын хэмжээнд итгэмжлэгдэж, шинжилгээний ажлын чанар, үнэмшлийг дэлхийн түвшинд хүргэж чадсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл Стандарт хэмжилзүйн газар болон АНУ-ын үндэсний итгэмжлэлийн байгууллагаар олон улсын түвшинд итгэмжлэгдэн ажиллаж байна.

-Лабораторийн шинжилгээ, үнэлгээ бол хүмүүсийн тулах цэг байдаг. Өөрөөр хэлбэл, итгэл үнэмшлийнх дээд хэсэг гэсэн үг. Харин байгалийн баялагт  энэ ойлголт хэрхэн  хамаардаг бол?

-Манай байгууллагын үйл ажиллагааны хүрээнд эрдсийн түүхий эд, геологийн дээжүүдэд шинжилгээ, судалгаа хийж гүйцэтгэдэг. Захиалагчаас тухайн ирүүлсэн дээжид хүсэлтийн дагуу элемент болон чулуулаг зэргийг гүйцэтгэдэг. Захиалагчийн зүгээс тухайн дээжүүдэд ямар, ямар элементүүдийг тодорхойлуулахыг хүсэж байна, түүнийх нь дагуу шинжилгээ, судалгааг хийж гүйцэтгэдэг гэсэн үг. Дээжид ямар агуулга байна гэдгийг тодорхойлж өгнө. Түүгээр тухайн орд, ямар агуулгатай байгааг тогтоодог.

-Үнэлгээ гаргах уу?

-Үгүй. Үнэлэлт дүгнэлт өгдөггүй. Зөвхөн судалгаа, шинжилгээний ажлыг хийж гүйцэтгэдэг юм.

-Монголын геологийн салбарын үнэлэлт, дүгнэлт нэлээд өндөр байдаг шүү дээ?

-Манай улсын хувьд геологийн салбарт лаборатори маш чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Шинжилгээ судалгааны ажлаас гадна орд газрыг илрүүлэх, эрэл, хайгуулын  ажилд чухал оролцоотой байсан. Манай лабораторид хийсэн шинжилгээний үр дүнгийн мэдээллээр геологичид дараа дараагийн ажлуудаа төлөвлөх зэрэг ихээхэн ач холбогдолтой, уялдаа, холбоотой ажилладаг. Үр дүнг тооцоо судалгаандаа ашигласнаар ордыг нээхэд, олоход чухал үүрэг хариуцлагатай оролцсоны үр дүн юм.  Одоо ч чухал үүрэг гүйцэтгэсээр байгаа.

-Олон нийтийн анхаарлыг татсан дээжийн талаар мэдээлэл өгч болох уу. Эсвэл байгууллагын дотоод нууцлалд орох уу?

-Лаборатори, захиалагч хоёр хоорондоо харьцахдаа мэдээллийг гуравдагч болон бусдад дэлгэхгүй байх үүрэг хүлээдэг юм. Дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх бол захиалагчийн зөвшөөрлийг авах ёстой.

-Энэ байгууллагын бэрхшээлтэй зүйл юу вэ. Ажилтнуудынхаа нийгмийн  асуудалд хэрхэн анхаардаг вэ?

-Манайд химич, физикч, геологич, минерологич, петрографикч гэх зэрэг мэргэжилтэй боловсон хүчин ажилладаг. Хээрийн геологичдоос ялгаатай нь байнгын  суугаа ажилладаг. Ажлын орчноос хамаараад хэвийн бус талдаа орох нь бий. Заримдаа хүнд санагдах өдөр ч бий. Гэхдээ л хүмүүсийн дурлаж сонгосон мэргэжил гэдэг сайхан шүү дээ.

-Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хамгийн том лаборатори  шүү дээ?

-Тийм ээ. Манай улсад бидэнтэй ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг гадны хөрөнгө оруулалттай лабораториуд байгаа. Гэхдээ улсын тодотголтой хамгийн том лаборатори нь манайх шүү дээ. Манайх цогц үйлчилгээ үзүүлдэг гэдгээр бусдаас давуу талтай. Лабораториуд хими, минерологи гэх зэргээр хэсэг хэсгээрээ тусгаарлаж, үйл ажиллагаагаа явуулдаг. Харин бидний хувьд өнгөт чулуу, минерлоги, петрографи, хими, цацраг идэвхт материал, сорьц буталгааны хэсэг, технологи туршилт, стандарт загвар үйлдвэрлэл, ур чадварын сорилт зохион байгуулдаг гэх мэт лабораториудад байх бүх зүйлийг цогцоор нь шийдсэн, цорын ганц лаборатори.

-Танайхаар хийлгэсэн дүгнэлт, шинжилгээг харилцагч этгээд өөр бусад орон руу явуулж, дахин шинжлүүлэх шаардлагагүй гэж ойлгож болох уу?

-Шаардлагагүй гэж ойлгож болно. Монгол Улсын хэмжээнд биднийг Германы байгууллагаар итгэмжлэгдэж байх үед 2005 онд Монгол Улсын “Стандарт хэмжил зүйн газар” олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй байсан юм. Тиймээс олон улсын түвшинд итгэмжлэгдэн ажиллаж байсан. Харин өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдсөн. Стандарт хэмжил зүйн газар олон улсад хүлээн зөвшөөрөгдөх болсон.Манай шинжилгээний үр дүн гадны улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэсэн үг. Олон улсад манай лабораторийн шинжилгээний үр дүн хүчин төгөлдөр үйлчилж байгаа.  Энэ бол маш том дэвшил.

-Одоогоор хэчнээн баг бүрэлдэхүүнтэй ажиллаж байна вэ?

-160 орчим ажиллагсадтай. Хэсэг тасаг, цехэд хуваагдан ажилладаг. Хамгийн том тасаг химийн шинжилгээний тасаг, мөн эрдэс чулуу судлал, технологи туршилтын лаборатори нь хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. 

-Лаборатори нь техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлын хувьд ямар вэ?

-Лаборатори хүчин чадлын хувьд маш их өргөжсөн. Манай байгууллага томоохон хөрөнгө оруулалтаар, багаж, тоног төхөөрөмжийн сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг нэвтрүүлэн ажиллаж байна. Хүчин чадлын хувьд өргөжин тэлсэн.  Чулуулгийн үнэмлэхгүй нас тодорхойлох багажийг үйлдвэрлэлд нэвтрүүлэн ажиллаж байна. Энэ чиглэлийн Монголд хамгийн анхны багаж тоног төхөөрөмжийг суурилуулах ажлыг эхлүүлж байгаа. Дэлхийн түвшинд нийцсэн тоног төхөөрөмжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна.

-Танай үйл ажиллагаа уул уурхайн салбартай шууд холбоотой шүү дээ?

-Уул уурхайн салбараас  манай лабораторийн үйл ажиллагаа шууд хамааралтай. Салшгүй холбоотой. Олон улсын түвшинд итгэмжлэгдсэнээр Геологийн төв лабораторийн шинжилгээний үр дүн дэлхийн 70 гаруй оронд хүлээн  зөвшөөрөгдөж байна. Ингэснээр манай улсад ажиллаж байгаа гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид лабораторид хандах  хандлага эрс нэмэгдэж, геологи уул уурхайн салбар эрчимтэй хөгжихөд чухал хувь нэмэр оруулсан. Уул уурхайн салбар хөгжихийн хэрээр экспортын бүтээгдэхүүнд хийх хөндлөнгийн хяналтын шинжилгээ, байгаль орчны тэнцвэртэй байдлыг хянах зэрэг асуудлууд ч ашигт малтмалын нөөцийг тодорхойлохоос дутахааргүй тавигдаж байна.

-Одоогоор хэчнээн бүтээгдэхүүнд шинжилгээ хийдэг вэ?

-Захиалагчаас ирсэн дээжүүдэд итгэмжлэлийн хүрээний дагуу шинжилгээний ажлыг гүйцэтгэж байна. Мөн Монгол Улсын экспортоор гарч байгаа уул уурхайн бүтээгдэхүүнд шинжилгээ хийдэг. Одоогоор нийт 10 элементийн үзүүлэлтийн шинжилгээ хийж өгдөг байгаа. Гаалийн төв лабораториос хийдэг шинжилгээнд манайхаас хамтран ажилладаг. Тэгэхээр экспортоор гарч байгаа бүх бүтээгдэхүүнд геологийн төв лабораторийн шинжилгээ хийгддэг гэсэн үг. Алт, зэс,  нүүрс, цагаан тугалга,  хар тугалга, төмрийн хүдэр гэх зэргээр 10 үзүүлэлтээр шинжилгээ хийдэг. Татвар хураамжийг шинжилгээний үр дүнгээс хамаарч тооцдог учир шинжилгээний үнэн зөв, өндөр чанартай шинжилгээний үр дүн шаардлагатай гэдгийг үйл ажиллагаандаа удирдлага болгож улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахын төлөө ажиллаж байна.