ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Навчис нь өөр “чимээтэй” Нурсултан хот

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-10-17

Сэтгүүлчдийн суусан автобусанд 30 орчим минут дайгдаж, бизнес эрхлэгчдийн уулзалт болох “Риксос Резидент Астана” зочид буудал хүртэл хамт явсан “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан “Ийм том бүтээн байгуулалтууд, тийм гайхалтай цэвэрхэн хот байгуулчихсан хэнбугай ч өөрийнхөө байгуулсан хотдоо нэрээ өгнө гэвэл би лав хүлээн зөвшөөрнө. НурЖагаа ч гэдэг юм уу” хэмээн биднийг хөгжөөх зуур, автобусны цонхоор жирэлзэн өнгөрөх байшин нэг бүрийг анхааралтай харсаар явав. Юм бүхнийг шүүмжилж, дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүй хэмээдэг тэр “хатуу” хүний амнаас хүлээн зөвшөөрсөн, хүндэтгэсэн үг сонсогдсон гэхээр л Казахстаны нийслэл Нурсултан хот ямар хэмжээнд хүртлээ хөгжсөнийг уншигч та гадарлах биз ээ. Казахстан улсыг анх удаа зорьсон миний хувьд төрийн хэмжээний айлчлалын завгүй хөтөлбөрийн хажуугаар тус улсын үүх түүх, соёлын нэгээхэн хэсэг, хүн зоных нь амьдрал, ахуйтай бага ч атугай танилцах завшаан тохиосон учраас “Аян замын тэмдэглэл” бичих гэж зориглож суугаа минь энэ. 

 

“Хөөмөл” боорцог барьсан хөөрхөн бүсгүйчүүд

Зөвлөлт холбоот улсын Бүгд найрамдах улсуудаас хамгийн сүүлд буюу 1991 оны арванхоёрдугаар сарын 16-нд тусгаар тогтнолоо зарлаж, 1997 онд нийслэлээ Алма-Атагаас Астанад шилжүүлсэн Казахстан улсын талаар олон ч удаа уншиж, басхүү хөгжлийнх нь талаар шогшрон ярилцах хүмүүсийн ам дамжсан яриаг л сонсож явлаа. Гүүглийн илэрцээр хааяа нэг ороход өмнө харагдах “гоё” барилгууд, эсвэл хүмүүсийн ам дамжсан яриагаар энэ улсыг төсөөлдөг хүн олон бий. Эс бөгөөс тэд чинь “стан” орон шүү дээ, харин бид Ардчилсан Монгол Улс хэмээн “онгирох” хэсэг ч цөөнгүй гэдгийг ШХАБ-ын тухай яриа гарах бүрт сонсоно доо. “Худал үгийг мянга давтахаар үнэн болдог” гэгчээр иймэрхүү хандлагатай, тийм өнгө аястай олон тэмдэглэл, нийтлэл уншиж байсан учраас миний төсөөлөл ч эхэндээ тийм байсныг нуух юун. Тусгай үүргийн онгоц Казахстаны цагаар 08.55 цагт “Нурсултан Назарбаев” онгоцны буудалд газардав. Ерөнхийлөгчийнхөө нэрийг онгоцны буудалд өгчихсөн, арга ч үгүй юм даа гэсэн нөгөөх бодол эргэлдсээр... Биднийг угтан авсан казах бүсгүйчүүд тун нүд унагам цэвэрхэн царай, гайхалтай төгс биетэй аж. Хальтхан ажвал монтгор хамар, өргөн шанаа, нүд, хөмсөг. Тогтоож сайн харахаар европ төрх нь илүү тодорч харагдана. Тэд үндэстний өвөрмөц идээ болох “хөөмөл” боорцгоо барьсаар угтаж авсан юм. Ачаа тээш албаны шугамаар явах учраас автобусандаа гар тээшээ барьсаар сууцгаан, байрлах зочид буудлынхаа зүг хөдөллөө. Биднийг тус улсад суух Элчин сайдын яаманд Цэргийн атташе хийж буй хурандаа Б.Дамба гэх дөлгөөхөн зантай, бор ах угтан авч, томилолтын хоёр хоног үйлчилнэ хэмээн ёслов. Ийнхүү шинэ хот, шинэ хүмүүстэй танилцах хоёр хоног эхэлжээ. Казахстан улсын талаар уншигчиддаа товчхон танилцуулъя. Тус улс нь Төв Азид оршдог, газар нутгийн хэмжээгээр есдүгээрт ордог бөгөөд ОХУ, БНХАУ, Киргиз, Узбекстантай тус, тус хиллэдэг. Төрийн хэл нь казах, албан ёсны хэл нь Орос. Нийт 18.7 сая хүн амтай бөгөөд хүн амын нь 68 хувь нь казах үндэстэн. Тус улсад 120 гаруй үндэстэн ажиллаж, амьдардаг гэсэн тоо байх юм. Хүн амынх нь 97 хувь нь шүтлэгтэй. Тэр дундаа исламын шашин шүтдэг иргэд нь дийлэнх хувийг эзэлдэг гэдгийг Нурсултан хотын төвд шаргалтан дүнхийх Исламын шашны томоохон сүм гэрчлэх ажээ. Нийслэл Нурсултан хот нь сая гаруй хүн амтай бөгөөд Ерөнхийлөгчийн засаглалтай гэдгийг хэлүүлэхгүй мэдэх учраас танилцуулгыг энд хүргээд өндөрлөе. Бид нисэх буудлаас 15-30 орчим минут явж, орчин үеийн атлаа, эртний Оросын нүсэр том цайзыг санагдуулах загвартай зочид буудалд ирэв. 

 

“ЭМО үүрд” хэмээн тэнд нь гарч гүймээр...

“Нур Алем” буюу “Цэнхэр Халим” /Гэрэл зургуудыг Г.ГАН-ӨЛЗИЙ/

 

Онгоцны буудлаасаа эхлээд л Их сургуулиа хүртэл “Нурсултан Назарбаев” хэмээн нэрлэж, тэр ч байтугай сая гаруй хүн амтай улсынхаа нийслэлд удирдаж байсан хүнийхээ нэрийг өгсөн гэхээр л “буурал” удирдагчийн бүтээсэн бүхнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр яалтай ч билээ. “Казахстан улсын анхны Ерөнхийлөгч-Елбасы, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Нурсултан Назарбаев энэ цамхаг дээрээс өдөр бүхэн хотоо хардаг байсан юм. Тэр энэ барилгын загварыг өөрөө гаргасан. Театрын барилгыг ердөө 2.6-хан жилийн хугацаанд бариулж дуусгасан” гээд л түүний тухай үлгэр домог шиг ярилцах аж. Бидэнтэй таарсан хүн бүхэн анхны Ерөнхийлөгчийнхөө бүтээсэн, босгосон, байгуулсан бүх зүйлд гүн хүндэтгэлтэй ханддаг нь илхэн. Албан ёсны томилолт хэдий ч буудлаас буудлын хооронд, нэг уулзалтаас нөгөө уулзалт руу явах зууртаа Нурсултан хотыг бүтэн хоёр өдөр тойрсон гэхэд хилсдэхгүй. Харин тэр хугацаанд хэв маяг, загвар нь давхацсан нэг ч адилхан барилга олж хараагүй юмдаг. Европын сонгодог загвар бүхий барилгаар чимсэн “хөгшин” хот, эс бөгөөс Хятадын шинэ тутам хөгжиж буй шил толь шиг гялгар хот, тосгодыг санагдуулах хослол бүхий тийм гайхалтай цэвэрхэн хотыг ОХУ-ын түрээсэлж, тариа буудай тарьдаг байсан цэлгэр талд ердөө л 20 хүрэхгүй жилийн хугацаанд босгожээ. “Бидэнтэй ижил гараанаас гарсан юм шүү дээ” гэх бодол төрөхтэй зэрэгцэн заримдаа харуусах ч, “Бид ч гэсэн удахгүй ийм болно доо” хэмээн бодох зууртаа баярлах сэтгэл зэрэгцсээр хоёр өдрийг үдлээ. Нурсултан хотын хот төлөвлөлтийг маш сайн хийсэн бөгөөд уудам цэлгэр автозам, явган зорчигчийн уужуухан зам талбайг бий болгосон нь хотыг илүү эмх цэгцтэй харагдуулна. Гурван эгнээ автомашины зам, хажуугаар нь явган хүний болон дугуйн зам тавьж, хамгийн сүүлд ногоон байгууламж буюу мод, зүлэг тарьжээ. “Төгс утгаараа “ЭМО”-рмоор хот” хэмээн залуухан сэтгүүлч маань дүгнэв. Арга ч үгүй. Хотын хаа сайгүй цэцэрлэгт хүрээлэнгүүд харагдах бөгөөд залуусын амарч, ая тухтай байх бүх орчныг нэг дор шийдсэн байна билээ. Хот тэр чигээрээ шаргал навчаар хөглөрч, ёстой л “ЭМО үүрд” хэмээн тэнд нь гарч гүймээр. Зурагчин Г.Ган-Өлзий ахын хэлсэн шиг навчис нь өөр унах чимээг нь ч сонсмоор. Нэг тийм хөнгөн догдлолд автуулах шидтэй хот аж. Нийслэлийн төв хэсэгт Ерөнхийлөгчийн, Засгийн газрын, Парламентын ордон нь нэг дороо байрлана. Засгийн газрын яамд нь нэг том барилга дотор төвлөрсөн учраас нэг яамнаас гараад нөгөө яам руу очих гэж түгжрэхгүй байхаар шийдсэнийг Монголдоо хэрэгжүүлээсэй, очоод бичнэ ээ гэх бодол салсангүй. Нурсултан хот сая гаруйхан хүн амтай. Харин Алматы хотод амьдрал ид буцалж байдгийг Б.Дамба хурандаа хэлж байсан юм. Хүн амынхаа тоогоор Улаанбаатар хоттой адилхан ч тэнд түгжрэл алга. Стресс, бухимдал, утааны тухай яриад ч хэрэггүй. “Зам, талбайн зай багтаамж нь ийм өргөн учраас, барилга байшин нь сонирхол татах загвар, дизайнтай, хоорондох зай нь хол учраас хүмүүс нь ийм тайван, амгалан юм болов уу” гэсэн дүгнэлтийг хийцгээлээ. Ижил тэгш гараанаас нэгэн цаг хугацаанд уралдан гарсан атлаа бид энд түүхий нүүрсээ ярьж, харин тэд технологийн хөгжлөөр 20 жилээр хол түрүүлснийг л хамгийн сайн ойлгов. Залуусынх нь харилцаа, хандлага элгэмсүү юм аа. Ерөнхийдөө бусад “стан” орнуудыг бодвол асар хурдан соёлжжээ. Цус холилдсон учраас нуруулаг, царайлаг охид залуус нь хотын нэгэн чимэг гэлтэй. Хятадын ихэнх хотуудад аялах, ажлаар явахад хэлний бэрхшээл асуудал болдог. “Бие засах газар” гэдгээ ч англиар хэлж мэдэхгүй залуус ч олон бий. Харин бидэнд хэлний бэрхшээл төдийлөн гарсангүй. Хүн бүхэн хагас, хугасхан ч гэсэн орос хэлний мэдлэгтэй учраас ойлголцчихно. Түүнчлэн, худалдааны төв, үйлчилгээний газарт ажиллаж буй залуус нь англи хэлийг төгс биш ч тодорхой хэмжээнд сурсан учраас англи хэлтэй, оросоор ойр зуурхан ярьчихдаг бол тэнд амьдрахад асуудал гарахгүй юм билээ. Монголын 8000 гаруй иргэн Казахстан улсад ажиллаж, амьдарч байна. 

 

“Жошы” хааны хүндлэл 

Хан Шатыр худалдааны төв /Гэрэл зургуудыг Г.ГАН-ӨЛЗИЙ/

 

Зочид буудлын гадна зогсох биднийг зүглэсээр 50 гаруй насны эмэгтэй тун ч хурдан алхсаар ирэв. Тэрбээр, биднийг “Монгол уу” хэмээн асуугаад хамт явсан сэтгүүлч бүсгүйг тэврэн авах нь тэр. Түүний мөрөөдөл нь Монголд очиж үзэх аж. Учир нь аав нь монгол, ээж нь казах. “Би монгол хүн” хэмээн ихэд баяр хөөртэйгөөр ярьж, аавынхаа төрсөн нутагт очиж үзэхийг хүсдэг гэдгээ хэлж байлаа. Манай сурвалжлах баг Казахстаны хөлбөмбөгийн шигшээ багийнхантай нэг буудалд байрлажээ. Өглөө биднийг буудлаас гарахаар зогсож байх үед хөлбөмбөгийн тамирчид нь “Бид бол шошго хааны удам, монгол цустай” хэмээн баярлан ярьцгаана. “Жошы” хэмээх нь Монголын Галдан бошигт хаан, эсвэл Зүчи хаан бололтой. Казах үндэстэн нь XVI-XVII зуунд Зүүн гарын хаант улс буюу Ойрадын харьяанд багтаж байгаад XVIII зууны дунд үеэс Оросын эзэнт гүрэнд эзлэгдсэн түүхтэй. Тиймдээ ч бцус нэгтэй, овог нэгтэй ахан дүүс хэмээн маш элгэмсүү угтах ажээ. Хотын хаана ч очсон “миний өвөө монгол, би монгол хүн” хэмээн хамт зургаа авахуулахыг хүсэх олон хүнтэй та тааралдаж мэднэ. Нурсултан хотын хамгийн алдартай стейктэй газарт үдийн хоол идэхээр ороход зөөгч залуу мөн л “монгол цустай” гэдгээ ойлгуулж, хамгийн хүндтэй зочид нь ирсэн мэт хөл алдан дайлах нь тэр. Өмнө хэлсэнчлэн, нэг хаалгаар ороход таныг маш эртний түүх, дурсгалууд угтаж авна шүү, зургийн аппарат, эс бөгөөс гар утсаа байнга цэнэгтэй байлгахаа мартуузай. Дайны үед хэрэглэж байсан гурван дугуйт, ЗСБНХУ-ын түүх буюу В.И.Лениний хөшөө, бичгийн машин, рекорд, рубин, рассвет зэрэг хуучны зурагт гэх мэтээр түүхэн дурсгал, мөнгөн тэмдэгт, тамхи, шүдэнз, ном зэргийг ханаараа дүүрэн өрчихсөн зоогийн газарт хооллох жишээтэй. Харин өдрийн хоолны үеэр дахиад л өөр орчинд очно. Оросын эртний хаадын цайзад хоолоо идэж болно. Энэ мэтээр барилга бүхэн, тэр ч байтугай ресторан, зоогийн газар нь ч өөр хоорондоо харилцан адилгүй, дахин давтагдахгүй загвар, дизайныг бүрдүүлж чадсан учраас уйдах зав танд гарахгүй л болов уу. Харин тэндээсээ гараад нөгөө хаалгаар ороход өмнөөс чинь цоо шинэ технологи, орчин үеийн ярьдаг робот угтан авна.  

 

Төв Азийн нэгэн “сувд” тэнд босчээ 

Шинэ хотын ерөнхий төлөвлөлтийг Японы нэрт архитектор Кишо Күрокава гаргасан бөгөөд анхны Ерөнхийлөгч-Елбасы Нурсултан Назарбаев хотын ерөнхий өнгө төрхийг Евроазийн хэв маягийг өрнө, дорнын соёл уламжлалтай хослуулан байгуулахыг зөвлөсөн гэнэ лээ. Нурсултан хотыг зорьж буй хэнбугай ч хамгийн түрүүнд зорьж очин үзээрэй хэмээн цөөн хэдхэн газрыг онцлон нэрлэе. Нэгдүгээрт, хотын төв хэсэгт байрлах Байтерекийн хөшөө. Анхны Ерөнхийлөгч нь өөрөө загвар дизайныг нь гаргасан энэхүү хөшөө хотын хамгийн алдартай барилгуудын нэг. Мөн Их Британийн нэрт архитектор Норман Фостерын бүтээсэн Энхтайван, эв найрамдлын ордонг мөн зорьж үзэх нь зөв байх шүү. Казахстаны үндэсний музейн гол дурсгалын нэг болох “Иссыкийн алтан хүн”-ий малгайнаас загвар авсан “Хан Шатыр” худалдааны төв ч хотын үзэмжит барилгуудын нэг. “Думан” аквариум, “Астана арена” буюу хөлбөмбөгийн талбай бүхий спортын цогцолбор, Төв Азид хоёрдугаарт ордог исламын шашны “Хазрет Султан” сүм, Католик шашны “Гэгээн Мариягийн сүм”, “Нур Алем” буюу “Цэнхэр дэлхий” гэх өвөрмөц дизайн бүхий нүсэр байгууламжаар заавал ороорой. Шинэ тутам хөгжиж буй сансарын, нарны, салхины, усны эрчим хүчийг хэрхэн ашиглах талаар өнөөгийн болон ирээдүйн төсөөллөө багтаасан давхар бүр нь таныг уйдаахгүй. “Ирээдүйн Нурсултан” хот ямар хэмжээнд хүрэх, ногоон технологийг ашигласнаар хаана хүрч болохыг харуулсан технологийн шийдлүүд нь таныг хугас өдөр лавтай уйдаахгүй юм билээ. Мэдээж, Төв Ази дахь хамгийн том театрт тооцогдох “Астана Опера” театрыг энд орхиж боломгүй. Эртний Ромын хаад, хатад л ийм лоож дотор сууж байсан биз гэмээр гайхалтай, чамин тансаг лоож нь театрын гол амин сүнс гэлтэй. Казах үндэсний өнгө төрхийг дэлхийн сонгодог хэв, загвартай хоршуулсан энэхүү нүсэр театрыг ердөө 2.6 жилийн хугацаанд л барьж, ашиглалтад оруулжээ. Мөн л гадны архитекторыг урьж бариулсан байгаа юм. Нурсултан Назарбаев Ерөнхийлөгчийн хот байгуулахдаа барьсан нэг арга барил нь хотын гол барилга, хожмоо түүхэн дурсгал болох барилга бүрийг гаднаас архитектор урьж, бариулжээ. Ингэснээр өөр хоорондоо харилцан адилгүй, өвөрмөц хэв маягтай атлаа үндэсний онцлогоо хадгалсан барилгууд ердөө л 10 хүрэхгүй жилийн хугацаанд сүндэрлэсэн нь тэр. Аяллын төгсгөлд бидний орсон газар бол 74000 мкв талбайтай, есөн давхар Үндэсний музей байв. Мөн л Төв Азидаа хамгийн залуу атлаа, хамгийн нүсэр гэж хэлж болохуйц тус музейд Алмата хотын ойролцоо Иссык гэх газраас олдсон “Иссыкийн алтан хүн”-ээс эхлээд олон дурсгал, түүхэн олдвор, өв соёлын үнэт зүйлсээ багтаажээ. Хуучирч муудсан барилга бүхэн үнэ цэнтэй байдаггүйг, өв соёлоо хадгалах музей, теарт гэдэг ямар хэмжээнд, ямар стандартаар баригдах ёстойг тэнд очсон хүн л ойлгоно. Хожмын нэг өдөр Нурсултан хотыг зорьсон хүн бүхэн нэг хүний “дарангуйлал”-тай стан орон гэсэн жижигхэн цонхоор бус шинэ тутам хөгжиж буй, Төв Азийн нэг “сувд” гэсэн нүдээр хараасай хэмээн хүсч бяцхан тэмдэглэлээ өндөрлөе. Миний хараагүйг та харж мэднэ. Миний нүдээр бус өөрийн нүдээр орчинг нь мэдрэх цагт илүү өөр мэдрэмж авах нь дамжиггүй. Хүн үхэх цагтаа “Ахиухан амарч, арай олон газраар аялах минь яав даа” хэмээн харамсдаг юм гэнэ лээ. Казахстан улс руу 90 хоногийн хугацаанд визгүй зорчиж байгаа. Мөн шууд нислэгийн гарц ч нээгдчихлээ. Тэгэхээр аялах дуртай хэнбугай ч яг одоо үүргэвчээ үүрээд, орос хэлний толь бичгээ өвөртлөн, цөөхөн хэдхэн тэнгэ халааслаад гараарай. Яг одоо Нурсултан хотод навчсын унах өөр чимээ илүү тод байгаа. Залуу хосууд ч “ЭМО”-рмоор байвал тийшээ хөтлөлцөөд яваарай. Эцэст нь нэг л зүйлийг хэлье. Улаанбаатар хотоо тэлье, дагуул хотоо баримаар байна. Нурсултан шиг нэг хот байгуулаад өгчихвөл НурЖагаа, НурТулга, НурСүх гээд л хэн нь ч нэрээ өгсөн бид хүлээн зөвшөөрнө. 

Кош бол Нурсултан, куанышпен көрескенше.