ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Арван жорлон ачаад ирвэл Ерөнхийлөгч болгосон ч яах вэ

O.Admin
2019-10-16

Биднийг хүүхэд байхад аав ээж хоёр дэлгүүрийн лангуу дүүрэн бараатай байхыг харчихаад  л “Ногоон хурганы арьс, нохойн битүү туурайнаас бусад нь байна” хэмээн ярьдаг байж билээ. Зах зээлийн үед хоол, хүнс ховор цагт нээрээ л дэлгүүрийн лангуу дүүрэн бараа ирнэ гэдэг магнай тэнийлгэсэн баяр байхаас өөр яалтай. Тэгвэл өнөө цагт нохойн битүү туурайг төрөл бүрээр хийчихэж болно доо. Ногоон хургыг ч генийн аргаар гаргаад авчих учраас гайхаад байх зүйл биш болов. Харин одоо бидэнд ногоон хурганы арьс, нохойн битүү туурайнаас ч чухал нэг зүйл цаана чинь худалдаанд гарчихлаа. Тэр нь “Эмнэлгийн лабораторитай жорлон”. Бод доо, жорлонд сууж байхдаа биеэ бүрэн оношлуулж, өтгөн шингэнээсээ элэг, бөөрөө хянуулчихаад гарна гэвэл өтөл болсон аав, ээж хоёр минь лав л итгэхгүй байх даа.

Зочид буудлын өрөөндөө хүндээр бие засчихаад “Гэртээ баах чинь ямар эвгүй юм бэ” хэмээн хүржигнэтэл инээж байсан өвгөн багш минь ч итгэхгүй, цуурлаа хэмээн намайг загнах байлгүй. Тэгвэл хиймэл оюун ухаанд суурилсан энэхүү боловсон нойл нь сахарын хэмжээ, элэг бөөрийг чинь үзэж, шээгээд босох зуурт л хариуг нь хэвлэж өгдөг гэнэ. Тэгэхээр надад нэг санал байна. Монголчууд бидэнд юу хэрэгтэй байна вэ гэвэл жорлон, эмнэлэг хоёр гэж дуу нэгтэй хэлнэ. Энэ хоёрыгоо л шийдчихвэл Монгол Улс хөгжих гээд байгаа. Бүр улстөрчид нь хүртэл бүтэн гурван жил жорлон ярьж явлаа. Эмнэлгийн орны хүрэлцээний талаар толгой сэгсрэн ярьсан хэнбугайг ч хот, хөдөөгүй сонгодог. Хүн байхгүй зүйл рүүгээ хамгийн их тэмүүлдэг зангийн илрэл юм даа, зайлуул. Эмнэлэг нь байхгүй учраас “барьж өгнө өө” гэсэн нохойг ч хүртэл сонгож магадгүй шүү. Жорлонг чинь өөрчилнө гэж “жоом” ирсэн ч сонгож мэдэх учраас манай төрийнхөн ч энэ хоёр сэдвээр биднийгээ тултал нь сэнхрүүлж, 20 гаруй жил хошгорууллаа.

Тэгэхээр 2020 онд сонгуульд нэр дэвших гэж байгаа хэн нэг улстөрч нь хөрөнгө мөнгө гаргаад хиймэл оюун ухаантай жорлонгоос ядахдаа тавыг аваад өгчихвөл ч гялайх нь тэр дээ. Тэгвэл улсаараа улстөрч таныг дэмжиж, 100 хувийн саналаар гишүүн болгоно гэдгээ амлаж байна. Нэг сумаар хоёр туулай зэрэг буудаж, эмнэлэг, жорлонгийнхоо асуудлыг шийдчихнэ. Монголчууд улсынхаа нийслэлд цөөхөн байдаг нийтийн жорлондоо тунчиг цэгцтэй, зохион байгуулалттай жагсаж зогсоод бие засаад сурчихсан. Эмнэлгийн очер дарааллыг ч тэвчээртэй хүлээгээд сурчихлаа. Тэгэхээр таван жорлонгийнхоо гадна шээсээ хавчин очерлож, байгаад эмнэлгийн үйлчилгээ авчих тэвчээр, сэтгэлийн хат бидэнд байгаа шүү. Ерөөс улсын төсөвт жил бүхэн эмнэлэг, жорлонгийн мөнгө төсөвлөж байснаас тэр мөнгөөрөө есөн дүүрэгт нэг, нэг жорлон аваад тавьчихвал ч гоё доо. Нэгэнт л жорлон, эмнэлэг хоёр барих мөнгийг тус, тусад нь шийдэхэд хүндрэлтэйгээс хойш нэг сумаар хоёр туулай буудах энэ ажилд зориулан 2020 оны төсөвт мөнгө тусгаж өгнө үү. Арван жорлон ачаад ирвэл Ерөнхийлөгч болгосон ч яах вэ.